Categories
мэдээ спорт

Ж.Амарболд: Эхний ээлжинд УАШТ-ээ түрүүлж, ирэх жилийн ДАШТ-нд оролцмоор байна

Монголын жүдо бөхийн 60 кг-ын тамирчид Дэлхийд хэзээнээсээ алдартай. МУГТ Д.Нармандах, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар нар энэ жинд олимпийн медалийг эх орондоо авчирч байсан нь үүнийг илтгэнэ. Бид энэ удаа эдгээр шилдэг тамирчдын халааг авч амжилттай барилдаж буй залуу тамирчин Ж.Амарболдтой ярилцсан юм. Тэрээр 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ оны залуучуудын ДАШТ-эээс хүрэл медаль хүртээд байгаа юм.

-Бөхийн жүдо барилдааны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.

Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотод болж өнпдөрлөлөө. Тэмцээний 60 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргаар финалдсан Б.Мягмардорж бид хоёр оролцсон. Миний хувьд зургаан барилдаан хийж хүрэл медалийн болзол хангасан.

ДАШТ-нд ямар медальд хүртэх зорилготой явсан бэ. Хийсэн барилдаануудынхаа талаар яриач.

-Би энэ жилийн тухайд ямар нэгэн бэртэл гэмтэлгүй бэлтгэл тун сайн байсан. Тийм ч учраас түрүүлэх зорилготой эх орноосоо мордсон. Тэмцээний өмнө Х.Цагаанбаатар багштай залуучуудын шигшээ баг Био Комбинатад эрчимжүүлсэн бэлтгэлд гарсан. ДАШТ-ээр группийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны тамирчинд ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Пан Амеркийн аварга Бразилын тамирчинг ялж медалийн тавцанд зогссон. Тухайн тамирчны бичлэгийг барилдааны өмнө үзэхэд баруун үүрдэг, үүрсэн хүнийг шиддэг, сөхөж үүрдэг олон төрийн барилдаантай тамирчин байсан.

Ж.Амарболдын хувьд 2017 он амжит бүтээлийн жил болж өндөрлөж байна. Оны эхэнд анх удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн бол залуучуудын ДАШТ-нд хүрэл медаль хүртлээ.

Тиймээ. Надад ээлтэй жил байж өнгөрч байна. Ах нартайгаа эн тэнцүү өрсөлдөж анх удаагаа улсын аваргадаа түрүүлэсэн. Энэ амжилт надад илүү хөдөлмөрлөх юм бол олимп тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль ойрхон байна гэдгийг ухааруулсан шүү. Тэр ч утгаараа залуучуудын дэлхийн аваргаас медаль хүртлээ гэж бодож байна. Улсын аваргад түрүүлсний дараа насанд хүрэгчдийн шигшээ багт орсноор илүү хариуцлага нэмэгдсэн.

Улсын аваргын хагас шигшээ барилдаанд Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшинтэй барилдаж гурван ваззари үнэлгээ авч хожсон. Тухайн барилдааны талаар ярихгүй юу. Багш нар тань яаж барилдахыг зөвлөж байсан бэ?

Бэлтгэл сайн байсан тул сандарч тэвдээгүй. Өөрийнхөөрөө л барилдана гэж төлөвлөж байсан. Багш нарын хувьд хэвтээ барилдаанд анхаарч, санасан мэхээ даацтай хийж барилдахыг зөвлөж байсан. Барилдаан төлөвлөж байснаар үргэлжилж миний талд шийдэгдсэн дээ. Харин УАШТ-ий дараахан болсон МУГТ Д.Цэрэнхандын нэрэмжит тэмцээний үеээр Д.Амартүвшинтэй барилдахад сандарч байсан шүү. Гавьяат нэг ялагдсан юм чинь дараагийн барилдаандаа илүү бэлдэж ирсэн болов уу гэсэн айдас төрж байсан.

Дэлхийн томчуудаас ямар бөхчүүдтэй гар зөрүүлж байсан бэ?

-Улсын аваргад түрүүлсний дараагаар улсаа төлөөлж гранпри болон грандслам тэмцээнүүдэд оролцох боломж нээгдсэн. Улмаар Дэлхийн шилдгүүтэй барилдаж эхлэсэн дээ. Миний хувьд 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Рустам Ибраевтай хүч үзэж нэмэлт цагт торгуулиар хожсон. Киргизстаны нэр дээр барилддаг Оросын Отар Бестаев гээд шилдгүүдийг ялж байлаа.

-Жүдо бөхтэй хэрхэн холбогдож байсан бэ?

Миний хүргэн ах сонирхогчидын сүмогийн Дэлхийн хошой аварга н.Наранбат, нагац ах н.Алтан-Уяа хоёр маань спорт руу хөтөлж байсан. Энэ хоёр ах маань анх МУГТ Д.Батбаярын нэрэмжит “Ирээдүйн аварга”-ууд гэж тэмцээнд гуч хүрэхгүй кг жинтэй байхад маань оролцуулж байсан юм. Энэ тэмцээндээ амжиттай оролцож түрүүлсэн . Үүний дараа Ц.Шийрэв багш маань надад “чи жижигхэн биетэй юм чинь жүдо барилд” гэж хэлсэн. Ингээд л “Спортын төв ордон”-д багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж эхлэсэн дээ. Эхний нэг жилийн хугацаа амар байгаагүй. Хоёр гурав хоног бэлтгэлд яваад л сар орчим алга болчихдог хүүхэд байсан. Харин үеийнхэн маань амжилт гаргаад эхлэхээр “би яагаад болохгүй гэж” гэсэн бодол төрж өөрийгөө дайчилж эхэлсэн дээ. Тэгээд гурван жил орчим болж байж анхны хүрэл медалиа МУГД Ч.Насантогтх багшийн нэрэмжит тэмцээнээс авч байсан даа. Түүнээс өмнө бол эхний тойрогтоо ялагдчихдаг байсан.

Ямар мөрөөдөлтэй жүдо гэх их айлд орж ирж байсан бэ?

Өнгөрсөн жил олимпийн наадамд оролцдог ОУХМ Ц.Цогтбаатар, надтай улсын аваргад финалдсан Б.Мягмардож бид гурав багын найзууд. Бэлтгэлийн дараа гурвуулаа харьж явахдаа олимп дэлхийн аварга болно. Хамтдаа нэг байранд хөршүүд болж амьдарна гээд л мөрөөдөөд алхдаг байсан. Энэ мөрөөдөл маань удахгүй биелэх байхаа. Ц. Цогтбаатар маань олимп дэлхийн дэвжээнд барилдаад үзчихлээ. Б. Мягмардорж ч гэсэн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж дэлхийн оюутан залуучуудын универсад наадам эх орноо төлөөж оролцож том амжилт гаргах боломжтой гэдгээ харуулсан. Хамгийн гол нь хэн маань ч замын голоос шантарч татамигаа орхилгүй их үзүүлэхээр бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна даа.

Анх олон улсын ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Анх 2014 оны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэгдүгээр тойрогтоо Японы тамирчинд нэгдүгээр тойрогтоо ялагдаж байсан. Тэр Япон маань сая залуучуудын Дэлхийн аваргад түрүүлсэн. Би тэр тамирчинтай барилдчих юмсан гэсэн хүсэл их байсан ч чадаагүй. Миний хувьд энэ жил бэлтгэл илүү байсан болохоор ялаад “даагаа нэхчих” юмсан гэсэн бодолтой байсан юм.

Өөрийн тань хувьд залуу тамирчин. Дэлхийн шилдгүүдээс ямар тамирчнаас үлгэр дууриал авдаг вэ?

-Би сурах юм их байгаа болохоор олон тамирчин байгаа. Анх барилдааныг нь биширч байсан бөхчүүд гэвэл Японы тамирчин олимпийн гурван удаагийн аварга Тадахиро Намура, Солонгосын Ван Ки Чун нар байна. Одоо үед барилдаж байгаа тамирчдаас Шохей Оногийн барилдааныг үзэх дуртай. Эдгээр тамирчдын барилдааны бичлэг үзэж арга барилаас нь сурахыг эрмэлздэг.

Ж.Амарболдын барилдааны онцлог юу вэ?

-Би ихэвчлэн энгэр ханцуйны барьцнаас гол барилдаанаа гаргадаг. Барилдааны онцлог гэвэл хүний хийсэн мэхийг мэдэрч хариулт мэх сайн хийдэг. Мөн уян хатан чанаараа өрсөлдөгчөөсөө давуу талтай гэж өөрийгөө боддог.

-Бөхийн удамтай юу?

Яг тийм тодорсон тамирчин байхгүй ч аав, ах нар маань аймгийнхаа хэмжээнд чөлөөт болон самбо бөхөөр сайн барилдаж медаль хүртэж байсан юм билээ.

-Цаашдаа ямар мэх сурч өөрийнхөө барилдааныг баяжуулья гэж төлөвлөж байна вэ?

Өнөө цагт дан мэхэнд үнэлгээ алддаг дэлхийн хэмжээний тамирчин гэж байхаа больсон. Тиймээс угсраа, давхар мэх сурахгүй бол хүн хожиход хэцүү болсон доо.

– “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг” гэдэг шүү дээ. 2020 оны олимпийн наадмын талаар юу гэж бодож байна.

Олимпийн наадам болоход гурван жилийн хугацаа л үлдсэн байна. Мэдээж манай жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн тул хэн өөрийгөө илүү дайчилж, бэлтгэл сургуулилтаа хийсэн нь оролцох байх. Олимдод оролцож амжилт үзүүлэхийн тулд хичээнэ дээ.

Таны барилддаг 60кг-ын жингийн дотоодын өрсөлдөөний талаар.

-Олимп дэлхийн медальтай шилдэг тамирчид байдаг тул дотоодын өрсөлдөөн ширүүн байдаг. Олон улсын тэмцээний л дайтай өрсөлдөөнтэй явагддаг. Тиймээс дотоодоосоо шалгарч тив дэлхийд өрсөлднө гэдэг амаргүй даваа. Миний хувьд хамгийн чухал тэмцээн улсын аварга байдаг даа.

Ж.Амарболдын зорилго юу вэ?

Олон зорилго байгаа. Миний хэт алсын том зүйл бодохоосоо өмнө насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилтай оролцож гадагшаа барилдах эрх авмаар байна. Үүний дараа олимп дэлхий гээд том зүйл ярьж болох байх. Өмнөх даваагаа даваагүй байж хэт алсын юм яриад байж болохгүй . Өнөөдрийн хувьд эхний зорилго маань ирэх оны насанд хүрэгчдийн Дэлхийн аваргад оролцох л байна даа.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд чөлөөт цаг тун бага байдаг. Хааяа нэг арван жилийн ангийнхантайгаа нийлж кино үздэг. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө “Маш нууц” гэж кино үзсэн юм байна.

Багшийнхаа талаар?

Ц.Шийрэв багшийг маань хүмүүс ард түмний гавьяат гээд л нэрлэдэг. Шавь нар нар олон бөхийн төрөлд амжилт гаргаад явж байна. Өнгөрсөн жилийн олимпод л гэхэд ОУХМ Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, Л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн гээд гарынх нь шавь нар эх орноо төлөөлж өрсөлдсөн.

За дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга болоод ирэхэд тань дахиад уулзья.

-Баярлалаа,хичээнээ . Энэ завшааныг ашиглаад багш нар болон бэлтгэлийг маань хангаж өгдөг тамирчдадаа талархал илэхрхийлье.Мөн намайг дэмждэг гэр бүлийнхэндээ баяладаг шүү. Миний аав ээж их сэтгэл хөдлөл багатай хүмүүс. Сая залуучуудын Дэлхийн аваргаас медаль хүртээд ирэхэд юу ч болоогүй юм шиг л хүлээж авч байсан. Магадгүй надаас надаас илүү том амжилт хүлээдэг байх.

О.Дашням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *