Categories
гадаад мэдээ

Израильчууд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ DNN.mn

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг огцруулав. Нетаньяху “Дайн болж байхад ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд хоёрын хооронд бүрэн итгэлцэл байх нь урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй болоод байна. Харамсалтай нь дайны эхэнд бид маш үр дүнтэй ажиллаж байсан ч сүүлийн саруудад Батлан хамгаалахын сайд бид хоёрын хоорондын итгэлцэл алдарч Галанттай Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны талаар ноцтой санал зөрөлдөөнтэй болсон. Эдгээр зөрчилдөөн нь түүний Засгийн газрын шийдвэртэй зөрчилдсөн мэдэгдэл, үйлдлээс үүдэлтэй” гэж хэлжээ. Ерөнхий сайдын ажлын алба Батлан хамгаалахын сайдыг огцруулсан шалтгааныг “Тэдний хооронд итгэлцлийн хямрал үүссэнээс болсон” гэж мэдэгдэв. Энэ бол огт худал шалтгаан. Үнэндээ бол ерөнхий сайдын ойрын хүрээллээс ХАМАС-т олзлогдсон өөрийн иргэдийг суллах цэргийн тусгай ажиллагааны мэдээлэл алдагдаж бас энэхүү мэдээллийг өгсөн дайсны дотор ажиллаж байсан Израилийн тагнуулууд илчлэгдэж, устгагдсан нь тодорхой болсон юм. Энэ бол Израиль улсын эрх ашигт ноцтой хохирол учруулсан том гэмт хэрэг. Харин ерөнхий сайд Нетаньяху өөрийн тойрон хүрээлэгчдэд хариуцлага тооцохын оронд Батлан хамгаалахын сайдаа огцруулж, Галантын оронд өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан ямар ч цэргийн мэдлэггүй Израил Катзыг томилжээ. Мөн Гадаад хэргийн шинэ сайдаар “цүнхгүй сайд” байсан Гидеон Саар томилогдов.

Галлант огцрох болсныхоо дараа олон нийтийн сүлжээнд “Израилийн аюулгүй байдал миний амьдралын эрхэм зорилго байсаар ирсэн бөгөөд үүрд байх болно” гэж бичжээ. Нетаньяху Газын зурваст ХАМАС-ын эсрэг дайн эхлэхээс зургаан сарын өмнө Галантыг огцруулах шийдвэр гаргаж, иргэдийн эсэргүүцлээс болж буцаан томилж байсан юм. Тэгвэл энэ удаа Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан тухай мэдээ тэр дороо Израиль даяар тарж, хурдан хугацаанд Тель-Авив болон бусад томоохон хотуудын гудамжинд иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн болж өрнөв. Энэ үеэр Галант алан хядах ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг амьд суллаж авахыг Засгийн газарт уриалаад “ХАМАС-т хулгайлагдсан охид, хөвгүүдийг амьд байгаа дээр нь аль болох хурдан буцааж авах нь бидний ёс суртахууны болон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг. Барьцаалагдсан хүмүүсийг бид буцааж авах бүрэн боломжтой. Гэхдээ энэ нь биднээс хүнд хэцүү буулт хийхийг шаардана. Израиль улс эдгээр буултыг хэрхэн даван туулахаа мэднэ. Израилийн арми үүний аюулгүй байдлыг яаж хамгаалахаа мэднэ” гэж хэлсэн байна. Мөн энэ үеэр Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог дайн ид өрнөж буй өнөө үед Батлан хамгаалахын сайдыг огцруулсныг эсэргүүцсэн жагсаал төрийн эргэлт болж магадгүй гэдгийг анхааруулсан байна. Учир нь аль ч улсын иргэдийн эсэргүүцлийн жагсаал Батлан хамгаалах яамны дэмжлэггүйгээр амжилтад хүрдэггүй билээ. Харин энэ удаа Галант Батлан хамгаалах сайдын албан тушаалаа 48 цагийн дараа л албан ёсоор хүлээлгэж өгнө. Учир нь эдгээр шинэ томилгоог эхлээд Засгийн газрын хуралдаанаар оруулж, дараа нь Кнессет гэх парламент нь баталж байж хэрэгжиж эхлэх ёстой юм.

Биньямин Нетаньяху нь Израилийн түүхэн дэх хамгийн удаан буюу 15 жил гаруй хугацаанд ажиллаж байгаа ерөнхий сайд юм. Тэгвэл Ангэла Мэркэл ХБНГУ-ын Холбооны канцлерын албан тушаалыг 2005 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2021 оны арванхоёрдугаар сарын 8 хүртэл нийт 16 жил хашсан. Энэ хоёр хүн Оросыг 25 жил “удирдаж” буй Путинтэй хүзүү, толгойгоороо холбогдож өөрийн улс, ард олонд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Энэ нь ардчилсан улсуудад нэг хүнийг олон жил удирдлагын суудалд суулгаж болохгүй гэдгийг батлан харуулж буй явдал юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *