Categories
мэдээ цаг-үе

Ж.Амгаланбаяр: Охин маань финалын шат хүртэлх үзүүлбэрүүдээ бэлдчихсэн байгаа

“Авьяаслаг монголчууд” шоуны 0829 дугаартай оролцогч А.Эрдэнэцэцэг буюу “бяцхан чоно” Энжитэй уулзахаар түүний аав Ж.Амгаланбаяртай холбогдлоо. Тэрээр гэрийнхээ хаягийг зааж өгөөд хүрээд ирэхийг хүсэв. Биднийг очиход аав Ж.Амгаланбаяр нь ажлаасаа түр гарч ирлээ гэсээр угтан авсан юм. Байшин руу нь ороход Энжигийн ээж С.Мөнх-Од бага хүүгээ харсаар хүлээж байв. Энжи охин аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг юм байна. Залуу гэр бүл Ж.Амгаланбаяр, С.Мөнх-Од нартай уулзаж ийн хууч хөөрлөө.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Энжи маань дунд охин тань гэсэн байх аа?

– Манай эхнэрийг С.Мөнх-Од гэдэг. Бид гурван хүүхэдтэй. Ам бүл тавуулаа. Том хүүг маань Болор гэдэг. Найман настай. Болор маань одоо TV9 телевизийн “Гэгээн алсын одод” нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг юм. Харин дундах нь “Авьяаслаг монголчууд” шоунд орсон манай Энжи буюу Эрдэнэцэцэг. Энжи маань манай ганц охин. Дуу, бүжигт дуртай дэггүй охин байна даа. Бага хүүг маань Манал-Эрдэнэ гэдэг. Манай охин дүүгээ Бооёо гээд байдаг юм.

-Та хоёр Улаанбаатарын хүмүүс үү?

-Би Баянхонгор аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн хүн. 1999 онд Улаанбаатар хотод орж ирсэн юм. Манай эхнэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынх. 2000 онд оюутан болж Улаанбаатар хотод ирсэн. Бид хоёр 2007 онд танилцаж нэг жилийн дараа 2008 онд гэр бүл болж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6-16 тоотод гал голомтоо бадрааж байлаа. Залуу гэр бүл ч гэсэн одоо гурван сайхан хүүхэдтэй болсон байна.

-Охиныг тань нэвтрүүлэгт орсноос нь хойш хүмүүс мэддэг болж байна уу?

-Охин маань анх “Эмээ тэгэх үү” гээд найман ангит хүүхдийн кинонд тоглосон юм. Түүнээс хойш л дуу, бүжиг, шүлэгт дуртай болсон. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт орчихсон байсан юм. Зун нь Баянхонгор орж гэр бүлээрээ амарчихаад иртэл “Авьяаслаг монголчууд” шоу гарч эхлэх гэж байсан. Охины маань нэвтрүүлэг гарснаас хойш хүмүүс илүү их таниад од болж байх шиг байна.

-Энжи гэртээ дуулж, бүжиглээд л байх уу?

-Зав л гарвал зураг зурна. Бүр залхтал зурна шүү. Аавыгаа хөдөө ажилд явахад нь өдөр өдрөөр жижигхэн цаасан дээр захидал бичээд хадгалчихна. Аав амьтай охин байгаа юм. Аавыгаа байхгүйд идсэн чихэрнээсээ заавал өгнө гээд хадгалчихна. Хаалгаар ороод ирэхэд том том нулимс унагаагаад л хүзүүдээд авна шүү.

-Багшийг нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг гэж сонссон, үнэн үү?

-Хамт авахуулсан зургийг нь хараад тэгж бодоод байх шиг байна лээ. Бага байхдаа “Эмээ тэгэх үү” гээд найман ангит хүүхдийн кинонд тоглох үед нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг эмээ нь болж солигдох гэж байсан юм шиг байна лээ. Тухайн үед авахуулсан зургийг хараад хүмүүс багш нь гээд байгаа байх. Том хүү Болор, охин Энжи хоёроо зөв яриулж, нүүр хагаруулах гэж “Golden star” сургалтын төвд явуулсан юм. Тус төвийн С.Мөнхбат, С.Осгонмөнх гэдэг хоёр багш манай хоёр хүүхдэд бүх зүйлийг зааж сургасан даа. Хоёр настайгаасаа хойш “Golden star” сургалтын төвд хичээллэж байгаа. Гэхдээ дөрвөн настай хүүхэд юм сурах нь их хэцүү гэж байсан ч аав, ээжийгээ харахгүй болохоор сураад л байдаг юм байна.

-Энжи нэлээд эрх юм аа даа?

-Манай охин бараг эрхлэхгүй шүү. Айлын ганц охин болохоор ч тэр юм уу, ер нь биеэ даачихсан. Бага дүү шигээ найман сартай байхаасаа л уйлдаггүй, ганцаараа тайван сууж байна. Жаахан том болоод ахынхаа эвлүүлдэг тоглоомоор хамт тоглодог байсан. Бид хоёроор хүүхэлдэй, барби авахуулж байгаагүй. Дэлгүүрт ороод бас чихэр авахуулъя гэж хэлэхгүй, чимээгүй байж байгаад л гараад ирнэ шүү дээ.

-Ах нь хаана сурдаг юм бэ. Сургалтандаа ч хамт явж эхэлсэн юм байна?

-Болор Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын хоёрдугаар бага сургуулийн 3б ангид сурдаг. Ах нь их сахилгагүй. Ер нь зүгээр суухгүй шүү. багаасаа л “Бяцхан ханхүү”, “Цэцэрлэгийнхээ бяцхан тод авьяастан”, “Шилдэг улаан тууз”, “2015 оны шилдэг хүүхэд”, “Дугуйлангийнхаа шилдэг жүжигчин” зэрэг шагналуудыг авсан. Уг нь хүүгээ бас “Авьяаслаг монголчууд” шоунд оруулах гэж байгаад больчихсон.

-Яагаад больчихсон юм бэ?

-Өөр телевизээр гарч болохгүй гээд нэг жилийн гэрээ хийдэг юм билээ. Манай хүү TV9 телевизэд хөтлөгч хийдэг болохоор боломжгүй байсан юм.

-“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчдийн асуултад охин тань их л хэвлүүхэн хариулаад байсан шүү?

-Хэлээд, заагаад өгчихсөн юм шиг санаа зовмоор яриад байсан. Дүү чинь хэдтэй вэ гэсэн чинь насгүй гэж хүртэл хэлж байгаа юм даа.

-Охин тань одоо хэд дүгээр цэцэрлэгт явдаг вэ?

-Одоо 119 дүгээр цэцэрлэгийн ахлах ангид явж байгаа. Өглөө 08:00-17:00 цаг хүртэл цэцэрлэг дээрээ байдаг. Ер нь дуу бүжигт дуртай. Байнга л толины өмнө зурагтаар харсан бүжгээ дуурайж бүжиглээд л байж байна шүү.

-Аав, ээж нь юу хийдэг хүмүүс вэ?

-Би барилга дээр ажилладаг. Сангийн гагнуурчин хийж байгаа. Ээж нь одоогоор бага хүүгээ хараад гэртээ байгаа.

-Хэзээнээс охиноо “Авьяаслаг монголчууд” шоунд оруулъя гэж шийдсэн бэ?

-Сургалт нь гурав дахь, тав дахь, бүтэнсайнд болдог юм. Би зав зайгаараа хүргэж өгнө. Ер нь Өмнөх “Авьяаслаг монголчууд” шоу дууссаны дараа оруулахаар шийдээд бэлдэж эхэлсэн. Бүр финалын шат хүртлээ үзүүлэх үзүүлбэрүүдээ бэлдчихсэн гэсэн.

-Эхний үзүүлбэр ямар нэртэй байсан юм бэ. Дараагийн үзүүлбэр юу байх бол?

-“Бөднө шувуу чоно хоёр” гэдэг нэртэй орос ардын үлгэр уншсан. Дараагийн үзүүлбэрийг нууц хэвээр нь үлдээсэн нь дээр байх.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Манай өвөө уртын дуу их сайхан дуулдаг байсан. Ээжийн тал бас сайн дуулна. Тэгэхээр аавынхаа талыг л дуурайсан байх даа.

А.Эрдэнэцэцэг буюу Энжи: Би ч нэг их хурдан сурдаггүй л дээ

“Бяцхан чоно” Энжитэй утсаар цөөн хором ярилцлаа.

-Тайзан дээр гарч авьяасаа үзүүлэх ямар байсан бэ. Сандарсан уу?

-Сайхан санагдсан. Сандраагүй ээ.

-Ахтайгаа адилхан хөтлөгч болох уу?

-Хөтлөгч гоё л доо. Гэхдээ би зураач болно гэж боддог.

-Чи яагаад дүүгээ Бооёо гэж дуудаг юм бэ?

-Манай дүү их хөөрхөн болохоор л Бооёо гэж дуудаг юм.

-Аав, ээждээ хайртай юу?

-Зөндөө их хайртай.

-“Эмээ тэгэх үү” кинонд тоглох гоё байсан уу?

-Анх удаа байсан болохоор гоё байсан.

-Дуу, шүлгээ хурдан сурдаг уу?

-Үгүй. Би нэг их хурдан сурдаггүй. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм уншуулж байж л сурна шүү дээ.

-Харин цэцэрлэгтээ юу хийж байна?

-Навчаар шувуу мэлхий хийдэг.

-Дараагийн шатны үзүүлбэртээ бэлдэж байгаа юу?

-Бэлдэж байгаа.

-Дараагийн шатанд нь амжилт хүсье. Заавал түрүүлээрэй.

-Баярлалаа. Би түрүүлнэ ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *