Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батсуурь: Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байгаа тул “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа талаар танай намынхан мэдээлэл хийж байсан цаг саяхан. Тэр ч утгаараа эдийн зас­­гийн хүндрэлийг нуруундаа үүрэлцэнэ гээд Засгийн газарт хамтарсан. Өнөөдрийн байдлаар эдийн засагт ямар өөрчлөлт гарч байна вэ. Ам.долларын ханш өссөөр байна?

-Монгол Улсын эдийн засаг унах процесс сүүлийн 2-3 жил үргэлжилсэн. Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ху­дал­дан авах чадвар буурлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна гэдэг сигнал нэлээд эртнээс дуугарсан. Тэр ч утгаараа манай намынхан Засгийн газарт үүнийг нь байнга анхааруулж ирсэн. Өмнөх Засгийн газар “ЭЗЭН 100” тэргүүт ажлуудыг эхлүүлсэн.

Өнөөдөр эдийн засгийн уналтад нөлөөлж буй маш олон хүчин зүйл бий. Гэхдээ хамгийн гол нь бид өөрсдийнхөө гараар өөрсдөө эдийн засгаа шавар шавхайтай нь хутган доройтуулсан гэдгийг хэлж байлаа. Мөн зарим хууль эрх зүйн орчин ч гэсэн эдийн засгийн хүндрэлийг бий болоход нөлөөлсөн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хайгуулын лицензийг 4-5 жил зогсоож байгаад сая л сэргээсэн. Бид эдийн засгийн өсөлт гаргах ажлуудыг эхнээс нь хийгээд явж байна. Гэхдээ 2-3 жил үргэлжилсэн эдийн засгийн уналтын явц ганц хоёр арга хэмжээ авангуут сэргэнэ гэж байхгүй л дээ.

-Гадны хөрөнгө оруулагч­даа хүлээхээс өөр зам үлдээгүй юм уу. Өөр ямар арга байгааг эрж хайж байгаа юм уу?

-Ялангуяа бид хөрөнгө оруулагчдаа хүндэтгэн, нэгэнт батлагдсан хууль эрхзүйн орчноо тогтвортой байлгах тал дээр алдаа гаргасан. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө өнгийгөөд харах нүүргүй болж тэр ч утгаараа дотоодын хөрөн­гө оруулагчдаа бодитой дэмжиж чадаагүй. Ийм боло­хоор өнөөдөр эдийн засаг доройтож, ажлын байр бий болгож байгаа компанийн тоо цөөрсөн. Энэ нь өөрөө хүндрэл бэрхшээлийг бий болгож байгаа л даа. Учир нь айл өрхийн хаалгаар орлого орохгүй байна. Мөнгөний урсгал нь хаалганаас тээр цаана байгаа юм. Манайх шиг жилийн дөрвөн улиралтай өвөлдөө барилга, уул уурхайн салбар нь зогсонги байдалд ордог улсад энэ нь аюулын харанга юм. Би Дорноговь аймагт очиж тойргоороо яваад ирлээ. Ажлын байр алга гэсэн хүмүүс л шогширч угтаж байх жишээтэй. Манай аймагт гэ­хэд дорвитой ажиллаж байгаа үйлдвэр гэж алга байна. Уул уурхайн салбар нь зогсонги байдалд орж, иргэд нь өр зээлэнд шавуулчихсан бай­далтай байна гэдгээ хэлж байна лээ.

-Манай орон өмнө нь гадагшаа гаргадаг байсан нүүрсний хэмжээ хэвээрээ байгаа. Харин цаанаа худалдан авах үнэ нь буурснаас болоод байна гэх зүйлийг ярьцгааж байна…

-Ер нь бол дэлхийн зах зээл байгаа өртгөөр л өгч байна. Бид олон улсад экспортлох гэхээр тээврийн асуудлаа шийдэж чадаагүй. Дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ Хятадын өөрсдийнх нь зах зээлээс хамаарч тийм өндөр биш байна. Байгалийн баялгийн үнэ дэлхийн зах зээлд үргэлж хэлбэлзэж байдаг эд. Үнэ өндөр байгаа үед нь хуримтлалаа бий болгож байх ёстой. Хуримтлалыг заавал улс гэлтгүй бүх аж ахуйн нэгж, айл өрхүүд хүртэл бий болгож байх хэрэгтэй юм. Бид байгалийн баялгийн үнэ унасан үед нөөцөө задалдаг хэлбэрт шилжиж чадаагүй. Нэг талаасаа томоохон дорвитой бодлого хэрэгжүүлж чадаагүй гэсэн үг л дээ. Бид тогтвортой, найдвартай ханган нийлүүлэгч болж чадаагүйтэй холбоотой. Манайд дэд бүтэц, үйлдвэрлэл хангалттай хөгжиж чадаагүй. Хил гаалиас хол машинаар тээвэрлээд байгаа нөхцөлд нүүрсний үнэд эерэг нөлөө гарна гэж байхгүй л дээ.

-Монгол Улс ирэх намар “defolt” буюу дампуурлаа зарлана гэх юм. Үнэхээр эдийн засаг тийм байдалд хүртлээ элгээрээ хэвтчихсэн юм уу. Байнгын хорооных нь даргын хувьд үнэн зөв мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа. Баталгаатай нөөц улам багасч байгаа болохоор Монголбанк, Сангийн яаманд Байнгын хорооны зүгээс анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын 41 дүгээр тогтоолыг баталсан. Хөтөлбөрийн дагуу богино, дунд хугацаанд хийх ажлууд юм. Засгийн газар төлөвлөгөө гарган ажиллах ёстой. Өчигдөр (уржигдар) би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод төлөвлөгөөгөө яаралтай баталж ирүүлэх, сар бүр хийж буй ажлынхаа тайлан мэдээг цаг алдалгүй явуулж байх тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэр богино хугацаанд хэрэгжүүлж чадахаас олон хүчин зүйл шалтгаална. Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд очих зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Засгийн газар, Их хурал нь хоорондоо маргаад томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулж чадахгүй байна. Гадны хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой ханддаг. Итгэлгүй болсон хөрөнгө оруулагчдын итгэлийг хэдхэн сар, ганц жилийн дотор сэргээнэ гэдэг бараг л худлаа. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад лиценз олгоод эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хоёр жилийн өмнө хүчингүй болгож хууль эрхзүйн орчин талаасаа анхаарч байгаа. Гэхдээ үүнд аюул бий.

-Ямар аюул гэж?

-Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн жил ойртох тусам гадны хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилждэг. Ямар улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарах бол, ямар арга хэмжээ авах нь вэ гээд хараад суучихдаг. Энэ нь өөрөө эдийн засгийн томоохон дарамт болж орж ирдэг. Мөн нэг хэсэг хүмүүс нь зээл нэмж авч болохгүй гэдэг ташаа ойлголтыг төрүүлээд байна. Энэ бас нэг дарамт юм. Уг нь эдийн засгийн хямралтай үед зээл авч эдийн засгийг тэлж сайжруулдаг болохоос биш ямар ч зээл авалгүй өөрсдийн байгаа боломждоо тулгуурлан өндийнө гэдэг тийм ч амар биш. Зээл авахгүй бол ард түмний амьдрал улам доройтно.

-Зээл авч болохгүй гэдгийг танай Ардын намын гишүүд л хамгийн их хэлдэг шүү дээ. Монгол Улсын өр хэрээс хэтэрлээ дахин зээл авч болохгүй гэдэг байсан. Яагаад гэнэт энэ үгнээсээ ухрах болов оо?

-Хямралд орсон орнуудыг харж байгаа биз дээ. Украин гэхэд олон мянган долларын хөрөнгө оруулалтыг хандивлагчид өгч байж эдийн засгийг нь сэргээж байна. Мөнгө оруулахгүйгээр сэргэдэг эдийн засаг гэж хаана ч байдаггүй. Хандив авах, хөтөлбөр хэрэгжүүлэх, тусламж авах, боломж олдвол зээл авах шаардлагатай. Оно­лын хувьд ч зээл авах ёстой гэдэг. Харин зээлээ зөв зарцуулах хэрэгтэй. Авсан зээлээ юунд зарцуулахаа тодорхой болголгүй зээл авах гэж байгаа бол тийм ч сайн зүйл биш.

-Өмнө нь Монгол Улс эдийн засгийн хямрал нүүрлэхэд 2009 онд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилттай болсон тухай ярьдаг. Өнөөгийн нөхцөл байдалд “Стэнд бай” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх шаардлагатай гэж байна…

-Манай байнгын хороо үүнийг хариуцдаггүй. Харин эдийн засгийн талаарх хууль эрхзүйн орчны талаар анхаарч ажилладаг. Хувь гишүүний байр суурийг илэрхийлэхэд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар ОУВС, Дэлхийн банкны мэргэжилтнүүдийг авч ирэн эдийн засгийн тооцоо судалгаан дээр ажиллуулж байгаа юм билээ. Шаардлага гарвал “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй. Энэ тал дээр Монголбанк, Сангийн яам гээд тодорхой тоо баримт дээр ажиллаж байгаа хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахдаа эмзэг ханддаг гэж хэлсэн. Саяхан Жастин Капла нарын хүмүүст Ерөнхийлөгч уучлалт үзүүлсэн. Үүнийг хүмүүс зөв, буруу гэсэн хоёр талаас нь авч үзэж байна. 35 тэрбумын татвараас зайлсхийсэн гээд байгаа. Түүнийгээ Монгол Улсад төлөхгүй гээд шүүхэд хандсан ч гэж байх шиг. Ер нь гадны хөрөнгө оруулагчид ямар байх ёстой юм. Бид тэдэнд хэрхэн хандвал үр дүнтэй вэ?

-Хууль шүүхийн шийдвэр зөв гарах ёстой. Энэ нь гадны хөрөнгө оруулагч, энэ нь дотоодын компаний хүн гэж хандах ёсгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бизнес эрхэлж байгаа бол хууль журмын дагуу татвараа төлж, хуулийг ягштал баримталдаг байх хэрэгтэй. Хуулиа дагадаг улсад бүх зүйл нь эмх цэгцтэй байж хөгждөг. Тэгэхгүйгээр далд эдийн засгийг цэцэглүүлээд, хууль зөрчин өөрсдөө манлайлаад байвал улс орон дампуурлынхаа зам руу шуударна гэсэн үг. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх хэрэгтэй.

-Хаврын чуулганы эхэнд “Эрдэнэс Тавантолгой”-г менежментийн хувьчлалаар цааш явуулахыг шийднэ. Тус компанийн 500 ажилтныг хувьчлалаар авах гэж буй компанид өгөх гэсэн боловч авахгүй гэдэг зүйлийг хэлсэн байна лээ. Гэрээ хэлцэл ямар шатанд яваа бол?

-Тодорхой мэдээлэл алга. Мэргэжлийн туршлагатай, Ерөнхий сайд хийж байсан М.Энхсайхан үүнийг хариуцаж байгаа. Төслийг гардан хариуцаж байгаа эдийн засгийн багийнханд итгэж байна. Түүнээс биш энд суугаа би юугаа мэдэх вэ. Алсаас энэ нь зөв, тэр нь буруу гэж болохгүй л дээ. Одоо хэлэлцээр хийж байгаа энэ хүмүүстээ бид итгэх ёстой.

-“Эрдэнэс Таван­толгой”-н захирал Я.Бат­суурийг АТГ-аас шалгахаар баривчилсан. Та Я.Батсуурь захиралтай хамт нэг тойрогт өрсөлдөж байсан. Парламентад ч хамт сууж байсан хүний нэг. Түүнийг хорих болсон тал дээр хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллага хуулийн дагуу ажиллаж байгаа гэж итгэхээс өөр арга байхгүй. Түүнээс би өөр юу хэлэх вэ дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан хүнээ хорьж, цагдах шийдвэрийг гаргаад л явж байсан. Хуулийн засаглал гэдэг нь бие даасан засаглал байх учиртай. Улс төрийн нөлөөгүй байгаасай. Тэд хуулиа дээдэлдэг шударга байгаасай л гэж хэлмээр байна.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *