Өнгөрсөн сарын Инфляцын тайланг төв банкнаас гаргаж, нээлттэй сонсгол хийв. Энэ үеэр олон улсын туршлагад тулгуурлан иргэд, ААН болон шинжээчдийн инфляцийн хүлээлтийг тооцоолсноо танилцуулав. Ингэхэд иргэд инфляцийг энэ оны эцэст 8.2, ААН-үүд 5.1, шинжээчид 7.8 хувьтай байхаар хүлээлттэй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 8.1, Улаанбаатарт 9.7 хувьд хүрээд байна. Оны өмнө нийслэлд 9.3 хувьтай байсан инфляц Сар шинийн баяртай холбогдуулан бага зэрэг өсжээ. Сүүлийн хоёр сард инфляц эрэлтээс шалтгаалан огцом өссөн тухай Төв банкнаас мэдээлж байв. Тухайлбал, ирэх хавар нийслэл рүү нүүрс оруулахыг хориглосноос үүдэн түлээний үнэ өсөх, мөн өвлийн улирал эхлэхтэй холбогдуулан иргэд идшээ бэлддэг тул махны үнэ нэмэгдэх зэргээс шалтгаалан махны үнэ өссөнтэй холбон тайлбарласан юм. Тэгвэл энэ онд Азийн хөгжлийн банкнаас ДНБ өсөлтийг 4.3 хувь болж, инфляц улсын хэмжээнд долоон хувь байна гэж таамагласан юм. Харин ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд инфляцыг 6.8 хувьд байхаар таамагласан бол Монголбанк найман хувьд барихаар болсон.