Categories
гадаад мэдээ цаг-үе

Их Британийн хунтайж Харри, Меган Маркл нарын ярилцлага шуугиан тарив

Их Британийн хунтайж, Сассексийн гүн Харри нь гэргий Меган Марклын хамт саяхан Опра Унфригийн хөтлөн явуулдаг нэвтрүүлэгт оролцож, илэн далангүй ярилцлага өгчээ. Хатагтай Меган Букингемийн ордонд байхад нь тулгарч байсан сэтгэл зүйн олон асуудал, ордныхноос тусламж хүсэхэд татгалзсан хариу авч байсан гээд олон сонирхолтой баримтыг дэлгэсэн аж. Тухайлбал, тэрээр хатан хааны гэр бүлийг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч” гэж ойлгогдох үг хэлсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан юм.

Меган ярихдаа хүү Арчи нь мэндлэхийн өмнө хатан хааны гэр бүлийн хүрээнд хүүгийн арьсны өнгө ямар байх бол гэсэн асуудал хөндөгдөж байсан. Үүнээс хамаарч тэдэнд язгууртан цол хэргэм олгох эсэх асуудал яригдсан гэжээ. Энэ нь залуу хосуудыг жирийн хүний амьдралаар амьдрах шийдвэр гаргахад хамгийн ихээр нөлөөлсөн хэмээн онцолсон байна.

Букингемийн ордныхныг төдийгүй британичуудын сэтгэлийг түгшээгээд авсан уг мэдэгдлийн дараа Их Британийн хатан хаан Элизабет II байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Меганы мэдэгдлийг нухацтай авч үзэхээ илэрхийлж, Букингемийн ордонд хөндөгдсөн бүхий л асуудлыг нааштай шийдэхээ амлажээ.

Хатан хаан Элизабет “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Харри болон Меган нарт хэчнээн хэцүү зүйлс тохиолдож байсныг манай гэр бүл бүрэн дүүрэн мэдээгүйдээ үнэхээр харамсаж байна. Ярилцлагын үеэр хөндөгдсөн сэдвүүд, тэр дундаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан асуудал маш их эмзэглүүлж байна. Тухайн үеийн зарим дурсамжууд хүн бүрт янз бүр үлдсэн байж болох тул бид энэ асуудлыг гэр бүлийн хүрээнд дотроо шийдэх болно. Харри, Меган болон Арчи нар үргэлж манай гэр бүлийн хүндтэй, хайрладаг гишүүд байх болно” гэж мэдэгджээ. Харин Английн угсаа залгамжлах хунтайж Чарльз отгон хүүгийнх нь гэр бүлтэй холбоотой уг асуудалд байр сууриа илэрхийлэхээс татгалзсан байна.

Нэрт хөтлөгч, хэвлэлийн магнат, тэрбумтан Опра Уинфригийн дээрх ярилцлага өнгөрсөн даваа гаригт Их Британи даяар цацагдсан агаад 11.1 сая хүн үзэж сонирхсон байна. Үүнтэй зэрэгцэн Харри, Меган нарын ярилцлагыг сонссон Их Британийн ITV телевизийн сувгийн “Өглөөний мэнд, Британи” нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт сэтгүүлч Пьерс Морган хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нарын талаар байр сууриа илэрхийлснийхээ төлөө ажлаасаа халагджээ. Учир нь түүний мэдэгдлийн дараа тус телевизийн редакцид 40 мянга гаруй гомдол ирсний дагуу ийм арга хэмжээ авчээ. П.Морган “Энэ нь миний хэрэг биш ч гэлээ Меган авхайн хэлсэн ярьсан зүйлд олон эргэлзэх, үнэнд нийцэхгүй зүйл байна” гэж хэлжээ. Тэрээр мэдэгдэхдээ “Харри болон Меган нар Их Британийн хатан хааныг хүндлээгүй, ярилцлага нь “гутамшигтай, хатан хааны нэр хүндийг унагаахад чиглэгдсэн суртал ухуулга боллоо” гэв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *