“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Төсөл санаачлагч нь төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед гишүүд төмөр замын бодлогын асуудал нь зөвхөн УИХ-ын мэдэлд биш, Засгийн газар, ард түмний мэдэлд байдаг бөгөөд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын амин чухал асуудал учраас бодлогоо зөв гаргах, ард иргэдийн саналыг авч, хэн ямар мөнгөөр, хэний өмчлөлд яаж барих, хаашаа хэрхэн ачаа зөөх, үр ашгийг нь хаана үлдээх зэрэг асуудлаа УИХ дээр нухацтай ярих хэрэгтэй гэсэн саналыг гаргасан гэв.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 71.7 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой уян хатан зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор төсөл санаачлагч төслийг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудал бол Монгол Улсын хувь заяаны асуудал учраас сайн ярих хэрэгтэй, манайх шиг хүн ам цөөн, нутаг дэвсгэр томтой улсын хувьд агаарын тээврийн хөгжил амин чухал ач холбогдолтой гэдгийг хэлсэн байна. Мөн тэрбээр, нэлээд хүч хөдөлмөр зарж байж өөрийн онгоцтой, үндэсний агаарын тээвэрлэгч болсон иргэний нисэхийг ард түмэн хувьцааг нь эзэмшсэн, нээлттэй, 100 хувийн хяналттай нислэгийн компани, нислэгийн үйлчилгээ болгох ёстой гэсэн саналыг гаргаж байсныг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санал хэллээ. Иргэний нислэгийн асуудал хэлэлцэж буйтай холбоотойгоор орон нутгийн нислэгийн татаастай холбоотой асуудлаар, дотоодын нислэгийн үнэ тарифыг бууруулах шаардлагатайг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.