Хэдхэн хоногийн өмнө “Ernst&Yang”-аас Зүүн өмнөд Азийн ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулсан юм. Түүнд бизнесийн салбарт хүч үзэж буй 16 залуу орсны нэг нь “Сиберри Фарм Продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа. Түүнийг “Өдрийн зочин” буландаа онцолж байна.
Д.Болортуяа АНУ-д ахлах сургуулиа дүүргээд Хойд Калифорнид орших Дюкийн их сургуулийг барилгын инженерээр суралцаж бакалавр зэрэгтэй төгсчээ. Дараа нь Калифорнийн Олон улсын их сургуульд олон улсын бизнес, худалдаа, татварын хуулиар магистрын зэрэг хамгаалжээ. Оюутан байхдаа л “CAILYN Cosmetics”-д ажилд орж брэнд менежерээр есөн жил ажилласан. Тус компани нь дэлхийн 161 оронд салбартай нэлээд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Д.Болортуяа энэ брэндийг бий болгохоос нь эхлээд ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан бүсгүй. Аав нь охиноо эргэхээр нэг удаа очихдоо “Америкийн компанийг л баяжуулаад байх юм. Монголдоо ирж юм хийгээч” гэж хэлсэн гэдэг. Энэ үг одоо болтол санаанаас нь гардаггүй хэмээн ярив. Ингээд л нутагтаа ирж Монголын хөрсөнд ургасан органик чацарганын найрлагатай гоо сайхан болон хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна. Чацарганыг сонгосон нь учиртай. Д.Болортуяагийн аав нь насаараа цэргийн газар ажилласан генерал цолтой хүн. Өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж буй тэрээр Төв аймгийн Алтанбулаг суманд чацарганын аж ахуйтай. Тиймээс Д.Болортуяа чацаргана ямар ид шидтэй жимс болохыг харуулахаар “Сиберри Фарм Продактс” компаниа байгуулжээ. Гурван жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа АНУ, БНСУ, Япон зэрэг орнуудын экспертүүдийг ажиллуулан, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж аваад зах зээлд нийлүүлсэн. Үүнд чацарганатай нүүрний тос зэрэг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орно. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 оронд бүтээгдэхүүнээ борлуулж, гадаадын 20 гаруй компанитай хамтран ажилладаг. Эдний бүтээгдэхүүнүүд Монголдоо 29900-79900 төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна.
Д.Болортуяа Америкт гоо сайхны салбарт ажилласан тул шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн нэвтрүүлэх туршлага нь нэмэр болсон тухайгаа ярьж байлаа. Ер нь бизнес гэдэг зөвхөн ашиг олохын төлөө байх нь өнөө үед ерөөсөө тохирохгүй. Аль аль талдаа ашигтай байх ёстой гэсэн зарчмыг баримтлах ёстой. Хүмүүст хэрэгтэй зүйл хийснээр өөрөө ч сэтгэл хангалуун байна. Гэхдээ бүтээгдэхүүнээ хилийн чанадад үйлдвэрлэдэг. Монгол чацарганаар Индонезид үйлдвэрлэсэн гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүнээ “Made in Mongolia” гэсэн бичигтэйгээр зах зээлд борлуулдаг ажээ. Д.Болортуяагийн хувьд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр улам бүр таниулах нь чухал. Ер нь ямар ч бараа бүтээгдэхүүнийг экспортолно гэдэг алхам алхмаар хийгдэх ажил. Харин манайхны арга барил нэлээд дутагдалтай байгаа тухай тэрээр ярьсан юм. Тиймээс улс орны ирээдүй болсон залуусыг эртнээс бэлдэх нь чухал хэмээн ярив. Ер нь аливаа улс орны хөгжлийн үндэс суурь нь чадварлаг боловсон хүчин. Тиймээс ч түүний компани нь хүүхдийн байгууллагуудтай нэлээд хамтран ажилладаг гэнэ.
Зүүн өмнөд Азийн ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулахад хэд хэдэн болзол тавьдаг юм байна. Үүнд компанийн алсын хараа, эдийн засгийн үзүүлэлт, стратегийн бодлого, манлайлах чадвар, инноваци зэргийг нь хардаг аж. Өөрөөр хэлбэл, Монголын компанийн захирал энэ бүх шаардлагыг бүрэн хангаж чаджээ. Ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулахад нэг зүйл анзаарагдсан тухай Д.Болортуяа ярьсан юм. Ази тив гэдэг маш том зах зээлээс гадна мэдээллийн технологи, эрүүл мэнд гэсэн хоёр салбар нь хамгийн ирээдүйтэйд тооцогддог. Хятадын зах зээлд нэг жилд 578 тэрбум ам.доллартай тэнцэх гоо сайхны бүтээгдэхүүн эргэлдэж байдаг гэнэ. Тэр зах зээлд тодорхой орон зай эзлэх нь “Сиберри Фарм Продактс” компанийн эрхэм зорилго аж.