Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ингэтэл хулхидах ч гэж дээ || DNN.mn

Хэдэн жилийн өмнө бичил хорооллын хойд талын байрны урд байшин барихаар нүх ухаад эхлэв ээ. Оршин суугчид нь эсэргүүцээд бөөн юм болов. Гэтэл тухайн барилгын эзэн бололтой нэг эрхэм гарч ирээд “Хүүе ээ, энд архинаас гаргах төв барих гэж байгаа юм аа. Хүмүүст хэрэгтэй шүү дээ. Эргэн тойронд маань архинд орсон хүмүүс зөндөө байна” гэж уяртал донгодоод хүмүүсийн эсэргүүцлийг нам дарсан юм. Бас болоогүй ээ, барилгынхаа эргэн тойронд “Архинаас гаргах төвийн байр” гэсэн том бичиг нэмж хадлаа. Өнөөдөр тэнд дөрвөн давхар хүнсний дэлгүүр ажиллаж байна. Юун архинаас гаргах төв бэ. Харин архи зардаг болсон.

120 мянгатын шар байрнуудын дунд хэдэн жилийн өмнө бас л нүх ухаад эхэлсэн. Мэдээж, оршин суугчид эсэргүүцээд жагсав. Хорооноос хүмүүс ирж “Наана чинь хороо болон эмнэлэг, цагдаа байрлах жижигхэн хоёр давхар байр барих юм. Та нарт төрийн үйлчилгээ ойртож байна. Байшин сүүдэрлэж нар халхлахгүй” гээд ухуулав. Үнэхээр тэнд хорооны хоёр давхар шар байшин барьсан л даа. Гэхдээ дэргэд нь 12 давхар орон сууцны байр зэрэгцээд сүндэрлэн боссон юм.

Хотын төвд сүндэрлэх Шангириллагийн байрыг барихад анх мөн л худлаа ярьсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн өргөтгөл энэ тэр гэж бурсан. Дуурийн театрын урд талын өндөр шилэн барилгыг бариулахгүй гэж эсэргүүцэхэд мөн л молгидож дөнгөсөн. Төв талбайн урд хачин гоё, орчин үеийн усан оргилуур барина гээд машинаар усаа зөөж ажилладаг нэг юм хийсэн.

Эдгээр бол зүгээр л жишээ. Эрх баригчид байнга л худлаа ярьж, анх ярьснаасаа эсрэгээрээ ажилладаг. Ингэж хулхидуулсаар байгаад хаширчихсан иргэд нь Хүүхдийн паркийн хашааг аваад эхлэхээр есөн шидээр нь хардаж сууна. “Барилга барихгүй, цэцэрлэгт хүрээлэн болгоно” гэж дарга нар нь ам тангаргаа өгөөд байхад итгэхгүй. Төдийгөөс өдий хүртэл хулхидуулсаар ирсэн хүмүүс итгэхгүй байх нь аргагүй. Харин барим тавим цэцэрлэгт хүрээлэн нүдэн дээр нь босвол л нэг юм итгэж тайвшрах байх даа.

Ард түмнээ ингэтэл хулхидах ч гэж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *