Categories
мэдээ нийгэм

Иргэний хөдөлгөөнийхөн нэгдэнэ гэв

 “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүн холбогдсон хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 27-нд болох гэж байна. Энэ талаар “Гал үндэстэн” холбооны дэд  тэргүүн Я.Хундаганай болон тус холбооны гишүүд мэдээлэл хийж, дээд шатны шүүхэд ялахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Я.Хундаганай “Ц.Мөнхбаяр ард иргэд, эх орон, газар шороо, гол усныхаа төлөө тэмцсэнийхээ хариуд торны цаана суух ёсгүй. Ямар үндэслэлээр хориод байгааг нь гайхаж байна. Магадгүй эрх баригчдын алдаатай бодлогыг олж харан эсэргүүцсэнийх нь төлөө биз. Тэр эх орон, газар шороогоо өмөөрч уул уурхайн компаниудын техник хэрэгсэл рүү буудаж, Чингисийн талбайд морьтой жагсаал хийж эх орныхоо төлөө тууштай тэмцэж байсан нь түүний хоригдох шалтгаан болж байгаад харамсаж байна” гэж онцлов.

Мөн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт тэдэнтэй нэгдэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Гэмт хэрэг гэдэг бол хэн нэгнийг хохирооё гэсэн муу бодлыг хэлдэг. Харин Ц.Мөнхбаярт ямар муу бодол байсан юм бэ? Эх орон газар шороогоо бүрэн бүтэн авч үлдэе гэсэн нь эрх баригчдын хувьд муу бодол болж таарч байна уу” гэлээ. Тэд цаашдаа Ц.Мөнхбаяр болон бусад тэмцэгчдээ, эх орон газар шороогоо хамгаалж харийханд элэгтэй эрх баригчидтай тууштай тэмцэхээр шийджээ. Үүний тулд иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэж “Хүслээ нэгтгэе” хэмээх үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, энэ сарын 28-нд албан ёсоор хурал хийхээр товлосон байна.