Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Орон нутгаас алдагдсан “Андын илч” уурхайн 49 хувийг 2015 онд буцаан авчрах үйл явцад оролцсоноос өөрөөр надтай холбох зүйл юу ч байхгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө тантай холбогдоод буй цаг үеийн асуудлаас яриагаа эхэлье. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн уурхайд хэсэг бүлэг хүмүүс хүч түрэн халдсан гэх явдлыг хууль хүчний байгууллагууд шалгаж байна. Таны хувьд тухайн орон нутгаас сонгогдсон төрийн түшээ. Тэр утгаараа энэхүү асуудлыг анхаарч үзэв үү. Яг юу болоод байна вэ?

-Надтай холбоотой асуудал ч юу байх вэ. Миний нэрийг гүтгэж, харлуулах үйл ажиллагаа гэж хэлбэл илүү тохиромжтой болов уу. Өнгөрсөн долоо хоногоос энэ асуудалд миний нэрийг холбож, гүтгэсэн. Харин энэ долоо хоногоос дахиад улам эрчтэй ч гэх үү, илүү олон сувгаар зохион байгуулалттай гүтгэж байгаа учраас тайлбар, бодит байдлыг хэлье гэж бодлоо. Нэг өглөө л босоод ирсэн чинь зарим хэвлэлээр миний нэр холбогдсон сенсацитай мэдээлэл түгчихсэн байсан. Тухайлбал, нэг хэвлэл дээр “Хятад иргэд зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байж ээ” гэх ор үндэслэлгүй зүйлд намайг гүтгэсэн мэдээллийг гаргуулсан байна лээ. Бүр ор үндэслэлгүй худал зүйл шүү дээ. Хэргийн эзэд энэ мэдээллээ улмаар санхүүжүүлж, олон нийтэд илүү өргөн хүрээгээр цацах ажлыг зохион байгуулалттай хийсэн гэж би хардаж байгаа. Энэ мэдээлэл гарсан өдөр нь би тойрог руугаа холбогдсон. Үнэхээр зэвсэглэсэн этгээдүүд ийм хууль бус үйлдэл хийв үү гэж орон нутгийн Цагдаагийн байгууллагаас тодруулсан. Тэдний зүгээс тийм зүйл огт болоогүй гэдгийг хэлсэн. Хэвлэлд ч хэлсэн байсан.

-“Андын илч” гэж ер нь ямар компани юм бэ. Та энэ компанийн талаарх мэдээллийг өгөөч. Яагаад энэ компанийн нэр нийгэмд ингэж хүчтэй гарч ирээд байгаа юм?

-Миний нэрийг холбогдуулан гүтгэж байгаа учраас мөн манай аймагт үйл ажиллагаа явуулдаг компани учраас тодорхой хэмжээгээр судалж үзсэн. Энэ компанийг анх буюу 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын VII багийн иргэн, инженер Ж.Доржсүрэн гэх хүн анх үүсгэн байгуулсан юм байна лээ. Тодруулбал, нэг ковштой, эксковатортойгоор энэ уурхайг нээж байсан түүхтэй. Улмаар тухайн үеийн байдлаас болоод энэ хүний үүсгэн байгуулсан уурхайг Хилийн цэргийн байгууллага булааж гэх үү, ямар нэгэн байдлаар авсан байдаг.

Тиймээс анх үүсгэн байгуулсан Ж.Доржсүрэн гэх хүн уурхайгаа буцааж авахын тулд 20 гаруй жил шүүх, цагдаагаар явсан гэсэн. Миний хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргаар 2008-2016 онд ажиллаж байсан. Намайг ажил авахад Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувьд лиценз олгогдчихсон байсан. Би ажлаа өгөхдөө үүнийг 17 хувь болгож бууруулж ажилласан гэдгийг онцлон хэлье. Тэр утгаараа Засаг даргаар ажиллаж байхдаа энэхүү уурхайн асуудлыг судалж үзэж байсан. Уурхай Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалттай компанид 51 хувийг нь зарсан байсан. Үүнийг яаж зарсныг би мэдэхгүй. Үлдсэн 49 хувийг олон жил хөөцөлдөж байж, 2015 онд миний бие Сүхбаатар аймгийн ИТХ-д бүртгүүлэн авч өгч байсан. Улмаар 2016 оны долдугаар сард Засаг даргын албаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн. Ерөөсөө ийм л түүхтэй. Миний хувьд ямар нэгэн уул, уурхайн асуудалд огт холбоо, хамааралгүй явдаг. Гэтэл нэг л өглөө миний нэрийг холбосон ор үндэслэлгүй ийм мэдээлэл гадуур цацагдсаныг хараад их цочирдсон шүү.

-Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн. Үүнийг зохион байгуулсан хүнийг таныг гээд байгаа. Та тэр уурхай руу хүн явуулсан юм уу?

-Тухайн мэдээллүүдэд сэтгэл сэртхийлгэм ноцтой асуудалтай миний нэрийг холбосон тул үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэхээр гүтгэлэг тараасан БНХАУ-ын иргэн Wu Xia-г шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдлоо өгсөн. Өчигдөр түүний ярианд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийн баримтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өглөө. Нэр нь гараад байгаа энэ хятад эмэгтэй нь 2018 онд тус уурхайн ТУЗ-ийн даргаар томилогдсон юм билээ. Үүнээс хойш 2021 онд шинэ ТУЗ байгуулагдсан гэсэн. Ингээд хоёр ТУЗ-ийн хооронд зөрчилдөөн үүссэн юм байх. 2018 оны ТУЗ-ийн дарга монгол нэртэй хятад эмэгтэйн нөхөр Цогоо гээд хүнд гаруудтай нийлдэг хүн гэдгийг хүмүүс ярьж байна лээ. Мөн Туяагийнх нь дор ажилладаг Энхбаяр гээд шоронд сууж байсан бас нэг хүнд гар гэсэн. Иймэрхүү хэсэг бүлэг нөхдүүдтэй очтол сүүлд байгуулагдсан ТУЗ-ийнхан бас хэсэг нөхдүүдийг авчраад хоорондоо нэлээд маргасан гэж байна лээ. Эдгээр хүмүүс нь баригдчихсан, одоо шалгагдаж байгаа юм билээ. Тэгэхээр үүнд би ямар ч холбогдолгүй. Яагаад үүнд миний нэрийг холбосныг, яагаад намайг ингэж улаан цайм ор үндэслэлгүй зүйлд гүтгээд байгааг удахгүй хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтоох байх аа.

-Сүхбаатар аймгийн өнөөгийн удирдлагууд гаднынхантай нийлж Монголын ард түмний баялгийг улсад бус амин хувьдаа ашигтай байдлаар ажиллуулсан гэх мэдээлэл явж байна. Энэ ер нь бодит уу?

-Энэ асуудалд Ж.Батсуурь гэх нэр холбогдож гадуур цацагдаад байгаа учраас анхаарч авч үзлээ. Ер нь улстөрчдийн хамгийн үнэт капитал бол нэр төр. Тэр утгаараа анхаарч олон нийтэд бодит, зөв мэдээллийг өгөхөөс гадна, өөрийн нэр төрөө худал гүтгэлгээс болоод сэвтээхгүйг зорилоо. Миний хувьд энэхүү асуудалд нэр дурдагдах шалтгаан, үндэслэл огт байхгүй гэдгийг дахин хэлье. Таны асуусан шиг үйл явдал болсон эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Намайг гүтгээд байгаа улсуудаас асуусан зөв байх. Яагаад миний нэрийг энэ асуудалд холбогдуулан зарлаад байгаа вэ гэж. Тэгэхэд тэдний зүгээс нэг л зүйлийг хэлдэг. Тэр нь бид хүн андуурсан байна гэдэг. Тэгэхээр иймэрхүү зохион байгуулалттай гүтгэлгийн ажлуудаа зогсоо. Түрүүн хэлсэн шүү дээ. Миний хувьд энэ уурхайн алдагдсан 49 хувийг олон жил хөөцөлдөж байж орон нутагт нь буцаах ажлыг хийж дуусгаснаар ажлаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн. Харин дараагийн орон нутгийн удирдлагууд 2018 онд ИТХ-ын шийдвэр гаргаад дээрх уурхайг аймгийн өмчид авсан байдаг юм билээ. Ингэж өмчилснийхөө дараа тус уурхайн ТУЗ-ийг байгуулсан байх.

-“Андын илч” компанийн ТУЗ-ийн шинэ даргатай таныг холбоотой. Тэр дундаа таны сонгуулийн мөнгийг босгох ажлыг хийж байсан гэх мэдээлэл явж байна. Энэ үнэн үү. Үнэхээр та энэ уурхайгаас сонгуулийн мөнгөө босгож байсан уу?

-Миний хамгийн эгдүүцлийг хүргээд байгаа асуудал энэ. Би тэр 51 хувийг эзэмшигч Хятадын талыг ч танихгүй, мэдэхгүй. Юуны өмнө энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгаа. Энэ шалгалтаар бүх зүйл тодорхой гараад ирнэ. Өөрөөр хэлбэл миний нэр ямар ч холбогдолгүй гэдэг нь бодитой гараад ирнэ гэсэн үг. Тэр 51 хувийн хятад эзэд нь өмнө нь ямар ТУЗ-ийн даргыг томилж байсан, дараа нь хэнийг дарга болгосон гэдгийг би огт мэдэхгүй.

-Энэ уурхайн удирдлагуудын зүгээс яагаад таныг асуудлын ард нь байна гэж нэр зааж хэлээд байгаа юм бэ. Тэдний зорилгыг та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд уг уурхайн өмнөх гүйцэтгэх захирал гэх хятад эмэгтэйг цагдаад өгчихсөн байгаа. Би энэ уурхайн асуудлаар ямар нэгэн хүнтэй уулзаж, томилгооны тохироо ч гэдэг юм уу, хэн нэгний эрх ашгийн төлөө явж байсан удаа огт байхгүй. Энэ асуудал чинь тэгж яривал намайг ажлаа өгснөөс хойш хоёр ч Засаг даргын нүүр үзэж байгаа юм билээ. Тэгэхээр намайг хамаатуулж яриад байгааг би хувьдаа андуурал явагдсан болов уу гэж ойлгож байгаа. Түүнээс биш ямар ч ор үндэслэлгүй асуудалд миний нэр холбогдох учир байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ уурхайн 51 хувь Хилийн цэрэгт байхдаа гадаадын хөрөнгө оруулалт руу шилжчихсэн гэдэг. Улмаар 51 хувийн эзэд нь монгол нэртэй хятад захирлаа өөр нэг Хятад захирлаар сольсон юм шиг байна лээ. Ингээд солигдсон хоёр захирлын тэмцэл, маргаан л явагдаад байгаа болов уу. Энэ асуудлыг сүртэй болгож, улстөрч миний нэрийг холбогдуулж байгаад харамсаж байна.

-“Андын илч” компанийн гүйцэтгэх захирал асан Туяа гэх эмэгтэй таны талаар ноцтой зүйл ярьж байсан. Таныг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед орлогчоор ажиллаж байсан Лутбаяр гэх хүний нэр дээр уурхай байж. Энэ уурхайг хятадуудад өгөх асуудлыг таныг ярьсан гэж хэлж байна лээ. Энэ үнэн үү. Ийм зүйл үнэхээр болсон уу?

-Би дахиад хэлье. Миний хувьд 2008-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд надад болон надтай хамаарал бүхий хүмүүст ямар нэгэн уурхай огт байгаагүй. Тэр яригдаад байгаа Лутбаярт ч уурхай огт байхгүй. Лутбаяр гэх нөхөр ч миний орлогч хийж байгаагүй. Энэ хүн намайг ажил авахаас өмнө буюу 2004-2008 онд орлогч хийж байсан юм билээ. Би 2008 онд Засаг даргын албыг хүлээн авч хамгийн анхны захирамжаараа энэ Лутбаярыг чөлөөлж, орлогчоороо Хосбаярыг авсан байдаг. Хосбаяр бид хоёр найман жил хамт ажилласан түүхтэй. Тэгэхээр намайг Засаг дарга хийж байх үед Лутбаяр гэх хүн уурхайтай байсан, түүний ард намайг байсан гэдэг мэдээлэл бол ор үндэслэлгүй худлаа гэдэг нь үүнээс тодорхой болж байгаа биз. Энэ асуудлыг буруугаар тайлбарлаж, бодит үнэнээс зөрсөн мэдээллийг өгөөд байгаа тэр хятад эмэгтэй угтаа 2018 юм уу 2019 оны асуудлыг яриад байгаа болов уу.

-Энэ компанийн анхны ТУЗ 2018 онд байгуулагдсан гэлээ. Тэгвэл дараагийн ТУЗ-тай таныг холбож яриад байгаа шүү дээ. Тэгэхээр та өнөөгийн ТУЗ-тай холбоотой гэж үү?

-Одоогийн ТУЗ нь 2021 оны гуравдугаар сард байгуулагдсан юм билээ. Нэгдүгээрт, энэ ТУЗ ч бай өмнөх ТУЗ ч бай ялгаагүй, надтай холбоотой нэг ширхэг ч хүн эдгээр ТУЗ-уудад байхгүй. ТУЗ нь яаж байгуулагдсаныг ч би мэдэхгүй. Хоёрдугаарт, 2021 онд байгуулсан ТУЗ гэхээр тухайн жил чинь ковидтой байсан үе. Тэгэхээр огт ажиллаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар өгдөг. Миний хувьд орон нутгаас алдагдсан “Андын илч” уурхайн 49 хувийг 2015 онд орон нутагт нь буцаан авчрах үйл явцад оролцсоноос өөр өдгөө хүртэл ямар ч холбоогүй.

Өөрөөр хэлбэл, тэр үеэс хойш одоог хүртэл ямар нэгэн хүнтэй уулзаагүй, ямар нэгэн гэмт бүлэглэлийг зохион байгуулаагүй, ямар нэгэн дарга, цэргийг томилох ажиллагаанд оролцоогүй. Өөртөө болоод бусдад ашигтай байдлаар шийдвэр гаргуулах гэж яваагүй. Хэн нэгэнтэй зочид буудалд нууц уулзалтууд хийгээгүй гэдгээ бардам хэлье. Хэрэв тэр үеэс хойш ямар нэгэн байдлаар хэн нэгтэй уулзаж, энэ уурхайн асуудлаар холбогдсон нэг ширхэг сэжим гарч ирдэг л юм бол би хувьдаа гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхэд бэлэн байна гэдгээ хэлсэн шүү дээ. Гэвч надад миний явж ирсэн амьдралын түүхэнд тийм үйл явдал огт болоогүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *