Categories
мэдээ улс-төр

Ирэх оны улсын төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байна DNN.mn

Улсын Их Хурлаас 2023 оны тавдугаар сарын 31-нд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан.

Эдгээр хуулийн зарим үзүүлэлтийг эдийн засгийн сэргэлттэй уялдуулан бодитой тооцон, өөрчлөх шаардлага үүсжээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт орсноор ирэх онд

  • Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг,
  • Төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг,
  • Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8 хувьд тус тус хүрнэ.

Энэ  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэв.

“Төсвийн хүрээний мэдэгдлийн тоо өөрчлөгдөж байгаа нь сайжирч байгаа үзүүлэлт юм. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн есөн макро тооноос Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангахыг шаарддаг хоёрыг нь ягштал барих ёстой.

Бусад үзүүлэлт нь эдийн засгийн тэлэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнтэй холбогдуулж хувь хэмжээнд тооцогдон өөрчлөгддөг. Үүнийг тухайн үеийн эдийн засгийн нөхцөлтэй холбогдуулан өөрчлөх нь зөв.

Тооцооллыг дутуу хийсэн, эсвэл зарлагаа санхүүжүүлж чадахгүй, төрийн үйл ажиллагаа доголдох хэмжээний зөрүү тооцоо хийгээгүй гэдгийг Сангийн сайд тодотгов. Мөн тэрбээр, “Эдийн засгийн өсөлт манай эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Ялангуяа гадаад нөхцөлөөс хэт их хамааралтай болсныг бид удирдах боломжгүй.

Харин дотоод асуудлаа зохицуулж чадна. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж, төсвийн алдагдал буурсан” гэв. Түүнчлэн “Төсөв тэлэх хэрээр төсвийн бодлогыг дэмждэг хамгийн гол суваг нь цалин, тэтгэвэр тэтгэмж, халамж. Ирэх жилийн төсвийн нэмэгдэл нийтдээ 4.9 их наяд төгрөг. Үүний 3.4 их наяд төгрөг нь энэ оны хагас жилээр хийсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл  юм. Үүнийг бүтэн жилээр тооцохоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төсөв хөөсөрч тэлсэн явдал байхгүй” гэдгийг Сангийн сайд онцолжээ.

Өмнөх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж Сангийн яам тооцсон. Энэ жил 7 хувь гэж тооцсоны нь нүүрсний экспорттой холбоотой.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас нүүрсний экспортыг 50-55 сая тонн гэж төсөөлсөн ч хил орчмын зохион байгуулалт, дэд бүтцийн хөгжил, экспортын тээврийн зохицуулалт сайжирчээ. Одоо гүйцэтгэл 51 сая тонн болсон тул ирэх жилийн экспортыг 60 сая тонн гэж тооцсон байна.

Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих гол суурь нь уул уурхайн салбар. Энэ өсөлтөд нүүрсний экспорт нөлөөлөхөөс гадна Оюутолгойн ордын алт, зэсийн агууламжууд нэмэгдэж байна гэв. Уул уурхайн бус салбарын өсөлтийг 5.5 хувь гэж тооцжээ.

Эцэст нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *