Манай улсад хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт болоод хэрэгт холбогдогчийн тоо жилээс жилд өссөөр байгааг албаныхан хэлж байгаа. Хар тамхитай холбоотой хэрэг онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тодруулбал, хар тамхи улсын хилээр гарах болон улс хооронд тээвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гурван сараас 25 жилийн ял эдэлнэ. Харин ОХУ-д гурваас арван жил, Хонгконгт 8-23 жил, БНХАУ-д долоон жилээс цаазаар авах хүртэл ялаар шийтгэдэг онц хүнд гэмт хэрэг юм. Гэвч үүнийг иргэд төдийлөн мэддэггүй, мэдсэн ч биеэ зовоохгүй хэдэн төгрөг олж байвал гэсэн охорхон сэтгэлээр хандаж эцэстээ эрх чөлөөгөө хэдэн жилээр хасуулж, өргөст торны цаана суудаг.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 19-25 насны залуучууд зонхилох хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн байдлаар хэрэгт холбогдсон 00-18 насны буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин ихэсчээ. 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 дахин өссөн гэх тоон үзүүлэлт байна.
БНХАУ-ААС ЧИГЛЭСЭН ХАР ТАМХИНЫ УРСГАЛ
Тэгвэл нийгмийг төдийгүй манай улсын ирээдүй болсон өсвөр насныхан, залуусыг хар тамхи хаанаас даллаж байна вэ. Энэ төрлийн хилийн зөрчилтэй холбоотой мэдээллийг Гаалын ерөнхий газрын Гаалын зөрчилтэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Б.Сүхбаатараас тодрууллаа.
-Хар тамхитай холбоотой зөрчил ихсэх хандлагатай байгаа энэ үед гаалийн зүгээс шаардлагатай гэсэн хяналтыг тавьж ажиллаж чадаж байна уу?
-Сүүлийн таван жилийн байдлаар манай улсын иргэд лабораторийн нөхцөлд гаргаж авсан хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг ачаа тээш, эд зүйлс, халаасандаа хийж хууль бусаар хилээр нэвтрэхийг завдсан хэрэг ихсэх хандлагатай байна. 2016 оны байдлаар Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг боомтоор БНХАУ-д зорчсон иргэд нийтдээ таван удаагийн үйлдлээр 200 орчим грамм мөсний төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдаж үйлдэл дээрээ баригдаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байсан. Тэгвэл 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар нийтдээ гурван удаагийн үйлдлээр мөн урд хөршөөс, Хонгконгоос мөсний төрлийн бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байна.
-Гаалийн шалгалтад ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ. Манай гаалийн хяналт шалгалтын төхөөрөмж хуучных учраас иргэд энэ байдлыг ашиглахыг оролддог гэж их ярьдаг?
-Өнөөдрийн байдлаар хяналт, шалгалтад ашиглаж байгаа багаж төхөөрөмж, технологийн хувьд уламжлалт арга барилыг ашиглаж байгаа боловч олон улсад ашиглагдаж буй хүний бие шалгах гаалийн скайнер буюу рентген тоног төхөөрөмж, зорчигчийн гар тээш шалгах скайнер гээд сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа.Үүнийг төдийлөн зорчигчид мэддэггүйгээс болж “Хилээр аргалаад гарчихна” гэж бодох тохиолдол бий. Үүнээс нарийн нууцын зэрэглэлд хамаарагдах технологийг ч ашиглаж байна. Мөн мансууруулах бодис шалгах тусгай тестерүүд, эрэлч ноход, эрсдэлтэй зорчигчийн мэдээллийн санд тулгуурласан судалгаа зэргийг ашиглаж хилийн зөрчлийг илрүүлж байна.
-Аль боомт дээр илүү их хэрэг зөрчил гардаг вэ?
-Замын-Үүдийн авто замын боомтоор хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой зөрчил их гарах болсон. Сүүлийн хоёр жилд зорчигч тээврийн автобусаар зорчиж буй иргэд биедээ болон тээврийн хэрэгслийн зай хөндийд мөсний төрлийн бодис нууж хилээр нэвтрэхийг завдсан гурваас дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, 2016 оны арванхоёдугаар сард урд хөршөөс зорчиж ирсэн манай улсын иргэн С гэгч Бээжингийн зах дээрээс худалдаж авсан гэх компьютерийн процессор дотроо мансууруулах бодис нууж явж байгаад илэрч саатуулагдсан байдаг.
-Хилээр нэвтэрч буй зорчигчид хүний гуйлгын ачаа, тээш авснаас болж гэмт хэрэгт холбогддог гэсэн мэдээлэл бий?
-Хоёрдугаар сарын 26-нд Хонгконгоос ирсэн Монгол Улсын иргэн мөсний төрлийн бодис авч ирж байгаад саатуулагдсан байгаа. Одоо зөвхөн Хятадаас гэлтгүй Хонгконг руу зорчсон монголчууд энэ төрлийн зөрчил гаргах хандлага их байна. Учир нь монголчууд Хонгконгоос гар утас их хэмжээгээр оруулж ирэх болсон. Татвараас, гаалийн байцаалтаас зугатах зорилготой ч юм уу, наймаачид иргэдээс “Хоёр ширхэг утас, гурван ширхэг утас хилээр аваад орчих. Хилээр гарсан хойно чинь авчихъя” гэдэг ч юм уу ятгалга, гуйлга их байдаг. Үүнд нь зорчигчид өөрийнхөө ачаа тээшиндээ хийчихдэг. Гэтэл дотор нь магадгүй хар тамхины төрлийн мансууруулах бодис байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс хүний ачаа, бараа, бэлэг дурсгалын зүйлст зорчигчдыг маш болгоомжтой хандаач ээ гэж хэлмээр байна. Түүнчлэн энэ үүднээс манай Гаалийн ерөнхий газраас хар тамхитай тэмцэх түүний хор уршгийг таниулах үүднээс хар тамхитай тэмцэх фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа. Ялангуяа өсвөр насныхан болон зорчигчдод мэдээлэл олгох зорилготой юм. Мөн Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл Гаалийн ерөнхий газар хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулж албан хаагчдаа мэргэшүүлэх тал дээр ажиллахаар бэлтгэж байна.
-Гадны иргэд манайд хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол байдаг уу?
-Ихэвчлэн манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог. Харин 2012 оны дөрөвдүгээр сард Филиппин улсын иргэн Филиппин-Энэтхэг улсын Дели- Өмнөд Солонгос улсын Сөүл-Улаанбаатар гэсэн маршрутаар зорчин ирэхдээ нийтдээ 5.4 кг хар тамхи чемодандаа нуусан байсныг илрүүлсэн байдаг. Бусад тохиолдолд хар тамхитай холбоотой зөрчил урд хөршөөс чиглэсэн байдаг. Ингэхдээ дандаа манай улсын иргэд байна.
-Манай улсын иргэд гадаадын улс оронд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт хэр холбогддог вэ?
-Манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д тав, Казахстанд гурав, Германд нэг, Малайзад тав, Унгарт гурав, Бангладешт гурав, Грект нэг, Болгарт нэг, Словак улсад нэг нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан нэг иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. 2016 онд гадаадын улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт Монгол Улсын 18 иргэн саатуулагдан шалгагдсанаас БНХАУ-д 17 иргэн байна.
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ХАР МӨРТЭЙ БЭЛЭГ
Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд манай улсын нэгэн эмэгтэй ой гаруй насны хүүхдийн хамт “Буянт-Ухаа” боомтоор хил нэвтэрч орж ирсэн байна. Гаалийн хяналт шалгалтын үед тухайн эмэгтэйн хүүхдийн тэрэгний суудал дороос 45 гр мөс илэрчээ. Харин эмэгтэй мэдүүлэг өгөхдөө өөрөө хүүхдийн тэргээ угсраагүй болохоо хэлжээ. Учир нь ахынх нь найз нутаг буцахаас нь хоёр хоногийн өмнө хүүхдэд нь тэрэг бэлэглэсэн гэнэ. Мөн нэг гашуун түүх дурдъя. 2012 онд Бээжин рүү зорчихоор нэг охин явахад нь таньдаг хүн нь ачаа дайжээ. Тэрээр охинд “Эгч нь брэнд бараа авсан чинь охинд маань багадчихлаа. Чи аваад явчих.Хилээр гарангуут чинь манай танил тосоод авчихна” гэж хэлээд цүнхтэй зүйл өгч. Охин тухайн ачааг ч шалгаж үзэлгүй танилдаа итгээд орсон боловч Буянт-Ухаа боомтод хяналт, шалгалтын үеэр баригдсан байна. Гэтэл нөгөө брэндийн бараа гээд байсныг шалгаад үзэхэд нэг килограмм геройн гарч иржээ. Ингээд тус охин улсын хилээр хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн хэргээр эрүүгийн хэрэгт холбогдсон байдаг. Иймэрхүү санаандгүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдох тохиолдол их гарч байгааг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.