УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлачихсан энэ үед гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хаврын чуулганаар өргөн барих хуулийн төсөл дээрээ нэлээд их цаг зарцуулан сууж байх шиг. Таны хувьд энэ цаг үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Юуны өмнө нийт монголчууддаа бар жилийн мэнд хүргэе. Цагаан сарын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдлаа. Үүгээр ахмадын тэтгэврийн асуудлыг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Засгийн газрын өргөн барьсан хуулийн хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш болгосон. Миний хувьд чуулган завсарласан энэ үед тойрогтоо болон хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Тойрогтоо ажиллаад явж байхад ахмадууд маань их баяртай хүлээн авч байгаа нь энэ ажил үнэхээр цагаа олсон зөв шийдвэр болсон гэдэг нь ажиглагдаж байна. Чуулган завсарлачихлаа гэхээр зарим хүмүүс УИХ-ын гишүүд амарчихдаг юм шиг бодоод байдаг. Бид харин ч хуулийн төсөл дээрээ илүү сайн ажиллах цаг гарч ирдэг.
УИХ-ын даргын захирамжаар батлагдсан эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хурлаа хийлээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үндсэн 12 журам, хууль үйлчилж байна. Үүний зарим нь бүр 2010 онд батлагдсан хуучин шинэчлээгүй хуулиуд байх жишээтэй. Тиймээс эдгээр хуулиудын хаана ямар өөрчлөлт оруулж байж, энэ салбарыг дэлхийн хөлтэй нийлүүлж явах вэ гэдгээ ярилцлаа.
-Үнэхээр эрүүл мэндийн салбарт эрх зүйн шинэчлэл үгүйлэгдэж байгаа шүү…
-Эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн тухай хуулийг боловсруулах шатандаа явж байна. Энэ хуулийн нэг томоохон сэдэв бол эрсдэлийн даатгал юм. Тухайлбал, эмч хүн ажлаа хийж байгаад өвчтөн эрсдэх тохиолдолд тэрийг даатгах тухай асуудал байж байна. Өөрөөр хэлбэл, эмчийг хамгаалах даатгал атлаа цаагуураа үйлчлүүлэгчийг хамгаалах тухай хууль юм. Жишээлбэл, эмчийн алдаанаас болоод үйлчлүүлэгчид хөнгөн гэмтэл гарсан бол 30 сая, хүндэвтэр алдаа гарсан бол 40 сая, маш хүнд байвал 50 сая төгрөгийн нөхөн олговор нэхдэг ийм журам байдаг. Үүнийг хуульчилж, эмч даатгуулдаг байх ёстой. Нөгөөтэйгүүр үүнийг заавал хуулиар батлахгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дангаараа шийдэх, зохицуулаад яваад байх боломж байхгүй юм. Бидний ажиллаж байгаа өөр нэг томоохон хууль бол Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль. Өнөөдөр Монголын зах зээл дээр байж байгаа эмийн чанаргүй байдалтай холбоотой хууль шүү дээ. Энэхүү хуулийн төсөл дээр нэлээд их цаг заваа зарцуулж байна. Энэ мэт эрүүл мэндийн салбарын эрх зүйн тухай хуулиудыг энэ ондоо багтаагаад батлуулахаар ажиллаж байгаа юм.
-Цар тахлын өвчлөл буурахгүй байгаа ч сүүлийн хувилбарууд нь өмнөхөө бодвол айхавтар хүндээр илэрч байх нь бага юм болов уу гэж харж байна. Ер нь тахлын цаашдын нөлөөлөл, хандлага ямар байхаар байна вэ?
-Таны хэлдэг үнэн. Өвчлөл буурахгүй байгаа ч хүндэрч байгаа өвчтөн харьцангуй бага байна. Гэхдээ бид тойрогтоо ажиллахдаа аль болохоор олон хүн цуглуулахгүй, зөвхөн тодорхой газарт очиж уулзалтууд хийх зэргээр халдварын дэглэмээ баримтлан ажиллаж байна. “Ковид-19” вирус хувьсан өөрчлөгдсөөр байгаад омикрон дээр ирчлээ. Үүнийг ажиглахаар олон хүмүүсийг хурдан өвчлүүлж, халдвар тархааж байгаа ч гэсэн хүндрэх эрсдэл болон нас баралтын түвшин бага байна. Сүүл рүүгээ бүр ханиад томуутай төстэй болчихлоо. Нөгөө талаасаа энэхүү вирус хүнтэй дасан зохицох гэж байгаа оролдлого байнга хийгээд байна гэж харж болох юм. Тухайлбал, ковид анх гарахдаа маш хэрцгий байлаа шүү дээ. Туссан хүн шууд хатгаа авч, хүндрээд дархлаа султай хүмүүс хэвтэрт орж хүндэрсэн. Харин одоо вирус эзэн биеэ хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй байгаа нь хүнтэй дасан зохицох оролдлого хийж байгаагийн илрэл юм. Үүнийг ойлгоход жаахан төвөгтэй байж магадгүй.
-Д.Нямхүү эмч “Энэ вирус гэдэг чинь амьтай, өөрсдийн гэсэн ухаантай” гэж хэлж байсан. Та бас энэ өнцгөөр нь ойлгуулах гээд байна уу даа…
-Дэлхий дээрх амьд организмын ганц ижил шинж нь үржих. Ямар ч амьд амьтан бүгд үрждэг. Үржиж л байвал тэр амьд организм гэсэн үг. Тэгэхээр ковид гэх вирус үржихийн тулд эзэн биеэ хайрлах хэрэгтэй байгаад байна шүү дээ. Анх гарахдаа аюултай хэрцгий байснаасаа болж туссан хүн бүрээ хүндрүүлж, үхүүлээд байсан бол одоо тийм биш болчихлоо. Өөрөөр хэлбэл, эзэн биеэ үхүүлэхгүй, хэвтэрт оруулахгүй байгаа нь дасан зохицож байгаагийн илрэл юм. Өөрөө бас амьд организм болохоор дэлхийгээс устчихгүй гээд үзээд байна шүү дээ. Устахгүйн тулд эзэн биетэйгээ буюу хүнтэй дасан зохицохоос өөр аргагүй юм. Цаашид ковидын вирус аюултай, хэрцгий хувилбараар гарч ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс энэ вирус аажимдаа энэ ондоо дуусчих байх аа. Гэхдээ дуусчихна гээд санаа амар сууж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, маскаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж болж өгвөл гурав, дөрөв дэх тунгаа хийлгүүлчих шаардлагатай.
-Сая ээлжит чуулганаар ахмадын тэтгэврийг нэмсэн. Нэмэхдээ эдийн засгийн боломжиндоо тааруулж нэмсэн үү. Үүнээс илүү, ахиухан нэмэх боломж байв уу?
-Үнэхээр боломжоо шавхлаа гэж харж байгаа. Томоохон төслүүдээсээ 15 хувийг нь татчихаж байгаа юм. Өнөөдөр 350 мянган төгрөг аваад амьдрах нь ахмадуудад үнэхээр хүнд байсан. Эмч хүнийхээ хувьд бодоход зүгээр элэгний хагалгаа хийлгэсэн ахмад хүн эмнэлгээс гараад уураг аваад ууя гэхэд л 10 хоног уух уураг авах мөнгө шүү дээ. Үүнээс харахад амьдралын доод түвшнээс доогуур амьдралтай байна гэхээр амьд явах баталгаагүй болчих гээд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачилга цаг үеэ оллоо л гэж бодож байна л даа. Ер нь бол тэтгэвэр гэдэг бол өөрийнхөө тушаасан мөнгөө сүүлд нь буцааж авч байгаагийн л хэлбэр. Тиймээс цаашид инфляцитайгаа уялдуулаад тэтгэврээ нэмж байх бодлого бол зөв.
-Тэтгэвэртэй холбоотойгоор нийгэмд хүсдэг нэг зүйл байдаг. Тэр нь тэтгэврээ авч чадалгүй нас барчихлаа гэдэг. Үүнийг нь өвлүүлэх, олон жилийн тооцооллоор бодож ар гэрт нь нөхөн олгодог болгомоор байна гэдэг. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Тэтгэврийн бодлогын том шинэчлэл угаасаа хүлээгдээд байгаа юм. Манай нам сонгуулиар ялж гарч ирэхдээ энэ тэтгэврийн шинэчлэлийг хийнэ гэж амласан. Бидний амласан тэтгэврийн гол бодлого бол тэтгэвэр өвлөгддөг байх юм. Таны хэлдгээр ажиллаж, ажиллаж хураалгасан мөнгөө буцаагаад авч чадалгүй өнгөрчихөөр үнэхээр харамсалтай л даа. Тиймээс үүнд энэ удаагийн Их хурал тодорхой шинэчлэл, өөрчлөлтийг хийх ёстой. Нийгмийн даатгал гэдэг бол хуримтлалын сан. Энэхүү хуримтлалын санг арвижуулах өсгөх тэр менежмэнт нь өөрөө чухал. Мөнгө байгаа тоогоороо байгаад байвал инфляциа дагаад босч чадахгүй. Тухайлбал, 2000 онд авч байсан цалин 2020 онтой харьцуулахад шал өөр шүү дээ. Тиймээс энэ хоёрыг тэнцүүлж байхын тулд инфляцийн түвшнээр нь тэтгэврийг нэмж байх хэрэгтэй болж байгаа юм. Ингэхийн тулд энэ хуримтлалын сангаа зүгээр байлгаад байж бас болохгүй. Мөнгө өөрөө мөнгө бий болгож байх ёстой. Гэхдээ хэн нэгэнд хулгайлагдаад алга болчих биш. Тухайлбал, капитал банкны жишээ шиг нийгмийн даатгалын мөнгө, Эрүүл мэндийн даатгалын мөнгөө авч чадалгүй алдчихаж байгаа биз дээ. Одоо үл хөдлөхийг нь барьцаалаад буцаагаад авч байна. Иймэрхүү эрсдэл гаргахгүйн тулд хууль эрх зүйн маш том шинэчлэл хэрэгтэй. Үүнийг хийж байж энэ өвлөгддөг тогтолцоог бий болгоно. Энэхүү хүлээгдэл маш их байгаа. Үүнийг Засгийн газар болон зарим УИХ-ын гишүүд өргөн барьсан шүү дээ.
-Энэ оноос эмч нар гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Үүний давуу тал юунд байх вэ?
-Гүйцэтгэлээр санхүүжүүлэхийн хамгийн чухал нь эмнэлгийн удирдлага бие даасан тогтолцоотой болох ёстой. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх чөлөө нь юм. Түүнээс төсвийн хуульд захирагдаад явах биш. Төсвийн хуулиас салахгүй бол гүйцэтгэлээр санхүүждэг санхүүжилтийн өгөөжийг амсаж чадахгүй. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эмнэлгүүдэд өгч буй санхүүжилт 2-10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнийг дагаад цалин нэмэгдэх ёстой биз дээ. 2-10 тэрбум төгрөг жижигхэн тоо биш. Тэгэхээр зөв гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Одоо орж ирж буй санхүүжилтийг эмнэлгийн удирдлага ажилчиндаа “наах” ёстой. Зарим газруудад эмнэлгийн тусламж үйлчилгээ, үйлчлүүлсэн иргэний тоог харахаар зөрүү байхгүй байна шүү дээ. Гүйцэтгэлээр санхүүжих нь зарим нэг сул талтай байж болно. Жишээ нь, өртгийг дутуу тооцсон байдаг ч юмуу. Аливаа шинэчлэлд цаг хугацаа ордог. Түүний өгөөжийг эргэж харж, анализ хийх хэрэгтэй.
-Тэтгэвэр нэмсэнтэй адил эмч, ажилчдын цалин нэмэгдэх үү. Та өрхийн эмч нарын цалинг хоёр сая төгрөг болгох ёстой гэж байсан?
-Эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээ гэж байгаа. Тэгэхээр өрх, суманд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргачихсан. Анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг хоёр дахин нэмчихсэн, саяны төсвийн хуулиар. Тухайлбал, манай Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлэг ойролцоогоор 10 мянган хүнд үйлчилдэг. Тэгвэл нэг иргэн 30 мянган төгрөг гэж бодоод санхүүжилт авдаг. Энэ оноос эхлээд 60 мянган төгрөгийн санхүүжилт авдаг болсон. Өөрөөр хэлбэл, 300 сая төгрөг авдаг байсан бол одоо 600 сая төгрөг авдаг болсон, өрхийн эмнэлгүүд. Одоо юу чухал вэ гэхээр тухайн өрхийн эмнэлгийн зохион байгуулалт зөв байх ёстой. Тиймээс энэ нэмэгдсэн санхүүжилтээ ажиллаж байгаа эмч, ажилчиддаа жигд тараах ёстой. Нэг үгээр хэлбэл, цалинг нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тийм боломж нь энэ оноос эхлээд хэрэгжлээ шүү дээ. Тэгэхээр одоо өрхийн эмнэлгийн эмчийн цалин 800 мянган төгрөг байсан бол 1.5 саяас дээш болно гэсэн үг.
-Цалинг нэмчихдэг юм байж. Гэхдээ иргэдийн хүссэн үйлчилгээг үзүүлж чаддаггүй. Иргэд Өрхийн эмнэлгийн эмчид итгэхгүй болохоороо хүүхдээ тэврээд шууд Эх нялхаст очдог. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ. Цалин нэмэгдээд байдаг, ур чадвар нь хоцрогдоод байж болохгүй биз дээ?
-Хамгийн гол зүйл бол итгэлцлийн асуудал юм. Яагаад итгэлцэл үүсэхгүй байгаа гэхээр эмчийн ур чадварын асуудал бас хөндөгдөнө. Үүнийг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр яагаад ур чадвар, дадлага туршлага муутай эмч нар өрхийн эмнэлэгт байна вэ гэхээр цаагуураа цалингийн асуудал л яригдах юм. Өөрөөр хэлбэл, цалин бага учир тэнд ажиллах эмч нар дадлага, туршлага авч амжилгүй явдаг. Дөнгөж төгссөн хүүхдийг бага цалингаар ажиллуулаад байдаг. Эхний жил цалингаа аваад явлаа, дараа жил хүндхэн байсан ч муу цалинтай ажиллалаа. Ингээд гурав дахь жилээсээ цалин өндөртэй газар руу явдаг. Тиймээс өрхийн эмнэлэг иргэдийн дунд итгэлцэл үүсэхгүй байгаа юм. Үүнээсээ болоод өрхийн эмнэлгийн нэр хүнд унах, цаашлаад улсын төв эмнэлгүүдийн ачаалал үүсээд байна л даа. Тиймээс өрхийн эмнэлэг анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний төвд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг дорвитой нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тэр утгаараа энэ жилээс хоёр дахин нэмэгдэх нөхцөл нь бүрдсэн гэсэн үг.
-Шинэ сэргэлтийн бодлого боловсруулж Засгийн газар, УИХ баталсан. Энэ ер нь хэр зөв, үр өгөөжтэй бодлого юм бэ?
-Зөв, судалгаатай, тооцоололтой бодлого гэдгийг би хоёр гараа өргөөд дэмжиж явдаг хүний нэг. Өвлийн олимпийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ үеэрээ Си Жиньпин даргатай уулзаад зарим боомтуудын нэвтрэх чадварыг улам хурдасгах, төмөр замын өргөн нарийн царигийн асуудлыг шийдсэн. Бид яг энэ асуудлаар улс төр хийсээр байгаад л 10, 20 жил алдчихсан шүү дээ. Энэ хооронд ямар олон боломжуудаа болон эдийн засгийн том босолтуудаа алдсан бол. Тэгэхээр бид улстөржихөөс илүүтэйгээр эдийн засгаа бодсон том бодлогуудыг хийхгүй бол бахь байдгаараа л байгаад байна. Улстөржилт, талцал хуваагдлаас хэн хожиж, хэн хохирч байна. Эцсийн бүлэгтээ Монгол Улс, Монголын ард түмэн л хохирч байна шүү дээ. Цаашид энэ нэг улстөржсөн талцсан зүйлээ болих хэрэгтэй. Бодит ажил, тооцоолол, судалгаан дээр суурилсан бодлого зохицуулалтыг цаг алдалгүй хийж, улс орныхоо хөгжлийг урагшлуулах шаардлагатай.
-Улстөрчтэй холбогдсон томоохон хэрэг үе үе гарч ирэх юм. ЖДҮ-тэй холбоотой асуудал, сүүлд Хөгжлийн банктай холбоотой асуудал бас гарч ирлээ. Ер нь улстөрчид ард түмний боломжийг хулгайлдаг үйлдэл дээр та ямар байр суурьтай явдаг хүн бэ?
-Хөгжлийн банкны хувьд МАН байр сууриа илэрхийлчихсэн байгаа. Ер нь бол зээл авсан 60 гаруй хувийг Ардчилсан намыг эрх барьж байх үед олгосон юм билээ. Гэхдээ аль нэг нам гэхээс илүүтэйгээр том бүтээн байгуулалтын санхүүжилтийн тогтолцоо банкныхаа системээр л явах нь чухал. Ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орохоороо л буруу болчихож байгаа юм л даа. Тиймээс аль болохоор улстөржихгүй, банк санхүүгийн механизмаараа л явах нь зөв. Зээл авсан хүмүүс энэ асуудлаа шийдэх ёстой. Төрийн мөнгө бол ард түмний л мөнгө. Үүнээс зээл авсан бол буцааж төлүүлэх нь л чухал.