Categories
мэдээ нийгэм

Иргэд нийтийн шинэ үйлчилгээг цаашид үргэлжлүүлэхийг хүсч байна

Нийслэлийн Тээврийн газраас зорчигч 500 төгрөгийн тасалбар худалдан авсан тохиолдолд өдрийн турш хэчнээн ч автобусаар зорчсон дахин тасалбар авахгүй байх шинэ үйлчилгээг 10 хоногийн хугацаатай туршиж байгаа юм. Тэгвэл энэ үйлчигээ билетээр зорчдоггүй ахмадууд хийгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төдийлөн нөлөөлөхгүй байгаа ч автобуснаас олон дахиж бууж, сууж дамжих асуудалд шүүмжлэлтэй байгаа юм.

Харин нийтийн тээврээр их үйлчлүүлж ажлаа амжуулдаг, угаасаа л гэр ажлынхаа хоорондоо автобус дамждаг иргэдэд энэ үйлчилгээ ихэд таалагдаад байгаа юм.

Автобусныхаа чиглэлийг л мэддэг байхад энэ үйлчилгээ иргэдэд хэрэгтэй зөв зүйл хэмээх иргэд ч олон байна.

Цаашлаад Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэхэд ихэнх нь нийтийн тээврийн салбарт туршилтаар хэрэгжүүлж байгаа шинэ үйлчилгээг сайшааж байна гэжээ.  Түүнчлэн, Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүн хамруулсан, судалгаа хийсэн байгаа.

Судалгаагаар хэрэглэгчийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь өдрийн турш 500 төгрөгөөр явж байгаа нь таалагдаж байгаа ч,  чиглэл маршрутын асуудал маш хүнд, олон дамжиж хүрэх газраа хүрч байна хэмээсэн байна.

Юутай ч туршилтаар ийм үр дүнд хүрээд байгаа ч хэрхэн шийдэх нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлээс шалтгаалах юм.

Магадгүй маргааш энэ туршилтын сүүлийн өдөр болж ирэх даваа гарагаас иргэд хуучин маршрутаараа явж эхэлж ч болох юм. Эсвэл энэ туршилтаа цааш үргэлжлүүлж ч мэдэх юм.

Дашрамд хэлэхэд, автобусны жолооч, кондукторууд өөрсдийн хувийн ашиг сонирхолын үүднээс энэ туршилтад ихэд бухимдалтай хандаж байгаа. Үүнийг зарим иргэд ч онцлоод байна. Учир нь зарим автобусны жолоочид хүн авахыг бодохгүй, автобусны буудлаасаа хэтэрч зогсож барих асуудлууд гарсаар байгаа юм. Тиймээс хэрэв туршилтыг цаашид хэрэгжүүлэхээр болвол нийтийн тээврийн жолооч, кондукторуудыг ч хохироохгүй талаас нь бодолцож, тэд ч иргэдэд 100 хувь үйлчилж чаддаг байх нь чухал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *