Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их аваргын хайрыг татсан монгол бүсгүй

Мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд сүйт бүсгүйгээ албан ёсоор танилцуулав. Тэрээр энэ сарын башё эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө дэвжээнд сэтгүүлчдийг урин хэвлэлийн бага хурал хийсэн. Энэхүү хуралд дэвжээний багш болон сүйт бүсгүйнхээ хамт оролцжээ. Их аваргын сонгосон бүсгүйг Дашнямын Мөнхзаяа гэдэг, 23 настай. Японд очоод хоёр жил болж буй бөгөөд Токио хот дахь япон хэлний сургуулийн хоёрдугаар курсын оюутан гэнэ. Тэд өнгөрсөн жил Риогоку дүүрэг дэх “Улаанбаатар” нэртэй монгол хоолны газар танилцжээ. Танилцсан цагаасаа хойш утсаар ярин байнга холбоотой байсан гэнэ. Харин М.Анандыг гуравдугаар сарын башёд түрүүлсний дараа буюу их аварга цолтой болсноос хойш болзож эхэлжээ. Удалгүй бие биедээ хайртай болсноор нэг гэрт хамт амьдрах болсон байна.

Д.Мөнхзаяа өдгөө таван сартай хөл хүнд ажээ. Ирэх тавдугаар сард амаржина. Тэд энэ сарын башё дууссаны дараа гэр бүлээ албан ёсоор батлуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Харин энэ талаар М.Анандын дэвжээний багш нь “Японы ахмад настнууд эхлээд гэр бүлээ батлуулаад, дараа нь үр хүүхэдтэй болох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Харин сумод барилдаж байгаа монгол бөхчүүдийн ихэнх нь эхлээд үр хүүхэдтэй болоод, дараа нь гэр бүлээ батлуулдаг. Залуу хосууд маань хайр сэтгэлдээ умбан нэлээн яарсан бололтой” хэмээн ярьжээ. Харин өдгөө 29 настай М.Ананд сүйт бүсгүйнхээ тухай “Бид шинэ хүнээ догдлон хүлээж байгаа. Гэргий минь надад магадгүй удам залгах хүү төрүүлж өгөх байх. Өнгөрсөн он миний хувьд сайхан жил байлаа. Их аварга цолонд хүрэхийн зэрэгцээ гэр бүлтэй болсондоо их баярласан. Түүний эрч хүчтэй, аливаа юманд амархан бууж өгч сэтгэлээр унадаггүй зан надад таалагддаг. Амжилт гаргах эрч хүч өгдөгт нь баярлаж байгаа. Сайхан бүсгүйтэй гэрлэсэн болохоор улам сайн барилдаж энэ онд түрүүлэх болно” гэсэн байна. Мөн ирэх онд хүүхдээ төрсний дараа хурим хийх тухайгаа ярьжээ. Түүний сүйт бүсгүй Д.Мөнхзаяа “Хүн бүр өөрийн амьдралаа сайхан байлгахыг хүсдэг. Миний хувьд түшигтэй, ноён нуруутай залуутай гэрлэж байгаа болохоор сайхан амьдарна гэдэгтээ итгэж байгаа. Тайван амгалан, аз жаргалтай, халамжтай ханьтай сайхан гэр бүл миний нүдэнд төсөөлөгдөж байна” гэжээ.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *