Categories
мэдээ цаг-үе

Иргэд оролцож байж л хөгжих боломжтой

Ховд аймгийнхан олон шинэ зүйлийг санаачлан хийж бүтээн, 2013 онд шилдэг аймгаар шалгарсан. Ховд аймгийн Жаргалант сумын “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн Орон нутгийн зохицуулагч С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Жаргалант сум иргэний оролцоог хөгжүүлэх асуудал дээр Азийн сантай хамтран ажиллаж байгаа.

-Манай төслийн хүрээнд сумын иргэдийн боловсрол, оролцоо, нийгмийн хариуцлага, сумын иргэний танхимын үйл ажиллагаа, нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, хэрэгжиж эхлээд байгаа Шилэн дансны тухай зэрэг хууль дүрэм, Иргэдийн оролцоо, иргэдийн хяналт, Иргэний танхимын үйл ажиллагааны тухай сургалтуудыг зохион байгуулж ирлээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлгийг хуулийн хугацаанд Жаргалант сумын ИТХ болон Засаг даргын Тамгын газартай хамтран баг тус бүрд зохион байгуулж, сумын иргэдээ оролцуулан, гаргасан саналуудыг нь шийдвэрт тусган ажиллалаа.

Үр дүн ямар байна?

-Аливаа сургалт, хэлэлцүүлгийн үр дүн тэр дороо, шууд харагддаггүй, тодорхой хугацаа шаарддаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлэг гэхэд өмнөх оны 5, 6 сард хийгдэж, иргэдийн гаргасан санал дараа онд хэрэгжиж эхлэх жишээтэй. Төсөв санхүү танагдах, цаг хугацааны байдлаас хамааран иргэдийн санал дэмжигдэхгүй, эсвэл удаашрах үед иргэд бухимдаж, төрийн үйл ажиллагаа, төрд итгэх итгэл сулардаг нь анзаарагддаг. Тиймээс аливаа үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод, цаг хугацаа алдалгүйшуурхай хүргэх нь чухал. Мэдээлэл өгөөгүйн улмаас иргэд хэлэлцүүлэг, Багийн Иргэдийн нийтийн хурал ч юм уу, төрд хяналт тавих санаачилга, идэвх сулардаг байх гэж боддог.

Иргэний оролцоог хэрхэн хүлээн авдаг болсон бэ?

-Жаргалант сумын иргэдийн идэвхи, оролцоо өнгөрсөн онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал бодлоо илэрхийлэх, олон нийтийн эрх ашгийн төлөө санаачилга гаргах зэрэг дээр оролцоо нь нэмэгдэж, манай Жаргалант сум өдрөөс өдөрт өнгө нэмж байна. Баг бүрд идэвхтэй иргэд олон бий. Өмнө нь төр болон “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлэгторолцож байгаагүй иргэд дараагийн хуралд ирэх идэвх нь нэмэгдсэн. Харин залуучуудын оролцоо төдийлөн сайн биш, ажил зохион байгуулахад голдуу дундаас дээш насны хүмүүс оролцдог. Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн оны ОНХС-ийн зарцуулалтын хэлэлцүүлгээс жишээ татна уу?

-2014 оны ОНХС-ийн хөрөнгийг иргэдээс авсан санал, хэлэлцүүлгүүдээс гарсан саналын дагуу Бичигт багийн иргэдэд зориулан нийтийн халуун ус шинээр байгуулж, Мал бүхий иргэдийн хороололд гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээ, дэд бүтцийн ажлууд, Алагтолгой багт хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон ажил хийсэн, одоо ч хийж байна. Өнгөрсөн оны 5, 6 сард 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг зохион байгуулахаас өмнө Жаргалант сумын 12 багийн бүх айл өрх, иргэдэд нийт 13000 ширхэг саналын хуудас тарааж, урьдчилсан байдлаар эрэмбэлж, хэлэлцүүлгүүд зохион байгуулж,баталгаажуулсан.

Цаашдын төлөвлөгөөний талаар?

2015 оны эхний улиралд Жаргалант сумын иргэдийн дунд хууль, эрх зүйн мэдлэг, мөн шийдвэр гаргах түвшинд яаж оролцох талаар цөөнгүй ажил зохион байгуулахаар сумын ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн өнгөрсөн намар АНУ-ын Азийн сан, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтран “Хөтлөх урлаг”-ийн 4 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтын нэг зорилт нь “Ховд хотын дүрэм”-ийн хэлэлцүүлэг зохион байгуулах байсан. Сургалтанд оролцсон төрийн албан хаагчид, иргэд “Ховд хотын дүрэм”-ийн саналыг нийт иргэдээс авах, хэлэлцүүлэх, батлуулах ажилд оролцож, дүрэмтэй болох ажлаа эхлүүлээд байна. Манай сумынхан иргэний оролцоо бол маш чухал, улам илүү хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сайн ойлгож, цаашид өөрсдийн эрхээ эдлэн, орон нутгаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Иргэний оролцоо, нийтийн зар мэдээний хууль батлагдвал оролцоо улам илүү эрчимтэй хөгжих боломжтой учир энэ хуулийг бид хүлээж байна. Ер нь бол иргэд оролцож байж л хөгжих боломжтой. Өөрийн оршин суугаа газарт юу хэрэгтэйг иргэд л илүү сайн мэднэ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *