Ираны эрх баригчид томоохон хотуудад жагсаал цуглааны эсрэг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэн тус улсын олон хэсэгт интернэт сүлжээг хаасны дараа Иранд Америкийн технологийн компаниудад тавьсан хориг арга хэмжээг хөнгөвчилж буй тухай шинэ баримт бичиг буюу Иранд интернэтийн үйлчилгээ явуулах лицензийн эрх олгож буй шийдвэрийг АНУ-ын Сангийн яам өнгөрсөн баасан гаригт нийтэлсэн юм. Энэ нь иранчууд интернэт ашиглах, Ираны засгийн газрын хяналтгүй мэдээллийг шууд авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд хийгдсэн гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв. Үүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Бид Ираны ард түмнийг тусгаарлаж, харанхуйд байлгахгүй байхад туслахыг хүсч байна” гэж мэдэгдэв.
Үндэсний хар хувцас Хижабыг буруу өмссөн хэргээр баривчлагдсан 22 настай оюутан Махса Амини амиа алдсанаас үүдэлтэй засгийн газрын эсрэг жагсаал долоо хоног гаруй үргэлжилж байна. Энэ хугацаанд хамгийн багадаа 35 хүн нас барсан гэж албан ёсны хэвлэлүүд мэдээлсэн. Мөн сүүлийн өдрүүдэд Тегеран болон бусад томоохон хотуудад засгийн газрыг дэмжигч жагсаалаас болсон бөгөөд Ираны төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ерөнхийлөгч Ибрахим Раиси “Улс орны аюулгүй байдал, амар амгалан байдлыг эсэргүүцэгчдийн эсрэг тууштай тэмцэхийг уриалсан” аж.
Тэгвэл АНУ-ын Сангийн яамны орлогч дарга Уолли Адейемо “Зоригтой Иранчууд Махса Аминигийн үхлийг эсэргүүцэн гудамжинд гарч байхад Иран дахь хүмүүст үнэ төлбөргүй мэдээллийн урсгалыг хүргэх хүчин чармайлтаа АНУ хоёр дахин нэмэгдүүлж байна” гэж мэдэгдэв. Шинэ лиценз нь олон нийтийн сүлжээ хоорондоо шууд харилцах видео программыг хориг арга хэмжээнээс чөлөөлж, хэрэглэгчдэд орон нутгийн хязгаарлалтыг давж, интернэт дэх нууцлалыг хадгалах боломжийг олгодог “VPN” үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай программыг үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг бий болгож байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай жиргэсний хариуд тэрбумтан бизнес эрхлэгч Илон Маскмөн “Иранд “Starlink”-ийг ажиллуулж эхэлсэн” гэж бичсэн байна. Маскийн “SpaceX”-ийн эзэмшдэг “Starlink” гэх дэлхийн хиймэл дагуулын систем нь бусад сүлжээ найдваргүй, үнэтэй эсвэл ашиглах боломжгүй газруудад өндөр хурдны өргөн зурвасын интернэт сүлжээ бий болгох чадвартай юм.
Курд гаралтай, 22 настай оюутан Махса Амини охины хиджаб буруу өмссөн хэргээр цагдаагийн газарт саатуулагдсаны дараахан комд орж, гурав хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Эрх баригчдын мэдээлснээр нас барсан шалтгаан нь зүрх зогссон юм байна. Гэвч Аминигийн ойр дотныхон нь түүнийг хэзээ ч зүрх нь өвдөж байгаагүй гэж ярьсан бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр, эмэгтэйг машин дотор болон цагдаагийн газарт зодсон юм байна. Иргэдийн эсэргүүцэл Махсаг нас барсны маргаашнаас эхэлжээ. Түүнийг оршуулах ёслолд оролцсон эмэгтэйчүүд толгойн алчуураа тайлж, эсэргүүцэн “Дарангуйлагчид үхэл” гэж хашгирч эхэлсэн аж. Үүний дараа орон даяар хүмүүс цугларан ялангуяа курдууд амьдардаг бүс нутагт олныг хамарсан жагсаал эхэлжээ. Жагсагчид гудамж талбайг хааж, хамгаалалтын албаны хана руу чулуу шидэж, цагдаагийн машин, хогийн савыг шатааж, засгийн газрын эсрэг уриа лоозон барьжээ. Эмэгтэйчүүд хижабаа шатааж, үсээ тайрч эхэлсэн байна. Цагдаа нар жагсагчдыг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж тараах гэж байсан бол дараа нь цагдаа нар жагсагчид руу шууд буудсан гэх мэдээлэл ирэх болсон байна. Гэвч иргэдийн эсэргүүцэл үргэлжилсээр байна.
Ираны сүүлчийн хаан шах Мохаммед Реза Пехлеви 1941 онд Их Британи, Зөвлөлтийн цэргүүд тус улсаас гарч явсны дараа засгийн эрхийг ааваасаа өвлөн авчээ. Энэ хаан Англи ялангуяа АНУ-ын хөрөнгө оруулалтыг татан, эмэгтэйчүүд тэгш эрхтэй болж иранчууд яг л тэр үеийн барууны улсууд шиг амьдарч эхлэв. Ийнхүү Шахын Иран нь Израильтай найрсаг харилцаатай цорын ганц Исламын улс болох нь тэр. Энэ байдал иргэдээ дарангуйлах дуртай хөрш арабын улсуудын удирдагчид төдийгүй ЗХУ-ын дургүйг хүргэв. Тэд Ираны шашны удирдагчийн талынхныг санхүүжүүлж эхлэв. Шахыг эсэргүүцэгчдийн уриа нь “Гадныхан шахтай нийлэн бидний баялгийг тонож байна!”. Ийнхүү 1979 онд Иранд лалын хувьсгал гарч, шах Мохаммед Реза Пехлеви гадаадад цагаачилж эх орноосоо хөөгдөөд байсан шашны тэргүүн аятолла Хомейни гаднаас баяр ёслолын байдалтай эх орондоо ирж, ор нэр төдий ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг гарган өнөөдрийг хүртэл өөрийн биеэр Иран улсыг удирдаж ирэв. Үлгэрлэвэл, манай Чой ламтан гадны хөрөнгөөр төрийн эргэлт хийн, их дээд сургуулиуд, бар, ресторан, театруудыг хааж бүх хүнийг ламд мөргөж, эмэгтэйчүүдийг “улаан, шарыг намируулан” байнга нүүрээ далдалж байх зарлиг буулгасантай адил зүйл болсон хэрэг. Үр дүн нь өнөөдөр болж буй үйл явдал.Америк жийнстэй байсан Иран бүсгүйчүүд үндэсний хувцас болох хар хижаб өмсөх болсон түүх ердөө л энэ.
Г.АМАРСАНАА