Замын-Үүдийн гааль дээр иргэдийн ачаа бараа гацсан талаар олон нийтийн сүлжээнд шүүмжилж байна. Гаалийнхан карготой ачаа барааг нэгд нэгэнгүй буулган тоолж шалгаж байна гэх бичлэгийн дагуу тодрууллаа. Эхлээд бид “Карго ачаа бараа мэдээлэл солилцох нэгдсэн групп”-д сэтгэгдлээ илэрхийлсэн иргэн Ю.Дөлгөөнтэй холбогдсон юм.
-Та ямар ажил эрхэлдэг вэ. Яагаад Гаалийн байгууллагад бухимдах болов?
-Би онлайнаар бараа оруулж ирж борлуулдаг хувиараа бизнес эрхлэгч. Миний ачуулсан ачаа Хятад талд нэг хоноод наашаа гарсан. Гэтэл Замын-Үүдийн гаалийн хяналтын бүст 13-14 хонож байна. Яагаад ингэж удаад байгааг тодруулахаар “Дарга нар ирсэн шалгалт хийж байна” гэсэн. Хятад талаас наашаа өдөрт 100 машин гаргаад байхад Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсээс өдөрт хоёрхон машин гаргаж байна. Учир нь тэнд ачуулсан каргонуудыг бүх ачааг нь нэгд нэгэнгүй буулгаж тоолоод ачаа бүрд татвар ногдуулж байгаа гэх.
-Ачаа барааны ширхэг бүрд татвар ногдуулна гэсэн үг үү?
-Тэгж л ойлгосон. Бүх ачааг нэгд нэгэнгүй тоолж байна аа гэдэг чинь нэг ширхэг бараанд ч татвар ногдуулахаар тоолж байгаа гэсэн үг биз дээ. Түүнийг нь тооцоод үзтэл нэг машин ачааны татвар 50-60 сая төгрөг болох юм билээ. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АТГ, Б.Жавхлан сайд очсон гэсэн.
Тэгээд каргоны группүүдэд ярьсан яриаг нь үзэхээр бүх зүйл ном журмын дагуу явж байна гэх утгатай зүйл ярьсан байна лээ. Ном журмын дагуу юмаар явахаар ачаа бараа ингэж уддаг юм уу. Хоёрдугаар сарын 1-нд ачуулсан бараа одоог хүртэл ирээгүй байна. Тэр нь дандаа Цагаан сарын бэлэг сэлтний зүйл л байгаа. Одоо ирж амжаагүй байгаа бараа хэзээ ирэх вэ. Ирээд би Цагаан сараас өмнө зар амжих уу. Хүндхэн байдалд ороод байна.
-Та Гааль руу холбогдож тодруулсан уу?
-Асуусан асуусан. Бүх хяналт шалгалт ном журмын дагуу явагдаж байна. Таны бараа ирвэл эргээд холбогдоно, утсаа чагнаад байж байгаарай гэсэн. Хэзээ холбогдоно гэж хүлээх вэ. Каргоныхоо мөнгийг төлөөд оруулж ирсэн байтал бараа бүрд татвар тооцож авна гэж юу гэсэн үг вэ. Одоо бараагаа авахын тулд дахиад хэдэн төгрөг төлөх бол. Тэр мөнгийг нь дийлэх болов уу гээд түмэн асуудал гараад ирлээ. Ер нь ковидын хөл хориогоор хил гааль хаасан гэж далимдуулаад хувиараа бизнес эрхлэгчдийг их хохироож байна. Энэ асуудал зөвхөн өнөөдөр гэнэт үүсчихсэн юм биш. Гурван жил энэ маягаар явж байна. Бид улсдаа төлөх ёстой татвараа төлөөд хувиараа бизнес эрхлээд тодорхой хэмжээний ажлын байр бүрдүүлээд ажил олгогч болоод явж байгаа. Төр засаг биднийг дэмжихгүй юм аа гэхэд ядаж хавчиж шахахгүй, хил гаалийн асуудлаа шийдээд ачаа барааг түргэн шуурхай оруулж гаргадаг болмоор байна. Үнэхээр хэцүү нөхцөл байдалтай гурван жилийн нүүрийг үзлээ. Хил гааль нээгдээд сайхан болох байх гэсэн бүр хүндрүүлж байна. Яагаад хувийн жижигхэн аж ахуйн нэгжүүддээ ийм ээлгүй юм бэ.
-Гаалийн байгууллага цахимжсан гээд байсан. Цахимаар тэр тооллого татварын асуудлаа шийдэж болоогүй юм байх даа?
-Харин цахимжаад их л сайхан боллоо. Иргэдэд хүлээгдэл, чирэгдэл учруулахгүй цахимаар шийднэ л гээд байсан. Замын-Үүдийн гаалийн байр бол үнэхээр сайхан болсон байна лээ. Ажил нь яг урьдын хэвээрээ. Ажлаа сайжруулахгүй юм бол мянга сайхан шил толь болсон байраар яах юм бэ. Улам л хүнд сурталтай болоод байна гэлээ.
ГЕГ: Татвар авах ёстой бараа мөн л бол татвар ногдуулна
Хувиараа бизнес эрхлэгч иргэн ийм хариулт өгсөн юм. Ингээд Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Э.Сайнзаяатай ярилцлаа.
-Олон нийтийн сүлжээнд яваад байгаа бүх ачаа барааг задалж байна гэх бичлэг ямар учиртай вэ?
-Гаалийн хяналтын байгууллагаас үе үе эрсдэлт бүлгийн ачаа бараанд хяналт шалгалт хийдэг. Тухайн бичлэгт гарч байгаа үйл явдал нь ээлжит нэг шалгалтын үйл явцыг харуулсан байна лээ. Хүмүүсийн бичээд, яриад байгаа шиг бүх ачаа барааг суллаж зөөгөөд тоолоод, буцаж ачих боломж гаалийн байгууллагад байхгүй. Тийм их хүн хүч, нөөц бололцоо ч дутмаг. Тэгэхээр эрсдэлт ачаа байна уу гэдгийг шалгасан ээлжит шалгалт гэж ойлгож болно.
-Ачаа бараа оруулж ирдэг хүмүүс бараа болгоныг тоолж татвар ногдуулах гэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Бид хяналт шалгалтаа хийгээд татвар авах ёстой бараа бол татвар ногдуулна. Түүнээс бүх ачааг буулгаад тоолоод татвар ногдуулна гэдэг нь эндүүрэл. Эрсдэлт бүлгийн ачааг тодруулаад хэдэн хувийн татвар ногдуулах ёстой вэ, тэр хэмжээний татварыг ногдуулна. Түүнээс бараа бүрийг тоолж, татвар ногдуулах хэмжээний хүн хүч, нөөц бололцоо байхгүй гэдгээ түрүүн хэлсэн.
-Гаалийн байгууллага цахимжсан гээд л мэдээллээд байсан. Энэ ажлаа цахимаар хийж болохгүй юу?
-Манай байгууллага цахимжсан. Бүх гаалийн хяналтын бүсийг камержуулаад, байцаагч болгоныг дэлгэцээр хянах, орж ирж буй бараа болгоныг рентгенээр хянах боломжтой. Гэхдээ гэнэтийн шалгалтыг дэлгэцээр хийж болохгүй. Тиймээс ээлжит шалгалтын үйл явц л явагдсан гэж ойлгож болно.
-Байцаагч бүрээ камераар хянадаг болсон гэхээр иргэдийн ачуулж явуулсан ачаа бараа дутсан байна. Гаалийнхан авчихаж, тал юм нь дутуу байна гэх мэт үйлдлүүд байхгүй болох нь ээ?
-Манай байгууллага ачаа барааг задалж шалгах ёстой бол заавал ачааны эзнийг өөрийг нь байлгаж байж задалж шалгадаг. Тэгэхээр тийм асуудал байгаагүй. Нэг хэсэг ачаагаа шалгуулахгүй, миний бүх барааг задлаад шалгаад байна гээд нэг эмэгтэй лайв хийгээд байсан. Тухайн үедээ тэр эмэгтэй өөрөө маш олон хүний барааг өөрийн нэр дээрээ оруулаад ирсэн байсан. Сүүлдээ тэр нь бараг хэрэг үүсээд явсан байх. Өөрийг нь дуудаад ачааг тань шалгах гэсэн юм аа гэхээр ирэхгүй, долоо хоночихоод миний барааг удаалаа гэх мэдээлэл цацсан. Бид эзнийг нь байхгүйд ачаа барааг задалж хяналт шалгалт хийдэггүй.
-Хоёрдугаар сарын 1-нд ачуулсан бараа хятад талд нэг хоноод наашаа гарсан гэх. Гэтэл Замын-Үүдийн гаалийн бүсэд 13-14 хонож байна гэнэ. Яагаад иргэдийн ачаа бараа хилээр орж ирчихээд эзэндээ очихгүй ингэж удаж байгаа юм бол?
-Гаалийн мэдүүлэг бичиг баримтаа хэзээ бүрдүүлж өгсөн, очер дарааллаараа иргэдийн бараа таваар орж ирнэ. Тухайн иргэн хэзээ бичиг баримтаа бүрдүүлээд дараалалд орсон, тэр дарааллаараа л орж ирэх байх.