Улсын Их Хурлын чуулганы нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан билээ. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тогтсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” хэмээн заасан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргах гэнэ. Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс буюу зургадугаар сарын 10-наас сэргээнэ гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.