АН-ын дэд дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Ирэх оны улсын төсөв батлагдлаа. Сөрөг хүчний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн хоёр жил төсвийн тэлэлт хэт данхайж байгааг бүгд харж байна. Гэтэл иргэдийн цалин, хөлс тэр хэрээр өсөхгүй байна шүү дээ. 2024 оны төсөвт дүн шинжилгээ хийгээд харахаар ажлын байр, цалин хөлс нэмэгдүүлэх бодлого алга. Тэгсэн хэрнээ гарч байгаа задаргаа нь сонгууль руу чиглэсэн төсөв боллоо. Мэдээж сонгуулийн дараа төсвийн тодотгол хийж л таарна. Энэ нь эрх баригчдад огт хамаагүй юм шиг л аашилж байна. Тэд сонгууль угтаад 2024 оны зургадугаар сар хүртэл иргэдийн цалинг нэмнэ, тэтгэврийг 100 мянгаар нэмнэ гэдэг ч юм уу хоосон амлалтуудаа ярьсаар л байх болов уу. Монгол Улс ирэх онд 60 сая тн нүүрс экспортолно гэж төсөөлөөд төсвөө баталчихлаа. Бодит байдал дээр энэ нь тун эргэлзээтэй харагдаад байгаа. Уг нь “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг дээ. Гэтэл сая баталсан төсөв эсрэгээрээ. Дараагийнхаа хүмүүст том дарамт болох төсөв батлагдлаа.
-МАН татвар нэмэхгүй гэж сонгуульд ялалт байгуулсан. Гэвч гарч ирсэн цагаасаа хойш татвар нэмсээр ирлээ. Сүүлд УИХ-ын дарга НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох талаар ард түмнээс санал асуулга авсан ч ажил хэрэг болгож чадсангүй. Бас түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд баахан татвар нэмэхээр оруулж ирлээ. Эдгээр асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилгыг 100 гаруй мянган хүн дэмжсэн. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Иргэдээсээ санал аваад санаачилга гаргаад ажиллах нь уу гэтэл тэгсэнгүй. Сангийн сайдынхаа барьцаанд ороод Засгийн газрын ганц гишүүний эрх мэдлийг дийлэлгүй, парламентынхаа ч босгыг давуулж чадсангүй.
Эрх баригчид гүйцэтгэх засаглалдаа дөнгөлүүлчихсэн өрөвдөлтэй харагдаж байна. УИХ-ын бүрэн эрхийг хадгалж чадахгүй байгууллага болгочихлоо. Ардчилсан нам НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжсэн иргэдийн 100 мянган саналыг үнэгүйдүүлэхгүй. Хэрэв АН-д бодлогоо хэрэгжүүлэх боломж олдвол НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь хүртэл нэмэх ажлыг заавал хэрэгжүүлнэ.
Эрх баригчид татвараа бууруулдаггүй юм аа гэхэд бүр нэмсэн шийдвэрүүдийг гаргахаар завдаж эхэллээ. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн бариад хэлэлцэхээр болж байх шиг байна. Хотыг газар олголтоор бетон ширэнгэ болгочихоод зогсоолгүй үл хөдлөх хөрөнгийн татвар авах юм гэнэ. Хэрэв тухайн байгууллага зогсоолгүй байвал нэг хувийн татвар авна гэсэн. Дээр нь автомашины татварыг нэмэгдүүлж байгаа юм байна. Автомашинаас гарч байгаа утаанаас агаарын бохирдлын татвар гэж бас нэмэхээр болж. Хотын төв рүү зорчих юм бол 27500 хүртэлх татвар ногдуулах юм байна. Уг нь гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр АН-ын үед иргэдийн өөрсдийнх нь санаачилгад тулгуурлаж хийдэг байсан. Гэтэл энэ ажлыг албадлагын, захиргааны аргаар шийддэг болж байгаа нь үнэхээр харамсалтай. Ганцхан хуулиар иргэддээ ийм олон татварын дарамт учруулаад зогсохгүй хязгаарлалтууд хийж байна. Ингээд зогсохгүй зорчих эрхийг нь хүртэл хязгаарлаж байна. Эрх баригчдын энэ шийдвэрт нийгэм тэр чигтээ бухимдаж байна. Үнэхээр түгжрэлийг бууруулах гэж байгаа юм бол эхлээд нийтийн тээврийнхээ асуудлыг шийдэх ёстой. Нийгэмд ил болсон ногоон автобустай холбоотой асуудлаа нэг талдаа гаргах хэрэгтэй. Өнөөдөр хэвлэлээр ногоон автобусны хэрэгт 20 гаруй хүний нэр яригдаад байна. Энэ дотор баахан төсөл батлуулсан Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нар алга. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад бүхэл бүтэн 318 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн байгаа шүү дээ. Гэтэл энэ хүн хуулиар хэрэгжүүлсэн ажлаа би мэдэхгүй гээд зугтаад явж байгаа эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. Ногоон автобусны хэрэгт нийслэл хотод төрийн алба хашиж байгаа хүмүүс л хариуцлага хүлээгээд явах бололтой. Эндээс гол шийдвэр гаргасан улс нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, МАН-ынхаа ард нуугдаад төрийн хэдэн албан хаагчдад хэрэг тохоод өнгөрөх юм байна гэдэг дүр зураг харагдаж байна.
МАН Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг явуулах гэж янз янзаар үзэж байна л даа. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарын автозамд тэг зогсолт боллоо. Иргэд энэ түгжрэлийг хиймлээр үүсгэсэн байх магадлалтай гэж харж байна. Тэр өдөр замын хөдөлгөөнийг зохицуулсан цагдаагийн албан хаагч гэж харагдсангүй. Хичээл сургууль амарчихсан үед түгжрэл иймдээ тулдаггүйг нийслэлчүүд сайн мэднэ. Энэ бол өөрсдийнхөө оруулж ирсэн хуулиа яалт ч үгүй зөв юм аа гэж иргэдээр дэмжүүлэх гэсэн заль болохыг нийгмээрээ анзаарчихлаа. Эрх баригчид албаар иргэдийн бухимдлыг төрүүлж байгаад өөрсдийнхөө хуулийг явуулдаг. Эсвэл сенсаци дэгдээж байгаад шийддэг тэр арга юм биш үү гэж харагдаж байгаа.
-Танай намд татварыг бууруулах ямар шийдлүүд байна вэ. Магадгүй ирэх сонгуульд бүх татварыг 10 хувь болгож бууруулна гэж зарлавал ялалт байгуулах юм биш үү?
-АН “Өрийн дарамтгүй Монгол” аяныг орон даяар өрнүүлж байгаа. Энэ аяны хүрээнд иргэдэд ирж байгаа өрийн дарамт яг яаж тусаад байна вэ. Улмаар 2024 оны мөрийн хөтөлбөртөө татварын бодлогыг хэрхэн тусгах талаараа иргэдээс санал авч хэлэлцүүлж байгаа юм. Өнөөдөр өрөнд ороогүй монгол хүн гэж алга. Хүн болгон цалингийн, тэтгэврийн, оюутны, малчны, гар утасны, автомашины, ипотекийн зээлтэй байна. Залуучуудад ирээдүйнхээ төлөө гэсэн хүсэл эрмэлзэл алга. Зүгээр өр төлөхийн төлөө амьдарч байна. Монгол Улс түүхий эдээ экспортлоод мөнгө орж ирж байна, эдийн засаг өсөөд байна гээд л Засгийн газар нь цээжээ дэлдээд байдаг. Гэтэл хөрсөн дээрээ тэр эдийн засгийн хүртээмж нь иргэдэд очихгүй байна. Тиймээс үүн дээр зөв бодлого оруулж ирэхгүй бол нийгмийн дөрөв, таван хувь нь баян, 95 орчим хувь нь ядуу гэсэн схем рүү шилжих нь ээ. Уг нь ардчилсан орны 70, 80 хувь нь дундаж давхарга байх юм бол тогтвортой хөгжингүй орон руу ордог. Гэтэл одоо эсрэгээрээ ядуурал нь түрээд ирэхээр Монголын нийгэм тогтворгүй болох аюул нүүрлэж байна. Нэг монгол иргэнд ногдох гадаад өр 33 сая төгрөг хүрчихлээ. Харин нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л байна шүү дээ.
-Сүүлийн үед танай намын зарим хүмүүс Л.Гантөмөр даргыг өргөдлөө өг гэж шаардаж байгаа харагдсан. Түүнийг намын байран дээрээ үзэгддэггүй гэх юм билээ. Нам дотор үл ойлголцол байна уу?
-АН-д дүрмийн болон бүтэц зохион байгуулалтын хүрээнд маргаантай асуудал байхгүй. Нам хамтын удирдлагын тогтолцоо руу шилжсэн. АН-ын 15 дэд дарга, намын удирдах зөвлөл гээд тогтмол ажлаа хийгээд явж байгаа. Манай нам дотор фракцаараа нийлээд намын даргыг өргөдлөө өг гэж шахаж шаардсан асуудал байхгүй. Намын даргын зөвлөлийн хурал тогтмол явагдаж байгаа. Л.Гантөмөр дарга байнга ирж үүрэг, чиглэлээ бидэнд өгдөг. Бид ч ажил үүргийн хуваариа аваад явж байгаа.
-АН генсек, хотын намын хорооны дарга хоёрыгоо яагаад тодруулахгүй удаад байгаа юм бэ. Сонгууль тулчихлаа шүү дээ. Цаг байгаа юу?
-Нийслэлийн намын хорооны даргын сонгууль энэ сарын 17-ны өдөр болно. Нийслэлийн АН-ын хороо хуралдаад даргыгаа шийдвэрлэнэ. Нийслэлийн намын хорооны бүтэц зохион байгуулалт дууссаны дараа 12 дугаар сарын 6-нд намын баярын үеэр генсекээ зарлана гэсэн хүлээлттэй байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ