Categories
мэдээ нийгэм

Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад аваад байна. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна.

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон.

Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн гурван иргэн тэр мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа мөн очсон байна. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийлээ. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл.

Өнөөдрийн байдлаар 469 тохиолдлыг тусгаарлан хяналтад аваад байгаа. Нийслэл дэх тусгаарлан ажиглах байруудаас гадна Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий аймгуудад иргэд ажиглалтад байгаа. Нийт 255 сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг сүүлийн гурван жилийн дунджаас 1.8 дахин буурсан дүнтэй байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны хоёрдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 4-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Мөн нэмж нийт 14 хүнийг ажиглалтад авсан.

Бид сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй. Энэ бол баталгаажуулах тандалт судалгаа юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *