Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй ч зөвхөн энэ бүлгийн төлөөлөл гэхгүйгээр бүх салбарт хүний эрхийг хангаж ажиллана DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярицлаа.


-126 гишүүнтэй парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болж та орж ирлээ. Юуны өмнө парламентын гишүүн болсон анхны сэтгэгдэл тань ямар байна вэ. Эхний өдрөөсөө л парламентын хүртээмжийн асуудал танд мэдрэгдсэн байх…?

-Юун түрүүнд хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийн төлөө дуугардаг “Өдрийн сонин”-ы редакц надаас ярилцлага авч байгаад талархаж байна. Миний хувьд парламентын хүртээмжгүй байдлыг анхнаасаа шүүмжилж ирсэн хүн. Энэ утгаараа ярьдаг гол сэдэв маань хүртээмжгүй нийгмийг хүртээмжтэй болгох асуудал. Гишүүний үнэмлэхээ гардан авах гээд Төрийн ордондоо орж ирэхэд хаалга, үүднээс эхлээд налуу замтай давгүй л санагдсан. Гэвч дотор орж ирээд зүгээр нэг дүр эсгэсэн хүртээмж гэдэг нь тодорхой болсон. 126 гишүүн үнэмлэхээ гардаж авахаас 125 гишүүн тайзан дээр гарч үнэмлэхээ гардлаа. Нэг хүн заалнаас авсан. Энэ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэдэг явцуу өнцгөөр ойлгох боломжгүй. Ерөөсөө хүний эрхийн зөрчил үүнээс илэрч харагдаж байгаа юм. Мэдээж тайзан дээр гарч үнэмлэхээ авлаа гээд өөр болохгүй л дээ. Гэхдээ ялгавартай байдал үүсч байгааг л үүгээрээ хэлэх гээд байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ бол хувь Ж.Баясгалан гэдэг ганц хүний асуудал биш. Монгол Улсын 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэгэхээр энэ бол тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудал байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардаж аваад баярлаж байгаа нь царайнаас нь тодорхой харагдсан. Харин таны хувьд төдийлөн баярлах эмоци үүссэнгүй гэж хэлж байна уу?

-Парламентын есөн удаагийн түүхэнд хүмүүс гишүүн боллоо гээд бүгд л баярлаж байсан байх. Харин эхнийхээ өдөр гомдолтой байсан анхны хүн нь магадгүй би болов уу гэж бодож байна. Хатуухан хэлэхэд ийм байна.

Ер нь асуудлыг хатуугаар хэлэх хэрэгтэй. Бид өнгөрсөн жилүүдэд аливаа асуудлыг дандаа мөлгөр байдлаар хэлж, хэлэлцэж ирсэн. Одоо бурууд хатуу байх цаг болсон.

-Таны хувьд яах аргагүй энэ парламентын нэгэн шинэ дүр төрх мөн. Нөгөөтэйгүүр танаас энэ бүлгийн хүмүүсийн асуудлыг бодлогын түвшинд шийдэх өндөр итгэл, хүлээлт бий. Энэ утгаараа таны ойрын хийхээр зорьж байгаа эрх зүйн өөрчлөлтүүд юу байна вэ?

-УИХ-ын гишүүн гэдэг мэдээж хууль тогтоогч. Нөгөөтэйгүүр иргэд маань намайг жүжигчин хүн гэдгийг мэдэх байх. Мөн би эрх зүйч мэргэжилтэй хүн. Энэ утгаараа миний хамгийн эхэнд хийх ажил маань Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах. Зөвхөн энэ хуулиа засаж, өөрчлөөд л явах хэрэгтэй. Өөр шинэ эрх зүйн орчин бий болгох шаардлага одоохондоо байхгүй. Монгол Улсад хууль ихдэх үү гэхээс дутаагүй. Гагцхүү энэ олон хуулийн хэрэгжилт дээр л асуудал бий шүү дээ. Тэгэхээр дээрх хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг, хүртээмжийг хангасан тодорхой заалтуудыг тусгаж өгнө. Ямар асуудал байгааг биеэрээ өнөөг хүртэл мэдэрч, туулж явж байгаа. Тэгэхээр яг энэ асуудлаа хуульд оруулж өгнө. Нөгөөтэйгүүр УИХ-аар хэлэлцэх, шинээр хуулийн төсөл боловсруулах бүх ажилд миний бие орж ажиллана. Ингэснээр намайг сонгосон шалтгаан бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ л ерөөсөө төлөөллийн гол амин сүнс. Хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа вэ гэдэг рүү чиглэн хууль болгон дээр саналаа хэлж, өөрийнхөө өнцгийг гаргаж оролцоно.

-Засгийн газрын бүтцийн асуудал яригдаж байна. Үүнийг мэдээж эрх баригч нам дотроо ярих нь тодорхой. Янз бүрийн чиг үүрэгтэй яам байгуулагддаг. Та түрүүн хэлсэн 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэж. Гэтэл өнөөдөр эдгээр иргэдийн асуудлыг бодитой, дорвитой шийдсэн зүйл алга байна. Таны хэлдгээр нүд хуурсан, хэлбэр төдий байдлаар аргалж ирсэн гэдэг бол үнэн. Тэгэхээр яг энэ чигийн бодлого, шийдвэрийг зангидсан яам байгуулагдах боломж юу байдаг бол?

-Юуны өмнө Засгийн газрын бүтцийн хувьд Ардчилсан намын барьж байгаа нэг гол бодлого бий. Энэ бол төр данхар биш, цомхон мэргэжлийн байх ёстой гэдэг зарчим. Өөрөөр хэлбэл, яам нэмэх бус цөөлөх бодлого барьдаг гэсэн үг. Гэхдээ зайлшгүй асуудал нь овоорсон нийгмийн салбарт бодлогын түвшинд яам нэмэх асуудал байж болно. Гэхдээ нэмэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийж, шаардлага байхгүй яамдыг татан буулгах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган хүн байна гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Энэ хүмүүсийн цаана ар гэр нь бий. Өрх, айл гэж ойлгох хэрэгтэй. Энэ өрх маань Монгол Улсын өрхийн 13-14 хувийг эзэлж байна. Энэ бол маш том нийгмийн бүлэг, маш том асуудал. Тэгэхээр энэ бүлгийн эрх ашгийг хамгаалсан яам байх ёстой гэж үзэж байна. Хэрэв энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх чиг үүрэг бүхий яам бий болбол асуудал маш хурдан цэгцэрнэ гэж харж байгаа. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Үүгээрээ дамжуулаад хуульд өөрчлөлт оруулна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал, зөвлөмж, хүсэлтийг нь авсан. Өчнөөн судалгаа хийлгэдэг. Яг ингээд хуулийн төсөл бэлэн болоод өргөн барихдаа иргэдээс авсан санал, шийдлийг хасаад оруулчихдаг жишээ олон байна. Зүгээр л дүр эсгэсэн хандлага маш их байдаг. Үүнийг л таслан зогсоохын төлөө би энэ парламентад орж ирсэн гэж өөрийнхөө үүргийг ухамсарладаг.

-Дүр эсгэсэн хандлага гэдгийг та тодорхой жишээгээр хэлбэл юу байна. Өдөр тутмын амьдралаас харагдаж байгаа асуудал гэвэл…?

-Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гээд төрийн бүх албан байгууллага, яамд гадна үүднийхээ шатны дэргэд налуу замтай болсон байдаг. Аль яамны үүдний шат налуу замтай байна вэ гэдэг нь гаднаасаа харагдана. Мэдээж бид баярлана. Гэтэл дотор нь ороод асуудал бахь байрандаа. Гаднаа хүртээмжтэй мэт харагдсан боловч дотроо ороод хүртээмжгүй. Үүнийг л хэлбэр хөөсөн, дүр эсгэсэн хандлага гэж хардаг. Үүнээс л хүний эрхийн зөрчил үүсдэг. Тиймээс энэ асуудлыг шийдэх цаг нь иржээ гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр налуу замтай, налуу шаттай байна гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэж нэг талын өнцгөөс хардаг. Тэгвэл тэр налуу замаар нялх хүүхдээ тэргэн дээр нь суулгаад аваад орж болно. Ажилчид нь ачаагаа зөөхдөө ашиглаж болно. Настнууд тэргэнцэр дээр суугаад гарч болно. Гэтэл манайд нялх хүүхдээ тэрэгнээс нь авч тэврээд шатаар гардаг тохиолдол олон. Харахад, ярихад энгийн асуудал мэт боловч цаагуураа энэ бол хүний эрхийн зөрчил гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс налуу зам гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дан ганц асуудал огт биш.

-Олны анхаарлыг татаж байгаа гол сэдэв бол шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг асуудал байна. Хамтарсан засаг байгуулагдах асуудал дээр та гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчиллын гол зарчим бол хүний эрх, эрх чөлөө. Тэр утгаараа Ардчилсан нам олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Манай намыг зодоонтой, хэрүүлтэй гэж шүүмжилдэг. Манайхаас илүү МАН аймшигтай зодоонтой нам. Ардчилсан намаас ялгаатай нь тэр дүрээ бусдаас маш сайн нууж чаддаг. Таны асуусан хамтарсан засагт орох асуудлыг манай намын Үндэсний бодлогын хороо хэлэлцэж шийдвэр гаргана. Мэдээж энэ шийдвэр ил тод явагдана. Миний хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэхээр ийм байна. Өнгөрсөн найман жилийн алдаа завхралыг засаарай, хүчтэй сөрөг хүчин байгаарай гэж ард түмэн Ардчилсан намыг сонгосон. Сөрөг хүчин ямар байх ёстой вэ. Засагт орохгүйгээр гаднаас нь хийж байгаа юм бүхнийг нь шүүмжлээд, орилж явснаараа сөрөг хүчний ажлаа сайн хийлээ гэж би хувьдаа ойлгохгүй.

-Тэгэхээр таныхаар бол хамтарсан засагт орж ажиллаж байж сөрөг хүчний үүргээ илүү сайн гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм уу?

-Энэ бол дан ганц Ж.Баясгалан гэдэг хувь хүний бодол шүү. Манай намд Засгийн газарт орж, мэргэжлийн түвшинд ажиллах хангалттай хүний нөөц бий. Тиймээс хамтарсан засагт орж ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр засагт орж ажиллаж байж тэр доторх булхай, луйвар, хулгай бүхнийг ил тод болгож чадна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамд орж байж л ковидын үеийн 20 их наядын төсвийг хаашаа яаж зарцуулагдсаныг ил тод болгох боломжтой. Үнэхээр 20 их наяд юм уу. Бид гаднаас нь орилоод байдаг, тийм үү. Үүнээс их дүн байгаа ч юм уу бид мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, бид гадна байгаа учраас Ардчилсан нам, ард түмэн хоёр яг ижил нүдтэй байна гэсэн үг. Тиймээс бид дотор тал руу нь шагайж, өнгийж орж байж энэ асуудлыг шийднэ. Дотор нь орж ба сөрөг хүчний дуу хоолойгоо улам тод илэрхийлж чадна гэж хувьдаа бодож байгаа. Миний хувьд Засгийн газарт ямар нэгэн байдлаар орох сонирхол байхгүй гэдгээ албан ёсоор хэлье.

-УИХ дээр чиглэл чиглэлийн байнгын хороо байгуулагдана. Таны хувьд аль байнгын хороонд орж ажиллах сонирхолтой байна вэ?

-Миний хувьд Төсвийн байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хороонд орох хүсэлтээ өгсөн.

-Зарим хүмүүсийн хандлага байна. Таныг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг л ярих ёстой гэсэн. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Ийм хандлага байдаг. Би энэ хандлагыг л өөрчлөх гэж энд орж ирсэн. Миний хувьд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл биш. Нэг ийм хайрцагласан байдлаар ойлгох нь дэндүү явцуу. Миний хувьд дөрвөн хүүхдийн эцэг. Энэ утгаараа би аавуудын төлөөлөл байх ёстой. Би жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хүн. Энэ утгаараа би урлаг, соёлын салбарын төлөөлөл байна. Мөн би гуч гаруй жил бизнес эрхэлсэн хүн. Бас энэ утгаараа би бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж ажиллах ёстой. Тэгэхээр дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гэдэг нэг л өнцгөөр хандах, ойлгох нь буруу юм. Ийм хандлагыг би өөрчлөхийн төлөө, нөгөөтэйгүүр хүний эрхийг салбар бүрд хангах чиглэлд том төлөөлөл болж ажиллана.

-Бизнесийн салбарынхан таныг мэдэх нь мэднэ. Зарим хүмүүсийн хувьд таныг “Баян Баясаа” гэж дууддаг юм билээ. Энэ ямар учиртай нэр вэ. Таны хоч уу?

-Энэ бол сайхан бэлгэдэлтэй үг шүү дээ. Миний хувьд 12 насандаа анхныхаа цалинг авч байлаа. Тэр үед тоглолт хийгээд, йогаар хичээллэдэг байсан. Хамгийн анхныхаа цалинг аваад түүгээрээ халуун сав авч ээждээ өгч байлаа. Түүнээс хойш Их сургуульд орохдоо хувьдаа автомашинтай болчихсон залуу явлаа. Энэ бол хөдөлмөрийн ач. Манай аав геологич хүн. Ээж маань тооцооны нягтлан хүн. Миний хувьд элит, эсвэл сэхээтэн гаралтай хүн биш. Би ажилчин ангиас гаралтай. Тиймээс би хөдөлмөрийн үр шим, ач тус ямар байдгийг мэднэ. Удам дамжсан хөрөнгө байхгүй. Надад олдсон зүйл байх л юм бол би түүнийг бизнес хийж, хөдөлмөрөө шингээж бий болгосон гэсэн үг. Би гишүүн болохоос өмнө төрд огт ажиллаж байгаагүй. Би тендер авч байгаагүй. Яг л бизнесээрээ явсан. Таны асуугаад байгаа “Баян Баясаа” гэдгийг манай найз нар надад өгсөн нэр. Юу гэхээр би найзуудаасаа хамгийн түрүүнд хамгийн олон хүүхэдтэй болсон нь. Тэр утгаараа намайг хүүхдийн тэргэн дээр суулгаад ч багтахгүй олон үртэй шүү гэдэг байсан. Үртэй хүн баян гэдэг шүү дээ. Энэ утгаараа л намайг найзууд маань “Баян Баясаа” л гэдэг болсон. Үүнээс би ичдэггүй. Яг энэ утга агуулгыг нь мэдэхгүй хүмүүс янз бүрээр хүлээж аваад байхаар зарим үед жаахан төвөгтэй санагддаг.

Э.МӨНХТҮВШИН

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *