-Төсвөөс 260 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын
төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ-
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Ирэх оны төсвийн орлого зургаан их наяд 160 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь байна. Харин зарлага найман их наяд 568 тэрбум төгрөг ба ДНБ-ий 32.3 хувьтай тэнцэнэ. Нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар бага байхаар хууль батлагдав.
Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 10.6 тэрбум төгрөгөөр нэмж нэг их наяд 978 тэрбум 36 сая төгрөгөөр батлав. Харин зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан нэг их наяд 887 тэрбум 408.8 сая төгрөг байхаар тусгалаа. Мөн Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 100 тэрбум төгрөгөөр баталжээ.
Ирэх жилийн төсөв ямар байх нь улс орны эдийн засаг, ард түмний амьдралд хамгийн их хамаатай. Тиймээс ирэх оны улсын төсвийг бүрдүүлж буй эх үүсвэрүүд болон зарцуулалтын тайланг сонирхуулъя.
ШИНЭЭР ТАТВАР НЭМЭХГҮЙ
Ирэх 2017 онд татварын орчинг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй. Мөн одоо мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар улсын төсвийг баталлаа. Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийг ч хувьчлах аж. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежмэнтийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлогыг баримталжээ. Тодруулбал,
•2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90 тэрбум 758.2 сая, Ирээдүйн өв сангийн орлогыг 13 тэрбум 531 сая, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлнэ.
•“Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцжээ. Ингэснээр Монгол Улсын 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна.
•Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх хувьцааны ногдол ашгийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх аж. Үүнд Төрийн банк хамаарч байгаа юм.
•Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7.4 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
•Ирэх 2017 онд зэсийн баяжмалын экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давахаар байгаа аж. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу зэсийн үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцжээ. Ирэх оны төсөвт нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 4.599.0 ам.доллар, зах зээлийн үнийг 4.800.0 ам.доллар байхаар тооцож, Тогтворжуулалтын санд 7.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна.
ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ 100 ХУВЬ БУУРУУЛНА
Бүх шатны төсвийн Ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын бараа үйлчилгээний зардал (цалин хөлс болон бараа үйлчилгээний бусад зардал)-ыг 1.0 хувиар бууруулах, үүнтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 27 тэрбум 762 сая төгрөгөөр бууруулжээ. Харин иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгалаа. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлын салбарт иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой орон тоог төсвийн төсөлд тусгах, бусад аливаа орон тоог нэмэгдүүлэхгүй гэнэ. Төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 2016 оны тодотголын түвшнээс хэтрүүлэхгүй байна. Улмаар салбарын онцлогийг харгалзан 10-100 хувь буурууллаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчдийн газруудаас бүх шатны төсвийн байгууллагын гадаад томилолтын зардлыг 100 хувь, тавилгын зардлыг 100 хувь бууруулсан байна. Өмнөх онуудад хэрэгжсэн нэг удаагийн шинжтэй, эсвэл хуульд өөрчлөлт орсны улмаас өөрчлөгдөж буй хөтөлбөр арга хэмжээний урсгал зардлыг 2016 оны тодотголтой харьцуулахад 410 гаруй тэрбум төгрөгөөр бууруулжээ.
ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ӨСӨЛТ 3,0 ХУВЬ БАЙНА
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн төсөл, Таван толгойн төсөл, Гацууртын алтны ордын төсөл, Таван толгойн 450 мВт-ын цахилгаан станц, ДЦС3-ыг 250 мВт-аар өргөтгөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон эрчимжүүлэх юм байна. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь болохоор тооцжээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг мөрдлөг болгох юм байна. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54 тэрбум төгрөгийг ирэх онд олгохоор төсөвлөсөн байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төсөвт дараахь хөрөнгийг суулгав
“Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих” санг тус тус шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр тооцож төсөвт тусгалаа.
Ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгоход 20.5 тэрбум төгрөг төсөвт суулгав. Цагаан сар болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан насны хишгийг жилд хоёр удаа олгоно. Мөн шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-г бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх онд 104.5 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлнэ. Үүнээс дэлхийн шилдэг их сургуульд шинээр элсэн суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн зээл олгохтой холбогдуулан нийт 14.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа. Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн хувьсах зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход есөн тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна.
Хүүхдийн мөнгөнд 161.5 тэрбум төгрөг тусгав
Төсвийн боломж, нөөцтэй уялдуулан эдийн засгийн хүндрэлтэй байх төлөвтэй 2017 онд зорилтот бүлгийн өрхөд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. 2019 оноос эхлэн бүх хүүхдүүдэд олгож эхлэхээр шийдвэрлэж ирэх онд 161.5 тэрбум төгрөг тусгажээ. Харин Хүүхэд харах үйлчилгээний стандарт нөхцөлийг сайжруулан үргэлжлүүлэхээр тооцож 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөлөө.
Прокуроруудын цалинд 9,5 тэрбум төгрөг төсөвлөлөө
Ирэх оны төсвийг батлахдаа Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээлээ. Ингээд 2017 онд тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн зардлыг 89.5 тэрбум төгрөгөөр баталлаа. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд болон прокуроруудын цалинг шүүгчийн цалингийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шүүгчийн үндсэн цалингийн 65 хувьтай дүйцэхүйц түвшинд байхаар шинэчлэн тогтоов. Ингэснээр Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн прокуроруудын цалингийн хэмжээг 1.730-2.211 сая төгрөг байхаар албан тушаал бүрээр тогтоож 2017 оны төсөвт 9.5 тэрбум төгрөг суулгалаа. Харин Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалингийн хэмжээтэй адил байхаар 3.3 сая төгрөгөөр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалингийн хэмжээг гурван сая 250 мянган төгрөгөөр тус тус тогтоов. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн даргын 2017 оны төсөвт нэмж шаардагдах 341.8 сая төгрөгийг цалингийн зардалд тусгажээ.
Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр
172 тэрбум 794.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ
Монгол Улсын 2017 оны төсвийг батлахдаа хөрөнгө оруулалтын үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Иймд шинэ төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй, шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан хойшлуулахыг хуулинд тусгасан. Эсвэл өмнөх жилүүдэд эхэлсэн боловч орхигдсон ажлуудыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг олгоно. Зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарын их засвар, тоног, төхөөрөмжийн зардал болон Улаанбаатар хотын аваарын хэмжээнд хүрсэн дулааны гол магистраль шугамын засварын хөрөнгийг төсөвт тусгажээ.
Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 172 тэрбум 794.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Нийтдээ 119 ажил багтаж буй аж. Тодруулбал, орон нутгийн зам гүүрийн барилгын, ажил, орон сууцны хорооллуудын бохир шугам сүлжээний зураг төслүүд, цахилгаан станцуудын өргөтгөл, барилга угсралтын ажлуудыг хийнэ. Мөн нийслэлийн зарим уулзварууд, замын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл, зам барилгын ажлуудад санхүүжилт олгохоор тусгажээ. Эдгээрийн заримаас сонирхуулбал, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам 169.5 км замын ажил 2013 онд эхэлжээ. Нийт 34 тэрбум 637.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ажилд нэг тэрбум 893.3 сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна. “Монел”, “Урбанек” худалдааны төвийн баруун урд, Хатанбаатар Магсаржавын гудамж, “Тоса” худалдааны төвийн арын, Нарны зам, “Заг”-ийн 24 дүгээр байрны зүүн урд уулзварын зураг төсөлд 38.9 сая төгрөгийн санхүүжилт олгоно. “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажилд 630.5 сая төгрөг суулгажээ. Нийт 11 аймагт шинээр тавихаар төлөвлөж байгаа төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, зураглалыг хийхэд гурван тэрбум 500.0 сая төгрөг тусгав. Нийслэл дэх орон сууцны цахилгаан шатны шинэчлэл, засварын цехэд хоёр тэрбум 99.0 сая төгрөг тусгажээ. Багануур-Цэнхэрмандалын 35 кВ -ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажилд 552.9 сая төгрөгийн санхүүжилт олгох ажээ. Улсын хэмжээнд Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгоход гурван тэрбум 71.3 сая төгрөг тусгав. “Дарь-Эх” цогцолборын авто замын ажилд 450.0 сая, “ФМ -104.5” радиогийн хажуугийн 250 метр замыг асфальтан зам болгох, сансрын колонкийн арын төв замтай холбоход 250.0 сая төгрөг тус тус төсөвлөжээ. Мөн Туул голын дагуу баригдах 35 км хурдны замын зураг төсөл боловсруулахад 436.0 сая төгрөг шаардлагатай гэж төсөвт тусгажээ. Тэгвэл Улиастайн голын баруун талын дөрвөн замын уулзварын зураг төсөл боловсруулахад 26.0 сая төгрөгийг санхүүжүүлэх юм байна. “Зуун айл”-ын уулзварын барилгын ажилд 339.0 сая, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж, “Өнөр” хорооллын 33 дугаар байрны арын замтай холбох нэг км авто замын замын барилгад нэг тэрбум 500 сая төгрөг тус тус төсөвлөсөн байна. Шархад, Амгалан орчмын бохир ус татан зайлуулах, ариутгах татуургын шугам сүлжээний ажилд 343.4 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдэхээр төсөвт тусгажээ. Дээрхээс гадна Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийг гурван тэрбум 960.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх юм байна.
ЯАМДАД ТӨСВӨӨС 259 ТЭРБУМ 126,.4 САЯ ТӨГРӨГ ХУВААРИЛАВ
Төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжуудыг санхүүжүүлэхэд нэг их наяд 101 тэрбум 314.1 сая төгрөг шаардлагатай ажээ. Харин Төсвийн тухай хуульд 259 тэрбум 126.4 сая төгрөгийн санхүүжилтийг баталжээ.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД:
Ирэх онд Шадар сайд таван тэрбум 228.7 сая төгрөгийг өөрийнхөө харьяа агентлагуудад зарцуулах юм байна.
•Онцгой байдлын ерөнхий газарт дөрвөн тэрбум 733.5 сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Үүнээс:
-Хөрөнгө оруулалтад гурван тэрбум 933.5 сая төгрөг шаардлагатай аж. Энэ хөрөнгийг нийслэл болон орон нутагт баригдах Аврах гал унтраах ангиудын барилгын бүтээн байгуулалтад төсөвлөжээ.
-Тоног төхөөрөмжид 800 сая төгрөг төсөвлөсөн байна. Нийслэлийн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн өргөтгөлийн тоног төхөөрөмжид энэ хөрөнгийг зарцуулна.
•Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөрөнгө оруулалтад 495.2 сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Тодруулбал, Хөвсгөлийн Мөрөн суманд 2012 онд баригдаж эхэлсэн лабораторийн барилгыг 2018 онд дуусгахад дээрх хөрөнгийг зарцуулах аж.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА:
Түүнд гурван тэрбум 506.1 сая төгрөгийг хуваарилав. Үүнээс:
-Хөрөнгө оруулалтад нэг тэрбум 171.1 сая төгрөгийг зарцуулах аж. Дорнодын Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын барилгад 884.0 сая, Булган аймгийн Булган сум дахь Засаг даргын Тамгын газрын барилгад 153.9 сая, Архангайн Хашаат сумын Засаг даргын Тамгын газрын барилгад 133.2 сая төгрөгийн санхүүжилт олгоно.
-Их засварт хоёр тэрбум 335.0 сая төгрөг тусгажээ. ЗГХЭГ-ын даргын багцын тоног төхөөрөмж ажлын үлдэгдэл, аймаг, сумдад хийгдэх их засвар 135.0 сая, ЗГХЭГ-ын даргын багцын тоног төхөөрөмж ажлын үлдэгдэл, Төрийн ордны тохижилт, их засварын ажилд хоёр тэрбум 200 сая төгрөг төсөвлөжээ.
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД:
Ирэх оны төсөвт салбарын хөрөнгө оруулалтад 943.9 сая төгрөг хуваарьлажээ. Үүнээс:
-196.8 сая төгрөгийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хяргас нуур
-Завхан голын сав газрын захиргаа, аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын оны ангийн конторын барилгыг санхүүжүүлэх юм байна.
-530.5 сая төгрөгийг Хөвсгөл аймаг дахь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын конторын барилгад,
-216.6 сая төгрөгийг Хот суурин газрын ус хангамж, гидрогеологийн зураглалын судалгаанд төсөвлөжээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД:
Түүнд 700 сая төгрөг хуваарилжээ. Үүнийг Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлд зориулах юм байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД:
Ирэх онд түүний багцад 27 тэрбум 303.2 сая төгрөг хуваарилав. Үүнээс:
•Цагдаагийн ерөнхий газарт нэг тэрбум 435.8 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн барилгыг санхүүжүүлэх ажээ.
•Хил хамгаалах ерөнхий газар найман тэрбум 609.3 сая төгрөгийн санхүүжилт авна. Энэ хөрөнгөөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн нүүлгэн шилжүүлэлт, инженерийн байгууламжийг дуусгах ажилд зориулах юм байна.
•Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 12 тэрбум 157.1 сая төгрөг хуваарилжээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдах 1500 хүний хүчин чадалтай Нэгдсэн хорих анги, инженерийн байгууламжид дээрх хөрөнгийг санхүүжүүлэх ажээ.
•Хууль зүй, дотоод хэргийн яам таван тэрбум 101.0 сая төгрөгийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга, инженерийн байгууламжийн дуусгалд зарцуулахаар төсөвлөсөн байна.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД:
Улсын төсвөөс түүний багцад долоон тэрбум 448.9 сая төгрөг хуваарилжээ. Үүнээс:
•Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байгууллагад хоёр тэрбум 408.9 сая төгрөг ногдох юм байна. Тус байгууллага энэ хөрөнгөөр Дорнод, Орхон, Баянхонгор аймгууд дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилга, хичээлийн байр, дотуур байрны барилгын ажлыг санхүүжүүлэх аж.
•Хүүхдийн төлөө Үндэсний газарт хоёр тэрбум 560 сая төгрөг хуваарилжээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай суман дахь Ахмадын ордны барилгыг 60 сая төгрөгөөр, “Найрамдал” зусланд Усан спорт цогцолбор барихад хоёр тэрбум 500 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
•Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарынхаа их засварт хоёр тэрбум төгрөгийг зарцуулна.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД:
Ирэх онд хоёр тэрбум 693.1 сая төгрөгийг захиран зарцуулна. Үүнээс:
-Хоёр тэрбум төгрөгийг энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд,
-667.4 сая төгрөгийг Говийн бүсийн сургалтын төв төсөл,
25.7 сая төгрөгийг Батлан хамгаалах их сургуулийн Биеийн тамирын цогцолборын барилгад хөрөнгө оруулахаар тусгажээ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД:
Түүний багцад 16 тэрбум 994 сая төгрөг хуваарилжээ. Нийслэл болон орон нутагт хийгдэж буй 17 ажилд дээрх хөрөнгө оруулалтыг хийх юм байна. Тухайлбал,
-631.0 сая төгрөгийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн Монголын талын хөрөнгө болгож санхүүжүүлнэ.
-Нэг тэрбум 389.7 сая төгрөгийг улсын хэмжээнд хаягийн мэдээллийн систем байгуулахад,
-178.9 сая төгрөгийг Архангай аймаг дахь гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбоход,
-Хоёр тэрбум 513.8 сая төгрөгийг улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санг геодезийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэхэд,
-Гурван тэрбум 168.7 сая төгрөгийг Бүгд Найрамдах Чех Улсын хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцөлөөр хэрэгжүүлэх “Евро Эко” Төгөл төсөлд,
-534 сая төгрөгийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд үерээс хамгаалах далан, сувгийн байгууламжийг барихад,
-Нэг тэрбум 412.1 сая төгрөгийг Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл судлалын сорил шинжилгээний төв лабораторийн барилгад,
-Хоёр тэрбум 300 сая төгрөгийг Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах улсын хэмжээнд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД:
Ирэх 2017 онд 97 тэрбум 243.1 сая төгрөгийг төсөвтэй.
•Боловсролын салбарт 68 тэрбум 250 сая төгрөгийг санхүүжүүлэх юм байна. Үүнээс:
-Хөрөнгө оруулалтад 52 тэрбум 700 сая төгрөгийг зориулна. Нийслэл болон орон нутагт баригдаж буй сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны санхүүжилтэд зориулна. Дийлэнх нь өнгөрсөн онуудад барилга нь эхэлсэн ажлууд юм байна. Харин энэ онд эхэлж байгаа арав орчим барилгад багагүй хөрөнгийг тусгажээ. Заримаас нь сонирхуулбал,
-800 сая төгрөгийг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн барилга төслийн Монголын талын хөрөнгө болгон зориулна.
-Нэг тэрбум 500 сая төгрөгийг Завхан аймгийн Их-Уул сум дахь 640 суудалтай сургуулийн барилга, спорт заал барихад санхүүжүүлнэ. Тус барилга 2018 онд ашиглалтад орох аж.
-800 сая төгрөгийг БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн Монголын талын хөрөнгө оруулалт болгож санхүүжүүлнэ. Энэ хүрээнд нэг цэцэрлэг, 21 сургууль баригдах юм байна.
-Хоёр тэрбум 988.5 сая төгрөгийг Монгол-Оросын хамтарсан гуравдугаар дунд сургуулийн өргөтгөлд төсөвлөжээ.
-Их засварт ирэх онд таван тэрбум 550 сая,.
-Шинэ тоног төхөөрөмжид 10 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.
•Соёлын салбарт 17 тэрбум 649.8 сая төгрөг суулгажээ.
-Хөрөнгө оруулалтад 16 тэрбум 649.8 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Энэ хөрөнгөөс
-Нэг тэрбум 950.0 сая төгрөгөөр түүх, соёлын дурсгалт өвийг дэмжих хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ.
-Хоёр тэрбум 340 сая төгрөгийг Үндэсний номын сангийн барилгад,
-Нэг тэрбум 906.7 сая төгрөгийг Ханхэнтий чуулгын барилгад,
-Нэг тэрбум 694.5 төгрөгийг Архангай аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга зэрэг олон ажлыг санхүүжүүлэхээр хөрөнгийг нь төсөвт тусгажээ.
-Тоног төхөөрөмжид нэг тэрбум төгрөг төсөвлөсөн нь Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн барилгын тохижилтод зориулагдах юм байна.
•Шинжлэх ухааны салбарт 885.1 сая төгрөг төсөвлөжээ. Үүнийг Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спортын танхим бүхий цогцолборын барилгыг барихад төсөвлөсөн байна.
•Спортын салбарт 10 тэрбум 458 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.Тухайлбал,
-Нэг тэрбум төгрөгийг Чингэлтэй дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барихад,
-Нэг тэрбум 500 сая төгрөгийг Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай спорт цогцолбор барихад,
-262.1 сая төгрөгөөр Архангай аймагт Хүүхэд залуучуудын соёлын үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэх юм байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД:
29 тэрбум 438.5 төгрөгийн төсөвтэй.
•Авто замын ажилд 28 тэрбум 601.5 сая төгрөгийг хуваарилжээ.
•Гадаад зээлээр хэрэгжүүлэх төслийн дотоод эх үүсвэр 11 тэрбум 468.4 сая, Дотоодын хөрөнгөөр баригдах авто зам хоёр тэрбум 56.7 сая төгрөг, Гүүр барихад хоёр тэрбум 576.4 сая төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна.
•Их засварт 12 тэрбум 500 сая төгрөг зориулна.
•Иргэний нисэхийн салбарт 837 сая төгрөг хуваарилжээ. Үүнийг Говь-Алтай болон Завхан аймаг дахь нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн даланг засварлахад хөрөнгө оруулна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД:
Зургаан тэрбум төгрөгийн санхүүжилт авна. Дархан-Уул аймгийн Хонгос суманд баригдах Хөдөө аж ахуйн салбарын болон Малын удмын сангийн цогцолбор барилга, тоног төхөөрөмжид таван тэрбум 595.3 сая төгрийг хуваарилжээ. Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн барилгын бүтээн байгуулалтад 404.7 сая төгрөг төсөвлөсөн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД:
Ирэх оны төсвөөс 34 тэрбум 318.3 сая төгрөгийн санхүүжилт авна. Үүнээс:
-23 тэрбум 318.3 сая төгрөгийг хөрөнгө оруулалтад (Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилгад 700 сая, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилга 500 сая, Геронтологийн төв, 60 ортой 300 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4, 5”-д хоёр тэрбум 450 сая төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төслийн Монголын талд хөрөнгө хоёр тэрбум 400 сая төгрөг төсөвлөжээ. Мөн орон нутагт хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилга зэрэг олон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ),
-Найман тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж сайжруулахад,
-Гурван тэрбум төгрөгийг их засварт хуваарилжээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД:
26 тэрбум 369 сая төгрөгийн төсөвтэй. Үүнээс таван тэрбумыг их засвартаа, 21 тэрбум 369 сая төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна. Тодруулбал,
-17 тэрбум 919 төгрөгийг цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихад,
-Гурван тэрбум 450 сая төгрөгийг гадаадын зээлээр хэрэгжих төслийн дотоодын эх үүсвэрт ашиглана.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР:
Ирэх онд 851.4 сая төгрөгийн төсөвтэй байна. Энэ хөрөнгийг байгууллагынхаа их засварт зарцуулахаар төсөвт суулгуулжээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР:
88.3 сая төгрөгийн санхүүжилтийн дүнтэй байхаар улсын төсвийг баталжээ. Үүнийг Улсын ерөнхий прокурорын газрын архивын барилгын ажилд хөрөнгө оруулах юм байна.