АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэхийн тулд тус улс руу дахин 1500 тусгай цэрэг илгээхээ мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлсэнээр “Цэргүүд байлдааны бус зөвхөн цэргийн зөвлөх, сургуулилтыг хариуцна. Нэг үгээр Иракийн Батлан хамгаалах яаманд зөвлөгөө өгч, хэт даврагчидтай тулалдах байлдааны төлөвлөгөө гаргах зэрэг чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ. “Нэмэлт цэргүүдийг хаана төвлөрч ажиллахыг Иракийн Засгийн газар шийднэ” гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл мэдэгдсэн байна.
Чак Хейглийн хэлж буйгаар удахгүй илгээх 1500 цэрэг Иракийн есөн арми, курдын гурван бригадын цэргийн сургууль бэлтгэлийг хариуцах юм байна. Мөн Ерөнхийлөгч Барак Обама Конгрессоос “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэхийн тулд дахин 5.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүсэлт гаргаад байгаа гэнэ.