Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэний тэмцэл бол нөхөр эрэх процесс мөн

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийн “Пост коммунист синдром” хэмээх төгсгөлхэсгийн “Капитализм байгуулж буй социалистууд” бүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Сонины газар

Өнөөгийн монголчуудыг юм бүтээхийн төлөө тэмцэхээсээ илүү бүтээн байгуулалтыг нураахын төлөө нэгдэн тэмцэх дуртай гэж шүүмжилдэг. Үнэхээр ч тэгж харагддаг. Энэ нь хараахан унтарч мөхөж амжаагүй яваа үндэстний зөн совинтой их холбоотой юм.

Аугаа их Чингэс хаан болох замаа засч явсан Тэмүүжин хөвүүн эцгийн найз Тоорил дээр цэргийн тусламж эрж очдог хэсэг “Монголын нууц товчоо”-д буй. Өнчирч ядуурахын зовлонг амсч яваа жаал хөвүүн гэртээ байсан “гялайх” ганц хөрөнгөө барьсаар очсон нь булган дах байжээ. Судлаачид булган дах барьсан явдлыг ихэд онцолдог юм. Анчин гөрөөчин, нүүдэлч аймгийн нэр нөлөөтэй захирагч Тоорил ганц ширхэг булган дах анд унаж, Тэмүүжиний төлөө хөдөлсөн нь юу л бол?

Харин хоорондоо түнжин муутай нүүдэлчдийг байнга нэгтгэн барих хэрэгслэл хайж явдаг удирдагчид сайхан шалтаг олдсон бололтой.Мэргэдтэй дайтна гэдэг бол дундын дайснаа тодорхойлж цэргийн эвсэл байгуулах сайхан боломж. Цэргийн эвсэл байгуулж, дайн тулаанд мордох нь аймаг овгийн амьдралд нь байнга нөлөөлдөг эдийн засгийн хямралаас гарах замыг нээнэ гэсэн үг.

Юу ч үйлдвэрлэдэггүй атлаа худалдаа наймаа, чөлөөт солилцооны тогтолцоогүй нүүдэлчдийн хувьд олз ашиг олох, ногдол ашиг хүртэх уртаашаа ганц боломж байв. Тэр ганц боломжийг гоёор хэлэхэд аян дайн, байлдан дагуулалт, үнэндээ бол дээрэм тонуул ажгуу. Дайн тулаан хийхгүй байхын хэрээр эд таваарын хомсдол нүүрлэж, эв нэгдэл сулран, тарж бутрахад хүрнэ. Иймээс дайн тулаантай байх нь эдийн засгаа хөгжүүлэх, нөхөрлөлөө бататгах зам байлаа.

Манжийн эрхшээлийн хоёр зуун, Зөвлөлтөөс хараат ХХ зуун түүх болж үлдсэн ч гэсэн монголчуудын дундын дайсантай байх аргаар нөхөрлөлөө хадгалдаг эрмэлзэл арилсангүй. Арилахаар ч сургамжийн замыг туулсангүй. Манж нар, Зөвлөлт нь хүн ардын “албан бус дайсан”-ы үүргийг хангалттай биелүүлж байсан учраас дайснаар цангасан явдал гарсангүй. Нөгөө талаар Монголыг ээлжлэн хянаж байсан хүчирхэг хөршийн хараа хяналт нь дотооддоо эвдрэлцэх боломж олгоогүй юм.

Монгол орныг эрхшээж байсан Манж, Зөвлөлт хоёрын зүгээс нүүдэлчдийг хэрэгцээт эд материалыг булааж бус худалдаж авах боломжоор хангахыг чухалчлан эхнэртээ дээлийн торго олох төдийд сэлмээ ирлэхгүй байх талаар бодолцжээ. Манжийн үеийн Монголд хамгийн олон жил ажилласан Даашин хүүгийн пүүсээс эхлээд, Зөвлөлтүүдийн байгуулсан, санаачилсан Центрсоюз, Монценкоп, Стормонг зэрэг нь чухам ийм арга хэмжээний үр дүн юм.

Нүүдэлчдийн дотроос үргэлжид хатгах дайсагналцах хорхойг байнга дарахын тулд “ангийн дайсан”, “мөлжигч феодал этгээд”, “хөрөнгөтний аюул”, “хятадын түрэмгийлэгч санаархал” гэхчлэнгийн үзэл суртал, үзэн ядалтын кампанийг тасралтгүй дэгдээж байсан нь үр дүнгээ өгчээ.

Ингээд нэгэнт эд барааны хангамж хэвийн болсноос үүдэн “бизнес дайн” хийхээ больсон, эзэрхийлэгч гүрнүүдийн дарамтаас айгаад хоорондоо хамаагүй хэрэлдэж чадахаа байсан монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалаар иргэний эрх чөлөөгөө олов.

Дарамт шахалтын дор зуунаас зуунд нуугдан хадгалагдаж байсан үндэсний зөн совин ардчилалтай зэрэгцэн сэрлээ. Үзэн ядагчаа өөрөө сонгож, түүн дээрээ чөлөөтэй эвлэлдэн нэгдэх боломж гарлаа.

Эрх баригч намын эсрэг, нам дотроо даргынхаа эсрэг, Тавантолгойн уурхайг ашиглахын эсрэг, Гачууртын ордыг ашиглах гэрээ байгуулахын эсрэг, сурагч дүрэмт хувцсыг тэр компаниар оёулахын эсрэг…ын эсрэг, эсрэг, энэ олон эсрэг тэмцэл бол монголчууд санаа нийлэх нөхрөө хайж байгаа процесс юм. Нөхөртэй болж яах гэж байгаа юм бэ гэхээр яг л мянганы тэртээ хутгаараа нийлж “бизнес” л хийх гэсэн хэрэг.

Баялаг хөрөнгөтэй компани, үр өгөөжтэй төслийн эсрэг нэгдэж чадвал дайны олз их байхыг өвөг дээдсээс өвлөсөн зөн совин нь хэлээд өгнө. Учир нь баян хот руу довтолсон монголчууд баяжаад буцаж, хоосон суурин руу дайрсан нь хоосон буцдаг байсныг мэднэ. Ийм учраас уул уурхайн үйлдвэрлэлийн эсрэг нөхөрлөл хамгийн их байдаг юм. Хойшлуулах аргагүй хөтөлбөрийг гацаахаар дарамтлан мөнгө саах, нэгэнт эхэлсэн бүтээн байгуулалтыг зогсоохоор заналхийлэн ашиг унагах чадварыг өвөг дээдсийнхээтактикийн сангаас өвлөсөн бүлгээ.

Эртний аргаар олсон нөхөр ч тогтвортой биш, баялаг ч наалдацтай бус. Шинэ цагийн Тэмүүжин бээр хэдхэн хоногийн дараа Жамухтайгаа ч хонь чоно бололцоо дамжсан төдийгүй, түрүүчийн тулаанаар цуглуулсан олзоо барчихсан сууна.

Ингээд л цоо шинэ Хорезмыг эзлэх, түүндээ хэрэг болох нөхдөө цуглуулахын тулд цоон шинэ жигүүр, фракци, иргэний хөдөлгөөнөө байгуулнадаа. Хорезм гэснээс, энгийн номхон худалдаачдыг цаазалсан дуурлан, чөлөөт худалдааны ариун зарчмын төлөө тийшээ дайтахаар явсан гэж бид мэднэ. Үнэн хэрэгтээ үнэнч нөхдөө дахин нэгтгэх, шинэ бизнес сэдэх, улмаар албатууддаа ногдол ашиг хуваарилах санаа, түлхэцийг л Чингис хаанд өгсөн төдий мэт.

Мянганы тэртээгээс уламжлалтай нөхөр сонгох, бизнес хийх, баялагт хүрэх, хуваарилах арга уламжлалаас өнөө ч бүрэн салж чадахгүй байгаа нь монголчуудын иргэншлийн туршлага дутмагаас болж байгаа бололтой. Мянга мянган жил нүүдэллэн амьдраад, сая нэг суурьшихдаа социализмы үзэл суртал доор хуурмаг эв нэгдлээр хамтраад, хорь гаруйхан жилийн өмнө хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд орсныг үргэлж тооцох учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *