Иргэн Мэндийн Дамдинхүү миний бие УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Борхүүгийн Дэлгэрсайханы хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэгэн хэргийн талаар шүгэл үлээж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд нээлттэй зарлаж, Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэн нийтэд танилцуулсан юм. Энэ танилцуулга урилгын дагуу манай “Өмнийн говийн хар алт” ХХК Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын энэхүү тогтоолын хавсралтад заагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөл талбайд эрэл хайгуулын ажил хийхээр сонгон шалгаруулалтад бэлтгэж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад хайгуул хийх хүсэлтээ танилцуулж, талбайн анхдагч танилцуулгыг бэлдсэн юм. Гэтэл АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр а/167 дугаар тушаал хууль бусаар гаргаж, дээрх Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөлийн 74347.47 га бүхий талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа ХЯЗГААРЛАГДМАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ болгочихсон. Ингээд хууль бус тушаалын дагуу 2017 оны 09 дүгээр 18-ны өдөр АМГТГ-ын Кадастрын хэлтсээс дээрх талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа манай компанийг оролцуулаагүй. Гэтэл Б.Дэлгэрсайхан өөрийн хамаарал бүхий “АТТИКА констракшн” ХХК-ийг төрийн өмчийн оролцоотой мэт хуурамчаар харагдуулж залилан мэхэлсэн. Энэ сонгон шалгаруулалтад тэрээр залилангийн болон авилгын хоёр хэргийг бидний нүдэн дээр хослуулан үйлдсэнд гомдолтой байна. ОНӨААТҮГ-ыг буюу “Дорноговь байгалийн баялаг” ХХК-ийн оролцоотой “АТТИКА констракшн” гэх хуулийн этгээдийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэн яаралтай горимоор улсын бүртгэлд бүртгүүлж, будлиан хутгаж төр орон нутгийн өмчийн оролцоотой болгон харагдуулаад дараагаар нь Б.Дэлгэрсайхан өөртөө гувчуулсан.
УУХҮ-ийн сайд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Аттика констракшн” ХХК-ийн хууль зөрчин ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДЛААР зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” чиглэл өгсөн нь энэ сонгон шалгаруулалтыг хууль бус гэдгийг нотолсон.
Б.Дэлгэрсайхан төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нэрийг ашиглаж давуу эрх эдлэн нээлттэй тендерийг хязгаарлагдмал болгож өөрсдийн санаа зорилгыг гүйцэлдүүлсэн. Ингэж хүслээрээ тендерийг авчихаад дараа нь залилан хийж хайгуулыг маш богино хугацаанд цаасан дээр үйлдэж, улмаар төрийн оролцоотой зохиомол нэгжээсээ өөрийн хамаарал бүхий 4 аж ахуйн нэгжид нийт талбайн 90-100 хувийг шилжүүлсэн үйлдэл нотлогдоод байна.
Ийм шударга бус үйлдэл, хуулийг илт зөрчсөн хэрэгтэй иргэн М.Дамдинхүү миний бие 2017 оноос хойш тэмцэж, хууль шүүхийн бүхий л байгууллагаар ном журмын дагуу гомдол гаргаж явсаар өнөөдрийг хүргэлээ. Өнгөрсөн сарын 27-нд АТГ-т миний бие Б.Дэлгэрсайханд эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай гомдол гаргасан болно.
Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Эрхэм гишүүний энэхүү хууль бус үйлдэлд та бүхэн анхаарал хандуулж, сонгон шалгаруулалтыг цуцалж, буруутай этгээдэд зохих ёсны хариуцлага хүлээлгэж, иргэн миний гомдлыг барагдуулахад зохих ёсоор анхаарал хандуулна гэдэгт найдаж байна.
Шүгэл үлээгч иргэн М.Дамдинхүү
2024.04.10-ны өдөр