Categories
мэдээ нийгэм

Их аварга Д.Дагвадоржийг бөхийн дүрэм зөрчсөн гэжээ

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ой тохиосон. Энэ үеэр Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж амлаж байсныхаа дагуу нутгийнхаа бөхийн барилдаанд зодоглож, аавынхаа хүсэлтээр нутгийнхаа зон олныг баясгасан аж. Тэрээр барилдахдаа аавынхаа зааны малгайг өмсөөд гарчээ. Улсын манлай зааны олон шөвгөрсөн малгайтай залуу бөх Д.Дагвадоржийн наадамчдыг баясгасан барилдааныг харсан олон түмэн “Аавынхаа малгайг өмсөх нь зөв. Хүн аавынхаа эдэлж хэрэглэж байсан зүйлийг өмсөж эдлэх учиртай” гэж ярилцсан байна. Гэвч цөөнгүй хүн “Монгол бөх ёс жудгаа алдлаа. Улсын зааны малгайг өмсөж болохгүй. Танихгүй хүмүүс улсын заан гэж андуурна” гэх мэтээр цэц булаалдсан сурагтай.

Тэр ч бүү хэл “Монгол бөхийн дүрэм журмыг зөрчлөө. Улсын зааны малгайг хийх стандарт байдаг. Тийм дүрэм журмаар хийсэн малгайг ингээд өмсөөд олны өмнө барилдаад байж болохгүй” гэж нилээд маргалджээ. Эх сурвалжийн мэдээлснээр МҮБХ энэ үйлдэлд тун таагүй хандаж байгаа аж. Тус холбооны цэцдийн зөвлөлийн зарим хүмүүсийн яриагаар “Б.Бат-Эрдэнийн малгайг охин нь өмсөөд явж болохгүй. Х.Баянмөнхийн малгайг Б.Гантогтох өмсөөд гараад ирвэл олон нийт дургүйцнэ. Тийм л зүйл боллоо. Энэ асуудалд хариуцлага ярих болно” гэжээ. Сонирхуулахад, Дагваа аварга нутгийнхаа 80 жилд зориулан сумын хаалгыг барьж байгуулж, бөхийн барилдааны бүх байг даажээ. Мөн сумынхаа хүн эмнэлэгт түргэний машин, төрөхийн тоног төхөөрөмж зэрэг олон бэлэг гардуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *