Categories
мэдээ улс-төр

Ирэх оноос ямар хуулиуд хэрэгжиж эхлэх вэ

УИХ-аас 2015 онд хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Үүний зэрэгцээ шинэ хуулиуд өргөн барьсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын сарын 1-нээс зарим нь хэрэгжиж эхэлнэ. Ямар ямар хуулиуд ирэх оноос мөрдөгдөж эхлэх талаар мэдээлэл хүргэж байна.

-ЗӨРЧЛИЙН ОНООГ ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДРӨӨС ТООЦОЖ, ХАСАЛТ ХИЙНЭ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай зааж, хуулийг энэ оны есдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Зөрчлийн оноог шинэ оны эхний өдрөөс тооцож хасалт хийх юм. Хуульд зааснаар жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгоно. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах юм. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцох юм.

-ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЬ 18-65 НАСТАЙ,
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙНА-

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх юм. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан энэ хууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд эерэг үр дүн авчирна гэж тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэгч нь 18-65 насны, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Амьдарч буй гэртээ хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тусгай байр бэлдэх, эсвэл хашаандаа тусдаа гэр бариад хүүхэд харах үйлчилгээнд тохируулан тохижуулж болно. Тавигдсан шаардлагын дагуу хүүхэд харах орон байр, гэрийг бэлдэх ёстой бөгөөд эцэг эх, хорооны ажилтан зэрэг давхар хяналт тавигдах юм.

-СОНСГОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ
АСУУДЛААР ХААЛТТАЙ ЯВАГДАНА-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль батлагдсанаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж,төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх, хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирах, тэдгээрийг нийтээр хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төлөөллийн байгууллагаас олон нийтийн оролцоотойгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтныг хянах механизм бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөөг бий болгоно гэж үзэж байна.

Нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хүулъ тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.

-НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН ОЛОН
БОЛОМЖИЙГ ТУСГАЖЭЭ-

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэд рүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгснөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай юм.

Үндэсний татварын албанаас ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтын хувилбарыг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж байна. Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгч нарт кассын машин байхгүй тохиолдолд ebarimt.mn сайтаар дамжуулан цахим төлбөрийн баримтыг хэвлэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *