Баянзүрх дүүргийн XIII хороололд байрлах “Зохион бүтээгч” дугуйлангаар зочиллоо. “Зохион бүтээгч” дугуйлан нь хүүхдийн техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, гарын ур дүй, бие даан ажиллах чадварыг төлөвшүүлэх, ирээдүйн шилдэг Техник спортын тамирчид, чадварлаг монгол инженер, зохион бүтээгч, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх зорилгоор 2010 онд байгуулагджээ.
Биднийг очих үед 8-14 насны ногоон хормогчтой есөн сурагч хоёр ширээнд хуваагдаж суун бүтээлээ хийж байлаа. Нэгдүгээр түвшний сурагчид усан онгоц, хоёрдугаар түвшний сурагчид ачааны машин хийж байсан юм. Тэд дор бүрнээ машины эд ангиа тооцож зурж, материалаа бэлтгэн анхааралтайгаар машинаа урлацгаана.
Тавдугаар ангийн сурагч Б.Идэржавхлан “Ваав, явж байна, багш аа миний ачааны машин бэлэн болчихлоо. Та хар даа” хэмээн баяртайгаар нүд нь гялтганана. Тэрээр “Би нисэх онгоц, усан завь, ачааны машин хийсэн. Энэ ачааны машиныг бараг нэг сар хийлээ. Мотороо буруу харуулж хийгээд салгаж дахин хийсэн. Зай хийгээд, унтраалгаа дарахад л энэ машин давхина. Ингээд давхиж байгаа биз” гэж хэлээд ширээн дээгүүр давхиуллаа. Дугуйлангийн дүү нар нь ч “Гоё юм аа” хэмээн эргүүлж, тойруулж харна. Тэд удалгүй эргээд өөрсдийн бүтээлдээ шамдлаа.
“Зохион бүтээгч” дугуйлангийн үүсгэн байгуулагч захирал, Физик-Электроникийн шинжлэх ухааны магистр С.Батгэрэл “Дугуйлангийн сурагчид 6-8, 9-12, 13-16 гэсэн гурван насны ангилалд өөр өөр бүтээл хийж сурдаг. Хичээл долоон үе шаттай. Анхан шат буюу “L” түвшинд сурагчид нисэх онгоц, усан онгоц, автомашины үзүүлэнгийн загвар хийнэ. Загвар тус бүрийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааны зарчмуудыг мэдэж, хийх арга технологи, ажилбарыг сурч, энгийн багаж хэрэгсэл ашиглаж сурна. Дараагийн шатанд мотортой болон удирдлагатай загвар хийж сурдаг. Дунд шатны түвшинд дунд болон ахлах ангийн анхан түвшинд сурсан хүүхдүүд суралцана. Нэг шатны сургалт нь хоёр сар буюу 32 цаг үргэлжилж нэг ширхэг дуураймал загвар хийдэг. Харин дээд шатны түвшин буюу Н түвшин нь техник спортын тамирчны түвшин юм. Дунд шатанд амжилттай суралцаж зохих түвшинд хүрсэн дунд болон ахлах ангийн хүүхдүүд үнэ төлбөргүй суралцдаг. Түвшин ахих тусам төлбөрийн хөнгөлөлтүүд бий” хэмээв.
Дугуйлан долоон багш, хоёр салбартай. Зарим багш нар зөвхөн хөтөлбөрөө хөгжүүлж, зарим нь хичээлээ заадаг. Бидний сурвалжилж буй тус салбар дугуйлан техникийн загвар хийдэг. Харин нөгөө салбар 25 дугаар эмийн санд байрладаг бөгөөд электроник автомат робот зохион бүтээдэг.
С.Батгэрэл багш “Сурагчдын зуны амралт эхэлж орон нутгийн сурагчид ирж байгаа. Орон нутгаас олон хүүхэд ирж суралцдаг. Тухайлбал, манайд Дорнод аймгийн Халхгол сумаас өвөл, зуны амралтаар ирж суралцдаг хүүхэд байсан. Дугуйлангаа төгсөж эндээ багшилж байгаад оюутан болсон. Одоо ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг. 12 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхэд суралцжээ. Дугуйланд суралцсанаар хүүхдүүдийн сурлагын чанарт ахиц гарч, өөртөө итгэлтэй, зорилготой болдог” гэж хуучлав.
Ангийг ногоон, цагаан өнгөөр хослуулан тохижуулжээ. Хоёр ногоон ширээ, сандал, шкаф, баруун ханандаа “Зохион бүтээгч дугуйлан” хэмээн тод ногоон өнгөөр бичсэн байв. Урд талд нь “Аюулгүй ажиллагааны дүрэм”, дугуйлангийн танилцуулга самбар байлаа. Хана дагасан өндөр, нам шкаф, шүүгээнд хичээлийн хэрэгсэл материалуудаа хийжээ. Орж ирсэн хүн бүрийн сонирхлыг хамгийн их татах зүйл бол хүүхдүүдийн хийсэн үзүүлэнгийн хэсэг. Тэнд өнгө бүрийн усан болон нисэх онгоц, хүнд машин, суудлын машинууд өрөөтэй байлаа. Шүүгээний хамгийн дээд талд байрлуулсан шар өнгөтэй хүнд машиныг наймдугаар ангийн сурагч Б.Батхишиг урлажээ. Гуравдугаар түвшний сурагч Б.Батхишиг “Дугуйландаа хоёр дахь жилдээ хичээллэж байна. Машиныг явуулах л хамгийн хэцүү байдаг. Утаснуудыг зөв холбохгүй бол алдаа гарах магадлалтай. Машины дотоод жижиг деталиудыг хийхэд бага зэрэг хугацаа ордог. Энэ машиныг сарын хугацаанд хийсэн. Эхлээд явах эд анги, дараа нь машины их биеийг хийдэг. Одоо дараагийн машиныхаа явах эд ангийг хийж байна. Би инженер болох мөрөөдөлтэй” хэмээв. Мөн эл ангийн тохижилт сандал, ширээ, шүүгээ, сурагчдын ногоон хормогч гээд бүгдийг багш нар өөрсдөө хийжээ.
Тэднээс хамгийн бяцхан сурагчид болох гуравдугаар ангийн хөвгүүн Г.Буяндэлгэр, Б.Идэрмөнх нар усан завь хийж байлаа. Тэд “Дугуйланд явах гоё байна. Удахгүй машин хийж сурна. Материалаа зүлгэж хэлбэрээ гаргахад жаахан хэцүү, гэхдээ л бэлэн болсон бүтээлээ харах үнэхээр гоё байна. Бид хоёр усан онгоц хийгээд будчихаад хатахыг нь хүлээж байна” гэв.
12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус дугуйлангийн ууган сурагчид өдгөө Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтан, Робоконы шилдэг тамирчид, мэдээллийн технологийн компаниудад электроникч, IT хөгжүүлэлтийн алба болон инженерийн чиглэлийн бүхий л салбарт ажиллаж байна. Тэдний хийсэн, зохион бүтээсэн зүйлс Монгол Улсын гудамж, талбай бүрт бий хэмээн багш нь бахархангуй ярина. Их сургуулийн хоёрдугаар дамжаанаасаа манлайлж, мэргэжлийнхээ аргыг олж шилдэг мэргэжилтнүүд бэлтгэгддэг. Тэд гуравдугаар дамжаанаасаа л ажлын байрны санал авч эхэлдэг. Дугуйланд суралцаж байгаад их сургуульд элсэхэд практикт сурчихсан хүүхдүүд мэргэжлийн хичээлээ маш хурдан ойлгож, сайн сурдаг байна.
Хичээл заах арга барилын хувьд эхлээд хүүхдэд “Би үүнийг хийж чадах юм байна” гэдэг итгэл өгөх хэрэгтэй. Итгэлтэй болсон хүүхэд зорилготой, тууштай байдаг. Хүүхдүүдийнхээ урмыг хугалж огт болохгүй. Аав, ээжүүддээ хүүхдээ битгий шүүмжлээрэй гэж захидаг тухай ч хуваалцсан юм.
Туслах багш А.Гаапэлмаа “Би бага ангийн багш мэргэжлээр суралцдаг. Би өөрөө шинэ зүйл турших, бүтээхдээ дуртай. Дугуйландаа хүүхдүүдтэй ажиллах маш гоё байдаг. Багш нар бага зэрэг чиглүүлээд өгөхөд л хүүхдүүд өөрсдөө бүтээлээ хийчихдэг. Манай XIII хорооллын салбар сондгой тоотой өдрүүд, 25 дугаар эмийн сангийн салбар тэгш тоотой өдрүүдэд хичээллэдэг. Хүүхдүүд маань хичээлээ тарахад л “Багш аа би маргааш ирж болох уу, дараагийн хичээл хурдан ороосой” гэсээр гэр рүүгээ явдаг. Аав, ээж нь хүргэж ирэхдээ манай хүүхэд шөнө унтсангүй гэх үе ч байдаг. Хүүхдүүд маш сониуч, эрэгтэй хүүхдүүд илүү бүтээлч, сууж сурсан байдаг. Охид нямбай, нарийн зүйлс дээр илүү анхааралтай ханддаг. Хүүхдүүд алхам тутамдаа хийж байгаа үйл явцаа шалгуулаад, шинээр нэмэх зүйлс байвал багштайгаа ярилцаж нэмээд бүтээлээ бэлэн болгодог. Тэдний бүтээлээ хараад баярлах, юмны ард гарч байгаа нь маш сайхан” гэв.
Нэг нь машинаа бэлэн болгоход хоорондоо туршлага солилцож, машин нь хараахан бэлэн болоогүй хүүхдүүд “Миний машин ч гэсэн удахгүй бэлэн болоод ингэж давхина” хэмээн баярлана. Хоёрдугаар шатны сурагч П.Ууганбаатар “Би барилгын инженер болох мөрөөдөлтэй Гэртээ байхдаа ч машинаа яаж хийвэл илүү гоё болох вэ гэж боддог. Дугуйланд хичээллэснээр будах чадвар, гарын ур дүйтэй болж, өөр сургуулийн олон найзтай болсон. Өмнө нь чөлөөт цагаараа зайрмагны ишээр байшин барьдаг байсан. Одоо чөлөөт цагаараа найзууд, дүү нар, ах нартайгаа дугуйланд хичээллэдэг болсон” хэмээн ярилаа.
Хүүхдүүд шинэ бүтээл гаргахад хичээл зүтгэл, авьяас чухал. Дугуйланд сурч буй хүүхдүүдийн 90 хувь нь тодорхой хэмжээний авьяастай, өгөгдөлтэй хүүхдүүд байдаг. Тэднээс 15 хувь нь багш зааж өгөөгүй байхад түрүүлж сэтгэдэг техник сэтгэлгээ сайтай гоц хүүхдүүд байдаг аж. С.Батгэрэл багш “Техник загвар зохион бүтээх, зурах, гарын ур дүйтэй хүүхэд гээд авьяас чадвар бүхэн өөр юм. Хүүхдүүдээ хараад “Энэ маань ийм инженер болно доо” гээд л нүдэнд харагддаг. Манай нөгөө салбарт таван настай хүүхэд бий. Аав, ээжийнх нь хүсэлтээр элсүүлсэн. Цаанаасаа өгөгдөлтэй хүүхэд гэж үнэхээр байдаг. Манайд 4-5 жилийн өмнө дөрвөн нас гаруйтай хүүхэд ирсэн юм. Дөрвөн сарын дараа танкны дэлгээг алдалгүй зурж байсан. Хүүхэд тэгж хөгждөг юм билээ. Манай сургалт нас насны хүүхдүүд хамтдаа хичээллэдэг давуу талтай. Том хүүхдүүдийн хийж байгааг хараад анх орж ирсэн хүүхдүүд дам байдлаар суралцдаг. Нэг талаас “Энийг ингэж хийж болох юм байна” гэж биенээсээ суралцах, нөгөө талаас “Би энэ ах шиг чадвартай болно” гээд үлгэрлэдэг. Гуравдугаар түвшний хүүхдүүд тусдаа цэнхэр өнгийн хувцастай, үнэ төлбөргүй суралцдаг. Дүү нар нь энэ ах шигээ болно гэж их хичээдэг” гэв.
Дугуйлангийн нэг шатны сургалт 160 мянган төгрөгийн төлбөртэй, төлбөрт материалын зардал багтдаг ба сурагч хийсэн загвараа өөрөө авдаг юм билээ.
Танкны загвар хийсэн наймдугаар ангийн сурагч Г.Билгүүн “Хоёр сар гаруйн хугацаанд танк хийсэн. Удирдлагатай, буудахаас бусад бүх үйлдлийг хийдэг танк. Танк хийхэд моторын холболт дээр андуурч, явах эд анги бага зэрэг хүндрэлтэй байсан. Машины загвар зохион бүтээгч мэргэжилтэй болно. Одоогоор усан онгоц хийж байна” хэмээв. Багш нь “Билгүүн маш хурдан сайжирч байгаа. Хамгийн хэцүү загваруудыг хийдэг. Танк хийх маш хэцүү, 14 дугуйтай. Бүх дугуйг гинжээр зэрэг эргүүлж явдаг. Үзүүлэнгийн загварууд хамгийн уртдаа 20 гаруй см байдаг бол энэ танк 60 гаруй см урттай, нүсэр танк. Бүх зүйлийг өөрөө зохиож, гарын доорх материал ашиглаж хийсэн. Буудахаас бусад бүх үйлдлийг хийнэ. Буудаж болно, гэхдээ хүүхдүүддээ тийм юм зааж өгч болохгүй” гээд бидэнд танкийг танилцууллаа.
Дугуйланд зөвхөн хөвгүүд гэлтгүй охид ч хичээллэдэг гэнэ. Тэдний хийсэн цагаан, ягаан өнгөтэй усан онгоцны загвар өрөөтэй байв. Хүүхдүүд хоорондоо “Би чиний ярианаас ийм арга оллоо, би энийг ингэж ашиглаж болох юм байна” хэмээн зөвлөлдөж биендээ тусална. Эцэг эхчүүдээс “Хүүхэд маань гэрийнхээ зүйлсийг засаад, ааваасаа илүү болчихлоо. Сурлагадаа ахиц гаргаж, жинхэнэ хоббигоо олжээ” гэх сэтгэгдэл их ирдэг байна. Сурагчид зарим зүйлсийг яаж хийх аргаа олохгүй байвал багш нь гэртээ очиж бодож байгаад ирээрэй гэж хэлдэг. Маргааш нь ирээд “Багш аа би бие засаад сууж байхдаа аргыг нь олчихсон шүү” гэж хүртэл ирдэг. Хүүхдүүдэд маань суръя гэсэн чин хүсэл байдагт их баярладаг тухай багш нь ярьсан юм.
Машины явах эд ангийг хүүхдүүд өөрсдөө хийгээд сурчихвал гадны улсаас авах шаардлагагүй. Дугуйлангийн хүүхдүүд макетаар хийж байна. Дугуйлангийн нэг хүндрэл санхүүгийн бэрхшээл байдаг аж. Машины хамгийн хямд мотор 300 мянган төгрөг, нэг ширхэг дугуй дунджаар 40 мянган төгрөгийн үнэтэй. Дугуйлангийн төгсөгчид машины загвар хөгжүүлэхэд өөрсдийн машиныг тоноглохтой ижил үнэтэй тусдаг. Хүүхдүүдээ аваад дэлхийн хэмжээнд өрсөлдье гэвэл санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Дэлхийн аваргад оролцож буй нисэх онгоцны загварууд 3000 евро буюу манайхаар бол нэг машины үнэтэй гэнэ.
Монгол хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, мэдээллийн технологийн мэргэжилтэн, зохион бүтээгчдийг бэлтгэх зорилготой тус дугуйл ан дотооддоо зорилгодоо хүрсэн гэж үзэж дэлхий рүү чиглэхээр суралцаж байна. Дэлхий даяар мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж, түүний үр нөлөө хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж байгаа энэ үед Монгол Улсад маань чадварлаг боловсон зайлшгүй шаардлагатай.