Дэлхийн тэргүүн баянд тооцогддог Илон Маскийн SpaceX компанийн шалгуурыг 14 настай хүү хангасан тул ажилд орохоор болжээ.
Кайран Кази тус компанид программ зохиогчоор ажиллах юм байна.
“Манай гарагийн хамгийн гоё компанид орж, Старлинкийн инженерийн багт программ зохиогчоор ажиллахаар боллоо. Миний нас, туршлагад хуучинсаг үзлээр хандаагүй ховор компаниудын нэг энэ юм” гэж тэр Пүрэв гарагт Linkedin хуудсандаа бичжээ.
Кази нь Санта Кларагийн их сургуулийн инженерийн сургуулийг хамгийн залуудаа төгссөн хүн болж байгаа юм байна.
Тэрбээр удахгүй Калифорни мужийн Плизантон хотоос ээжийн хамт Вашингтон мужийн Рэдмондод нүүж, SpaceX компанид ажиллаж эхлэхээр болжээ.
Кази хоёр настайдаа бүтэн өгүүлбэр хэлж чаддаг болсон бөгөөд цэцэрлэгт байхдаа бусад хүүхдүүд, багш нарт радиогоос сонссон зүйлээ ярьж өгдөг байсан гэнэ.
Ердийн сургуулийн хөтөлбөр хүүд хангалтгүй байсан тул эцэг эх нь түүнийг гуравдугаар ангид буюу есөн настай байхад Калифорнийн нэг коллежид шилжүүлж байжээ.
Тухайн жилдээ Кази ерөнхий хүн амын IQ тестийг өгөхөд 99.9 хувийн үр дүн үзүүлсэн байна.
Улмаар 11 настайдаа Санта Клара их сургуулийн компьютерын ухаан, инженерийн ангид суралцаж эхэлжээ.
Өнгөрсөн онд Кази кибер тандалтын Blackbird.AI компанид хиймэл оюуны чиглэлээр дөрвөн сарын хугацаанд дадлагажиж байсан байна.
“Уламжлалт ойлголтоор бол би хүүхэд насаа алдаж байгаа хүн. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Хэрвээ тэр ойлголтыг дагасан бол би одоо дунд сургуулиа л төгсөж байх байлаа” гэж Кази хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Business Insid