И.Жаргалсайхан гэх монгол хүүг албадан гаргахыг эсэргүүцэн Шведийн Стокгольм хотод гурван ахлах сургуулийн 1500 сурагч өнгөрсөн долоо хоногт хичээл хаялт зарлан, эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэд “Жагаа үлдэх ёстой” гэсэн лоозон барьж. Чухам юу болсон талаар өгүүлье. Арван нэгэн настайдаа Шведэд очсон И.Жаргалсайхан хүү 18 нас хүртлээ тэндээ амьдарчээ. Түүний эцэг, эх 2006 онд Шведэд очсон бөгөөд 2010 онд хүүгээ Швед рүү татаж авчээ. Тэдний гэр бүлийнхэн визнийхээ хугацааг сунгуулсаар Шведэд өдийг хүрч. Харин энэ удаа оршин суух эрхээ дахин сунгуулахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ч, татгалзсан хариу авсан байна. Хүүгийн эцэг, эх оршин суух эрхээ хөөцөлдөх зуур И.Жаргалсайхан 18 нас хүрч түүний оршин суух эрх нь эцэг, эхээс нь тусдаа яригдах нөхцөл байдал үүсчээ. Энэ улсад арван найман нас хүрвэл насанд хүрсэнд тооцдог учраас хүүг Шведэд оршин суух эрхийг цагаачлалын алба өгсөнгүй. Ингээд хамт суралцдаг найз нар нь монгол хүүгийн төлөө тэмцэл өрнүүлж эхэлсэн байна.
Энэ хооронд И.Жаргалсайхан Монголд сургуульд сурч байсан үеийнхээ таагүй явдлыг дэлгэсэн нь шуугиан тарих нь тэр. “Монголд сурагчдад хатуу даалгавар өгч, хүүхдүүдийг ядраадаг. Даалгавар хийгээгүй бол шийтгэдэг. Нэг удаа хичээл хийгээгүйгээс болж багш нь төмөр шугамаар гарыг минь цохьсон. Хүүхдүүдэд багш нар ялгавартай ханддаг. Хүн амын 3/1 нь ядууралд өртсөн энэ улс хүүхдүүд сургуульд сурахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Багш нар сурагчдадаа ялгаварлаж ханддаг. Мөнгөтэй баян айлын хүүхдэд даалгавраа хийгээгүй байсан ч гайгүй дүн тавьдаг. Монголд дунд сургуульд хүртэл авлига хээл хахууль нүүрлэсэн. Энэ бүхний эцэст шударга бус явдал гэдэг энгийн зүйл юм байна гэж би ойлгосон” гэж цахим хуудастаа бичсэн нь байдлыг хурцатгаж үе тэнгийн найз нөхөд нь түүний эрхийн төлөө тэмцэхэд улам нэмэр болжээ.
Энэ бол Монголд дунд сургуулийн боловсрол эзэмшихэд ямар бэрхшээл байдгийн энгийн л нэг жишээ. Монголын боловсролын салбарын нүүр царай. Цэцэрлэгийн учир мэдэхгүй жаалыг хоолоо идсэнгүй хэмээн зодож байсан багшийн бичлэгийг бид харсан шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгийн эхэнд тавьж, багш шугамаар цохих байтугай элдэв доромж үг хэлбэл багшлах эрхээ хасуулж, бүр цаашилбал шоронгийн хаалга татдаг улсад хүүгийн бичсэн нь аймшигтай харгислал шиг санагдах нь мэдээж. Тиймээс ч хүүхдүүд хүртэл сортхийн тэмцэж байна. Тэд найзынхаа төлөө тэмцэж байгаа ч манай боловсролын системийн бурангуйг энэ тэмцэл нь бас шүүмжилж байгаа хэрэг шүү дээ.
Үнэхээр ч Монголын боловсролын салбар дампуу, хүүхэд хар багаасаа л шударга бустай эвлэрэхээс өөр аргагүйд хүргэдэг. И.Жаргалсайханы бичсэнийг манай сошиалчид өлгөж аваад элдвээр л хэлж байна. Зарим нь ийм шударга бус авлига нүүрлэсэн, боловсролын систем нь дампуу газарт ирэхгүй гэж байгаа хүүгийн зөв гэж байхад нэг хэсэг нь хүний газар үлдэхийн тулд эх орноо мууллаа гэлцэв. Үнэн хэрэгтээ И.Жаргалсайхан хүү “Хаан нүцгэн байна” гэж дуугарснаараа л буруутдаггүй юм бол түүнийг бид яагаад буруутгах ёстой юм. Монголын боловсролын өнөөгийн үнэн төрхийг илчилсний төлөө юунд түүнийг эх орноо бодсонгүй гэж цээжээ дэлднэм. Эх орноо шүүмжлээд Монголд хайргүй болчихдог юм биш. Эх орноо магтаад эх оронч болчихдог юм биш. Хүүгийн бичсэн үгэнд худал зүйл нэг ч алга. Бидний өдөр тутамд тохиолддог, сонсдог, мэддэг л зүйлийг бичиж.
Яг энэ И.Жаргалсайхан хүү шиг гадаадад төрсөн, гадаадад өссөн хүүхдүүдэд Монголын боловсрол гологдож байна. Монголын төр, Монголын нийгэм гологдож байна. Ганц энэ хүү биш өчнөөн олон залуус, бүхэл бүтэн нэг үе ийм байдалд байгаа. Монголын сургууль ямар билээ. Хуучин цагт төрийн дайсны хүүхэд гэж түмний өмнө чичилж, бүгд түүнийг ад шоо үздэг, арай сүүлдээ бөөс, хуурстай, бохир заваан гэж өмд хувцсыг нь тайлуулж анги хэсүүлж, бүгдээрээ түүнийг үзэн ядахад хүргэнэ. Хичээлдээ муу, ариун цэвэр нь муу байвал сургуулийн үүдэнд нэр устай нь томоос том гахай зурна. Эсвэл ширээн дээр нь гахай, нохой зураад тавьчихдаг л байсан шүү дээ. Энэ нь өнөөх хүүхдэд насан туршид дагадаг хор хөнөөлтэй. Тэгээд болоогүй ээ, хаа газрын сурлага тааруу хүүхдүүд голдуу багш болчихдог. Өөрөө чичлүүлж зүхүүлж, гахай, нохойгоороо дуудуулж явсан хүн бусдын хүүхдээс өшөө авч байгаа мэт өмнөх үеийнхнийхээ бурангуй үйлдлийг давтана.
Төр нь эрүүл, мэнд боловсролын салбараа хамгийн сүүлд тавьж, улс төр болгож, хамтарч засаг барьсан намынхаа хэр тааруухан нэгэнд бэлэг болгоод өгчихнө. Өнөөх нь эдгээр салбарыг ёстой л баллаж тавина. Багш нар нь цалин бага, мэдлэг бага, хүүхдүүдэд харгис. Дээр нь үндсэн хичээлээ заахгүй хүүхдэд шашин сурталддаг багш нар ч байна. Нэг жаалхүү “Манай түүхийн багш буруу номтон юм байна лээ” гэж ярьж байхыг сонслоо. Учрыг асуутал хичээлээ зааж байгаад болж л өгвөл Ертөнцийн эзэн энэ бүхнийг бүтээсэн гээд яриад эхэлдэг гэж байна лээ. Нэг ёсондоо хүүхдийн тархийг мухар сүсгээр угаагаад сууж байдаг багш хүн байдаг юм байна. Тэр ч бүү хэл боловсролын салбарт ажилладаг мүүний шашинтнуудын талаар манайхан чамгүй сонссон шүү дээ. Эцэг, эх нь багш нарын болохгүй, бүтэхгүй байгааг хэлбэл хүүхдийнх нь дүнд нөлөөлчихнө гээд тэр бүр хэлдэггүй. Хаа нэг хэлсэн нь үнэхээр ч тэгж хохирдог юм чинь. Хүүхдээ бодоод ихэнх нь дуугүй өнгөрдөг. И.Жаргалсайхан хүү шиг олон хүүхдүүд шугамдуулж үзсэн. Багшийн зодуурын амтыг, элдэв доромжлолыг олон хүүхэд, эцэг, эх тэвчээд өнгөрдөг. Сурагчдынхаа нүдэн дээр архи ууж, тэднийг архи авч ир гэж дэлгүүр гүйлгэдэг багш нар ч байна. Байнга элдэв арга саам хэрэглэж мөнгө нэхнэ. Үүнийг бид хаа нэг шүүмжлэхээс хэтрэхгүй эвлэрсээр өнөөдрийг хүрсэн.
Цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном нь аллага хядлага, хүчирхийлэлтэй. Сурах бичиг нь тэр чигээрээ үсгийн алдаатай. Утга, агуулга нь ойлгохын эцэсгүй. Боловсролын яам нь дунд сургуульд хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөөлдөг уран зохиолын хичээлийг үндсэн хичээлээс хасч, сонгон суралцах хичээлд оруулчихна. Тийм болохоор дээд сургуулийн дипломтой хэрнээ сурах бичгээсээ өөр ном уншиж үзээгүй хүн ажлын талбарт орж ирж байна. Тавдугаар анги хүртэл нь гадаад хэл заахгүй гэсэн атлаа бүгдийг хуучин монгол бичгээр бичихийг хуульчилдаг, хууль боловсруулагчидтай. Монголд ингэж ухралт хийж байх зуур Казахстаны Ерөнхийлөгч бүх хичээлээ англи хэл дээр явуулахыг үүрэгдсэн шүү дээ.
Ийм төртэй, ийм яамтай, ийм сурган хүмүүжүүлэгчтэй салбарыг тийм газар сурч байгаа И.Жаргалсайхан шүүмжлэхгүй яахав дээ. Үр хүүхэдтэй эцэг, эх болгон боломж олдвол гадаадад хүүхдээ сургахыг хичээх болж. Монголын сургууль чанартай бол юу гэж ингэхэв. Нэгэнт гадаадад боловсрол эзэмшсэн бол Монголд суралцахыг юу гэж хүсэх билээ дээ.
Өмнөх сайд нь арай гэж Кембрижийн боловсролын системийг Монголд нутагшуулах гэж мэрийхээр дараагийнх нь гарч ирээд үгүйсгээд байдаг залгамж халаагүй, бодлогогүй төрийг яах билээ. Боловсролын сайд нь хэдэн жилийн өмнө аймгийн Засаг дарга байхдаа яаж хөглөж байсныг манай нийтлэлч өмнө нь бичиж байсан даа. Аймгийн төвөөсөө хориод км-ийн цаана төрийн албан хаагчдын тайллага, тахилга гээчийг хийж, хүмүүсийг хорин кг ноос, зуун мянган төгрөгтэй ирэхийг үүрэгдээд аймгийн төвийн дарга цэрэг, ямбатан тушаалтан бүгдийг ирүүлж өнөөх аваачсан ноосыг нь шатааж тэрэн дээгүүрээ харайлгаж жигтэй юм болсон гэдэг. Энэ зохион байгуулсан хачирхмаар арга хэмжээндээ өөрөө хаан шиг хувцаслаж очоод удирдсан гэх юм билээ. Ийм хүн боловсролын салбар удирдаад бөөгийн зан үйл, мухар сүсэгт итгээд, энэнийхээ хүчинд сайд болсон гэж бодоод сууж байхад энэ салбараас шинжлэх ухаан талын юм гарах уу.
Энэ бүхнийг хүсээгүй монгол хүүг элдвээр хэлээд яах юм. Ирээдүй хойч үед маань эх орон нь гологдож эхэлсэн байна шүү дээ. Хүн гэдэг сайн сайханд тэмүүлдэг. Сайхан амьдрахыг л хүсдэг. Тэр хүү сайхан газар амьдарч, сайн сургуульд сурахыг хүсч. Монголын боловсролын салбарын үнэн нүүр царайг илчилж. Монголын төр улс орноо ямар байдалтай байлгаж байгааг л харуулж байна. Шударга бустай эвлэрч эх оронч нэр зүүгээд тэр хүү яах ч билээ. Дампуу боловсролын системтэй атлаа 50, 60, 90 сая хүн амтай улс оронд байдгаас хэд дахин олон их, дээд сургуультай. Боловсролыг хэрхэн бизнес болгосон нь эндээс харагдана. 190 гаруй их, дээд сургууль нь баахан чанаргүй төгсөгчид үйлдвэрлэнэ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа нь хуруу дарам цөөн. Иймээс боловсролын системээ тэр чигээр нь өөрчлөх цаг болсон. Финляндад гэхэд сайн сурагч гэсэн ойлголт байдаггүй. Сурагч бүр онцгой, эцэг, эх бүр ижилхэн. Сонгоны анги гэж тэнд байхгүй. Аль нэг чухал хичээл гэж байхгүй. Бүх хичээл чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь бусадтайгаа хамт сурдаг. Багш болгон адилхан. Багш нарыг хэн нэгэнд илүү хандахыг аль нэгэн ангид өөриймсөг хандахыг хориглодог. Тэд сурагчдад эрх, үүргийг нь сайтар ойлгуулж, хүн болохыг эхлээд заадаг. Эрх нь зөрчигдвөл хэнд хандахыг сургадаг. Хүүхдийг гутааж, доромжлохыг хориглодог бөгөөд багш нар нь хөдөлмөрийн гэрээгээ ганц жилээр хийж, жил жилээр сунгадаг. Гэрээгээ сунгахын тулд багш нар алдаа гаргахгүй байхыг хичээнэ.
Манайд нам солигдохоор сургуулийн захирал багш нар нь солигдоно. Ирээдүйн хүүхдүүдийн төлөө ажиллаж чадах боловсролтой, чадалтай хүн гэхээсээ аль намыг дэмждэг, хэний хамаатан бэ гэдгээр үнэлж дүгнэж, ажил олгодог. Засаг солигдохоор сургуулийн захирал бас солигддог. Боловсролын систем нь зөв байх нь улс орон зөв хөгжихийн эхлэл. Хуучин ЗХУ-ын боловсролын системээр л Монгол Улс өнөөдрийг хүртэл явсаар ирлээ. Дэлхийгээс олон алхамаар ард хоцорлоо. Японы дунд сургуулиуд долдугаар ангиас л шалгалт авч эхэлдэг бөгөөд муу сурдаг сурагч гэж бараг байдаггүй. Цэцэрлэг, бага ангид нь тэднийг хүн болоход сургаж байна. Дунд ангид орохдоо тэд хэнээр ч хэлүүлэлтгүй хичээлдээ шамдахын чухлыг ойлгочихсон байдаг. Монголын боловсролын систем дампуу тиймдээ ч 122 орноос 115-д бичигдэж байгаа юм. Өөрөөсөө том цүнх үүрч, насандаа томдсон хариуцлага үүрсэн хэрнээ өдөр шөнөгүй багшийн дарамт, шалгалтаар нүдүүлж, доромжлол, зодуурыг тэвчин өсч буй ирээдүй үеийн олон, олон Жагаа хүү эх орноо голсоор л байх болно шүү.