Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Жаргалтулга: Дээд шүүхээс АН-д нэг л шаардлага тавьдаг. Бүртгүүлэхдээ материалаа хоёр талаас битгий авчир. Нэгдээд нэг бичигтэй хүрээд ир гэж DNN.mn

Хуулийн фирмүүдийн нэгдлийн тэргүүн, хуульч, улс төр судлаач И.Жаргалтулгатай Ардчилсан намын асуудлыг Дээд шүүх эцэслэх эсэх талаар ярилцлаа.


-Юуны өмнө та улс төр судлаач хүний хувьд Ардчилсан намын асуудлыг хөндлөнгөөс ямар байдлаар харж байна вэ?

-Угтаа Ардчилсан нам бол Монголын улс төрийн хоёр дахь том хүчин. Энэ намын албан ёсны гишүүнчлэл 220 мянга хүрсэн юм билээ. Албан бус буюу намын дэмжигчид гэвэл 500-800 мянган хүн байна уу гэж харж байгаа. Гишүүнчлэл болоод дэмжигчдийн тоо цаашид ч өсөх хандлага уг нь байсан. Гэвч 2016 оноос хойш энэ нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй явсаар өдий хүрлээ. Асуудлаа яагаад шийдэж болохгүй байна гээд судлаад үзэхээр нэг л зүйл ажиглагддаг. Хоёр биш бүр дөрөв хуваагдчихсан тус намын аль нэг талд эрх баригч намын нөлөөлөл асар их байна.

Тиймээс л өдий болтол эв цавандаа орж өгөхгүй байгаа хэрэг. Хаана нь тэр нөлөөлөл яваад байгааг Ардчилсан намынхан өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Түүнийгээ ил тод зарлах хэрэгтэй. Тэр нөлөөллийг устгаж чадвал энэ нам улс төрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадна.

-Тэгэхээр таныхаар бол аль нэг тал нь эрх баригч намтай нийлчихсэн хэрэг үү?

-Нийлэх гэхээс илүү тэдний нөлөөнд их орчихсон гэж ойлгох хэрэгтэй. Өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй ч нөлөөнд нь орчихсон. Өөрөөр хэлбэл улс төрийн барьцаанд эсвэл албан тушаал, авлигалын хэргээсээ болоод эрх баригчдад бариулчихаад байгаа гэсэн үг.

-Тэр нь хэн байх вэ. Та мэдэж байна уу?

-Хуульч хүний хувьд нэр оноож ил болгох ёсгүй гэж бодож байна. Үүнийг А рдчилсан намынхан өөрсдөө ил болгож, зарлах хэрэгтэй. Тэр хүн, тэр талын Ардчилсан нам гээд байгаа нөхөд даргаасаа эхлээд жирийн гишүүд нь хүртэл эрх баригч намын нөлөөлөлд орчихсон гээд шууд хэлчих хэрэгтэй. Баримт байдаг бол түүнийг нь гаргаад ил болгох шаардлагатай. Үүнийг ил болгоогүй цагт Ардчилсан намын хэрүүл, маргаан үргэлжлээд л байна.

-Маргаанаа шийдчихээд, дарга тодруулаад Дээд шүүхэд бүртгүүлэх гээд яваад байгаа юм биш үү. Үүнийг нь харин Дээд шүүх бүртгэх эсэх асуудал л байгаа гэж ойлгодог. Ер нь Дээд шүүхээс тус намын асуудлыг өдий болтол яагаад хүлээж авахгүй хойшлуулаад байсан юм бол оо?

-Дээд шүүхээс нэг зүйл хэлдэг. Бүртгүүлэх гээд байгаа материалаа битгий хоёр талаасаа авч ирээд бай. Нэгдээд нэг бичигтэй хүрээд ир л гэдэг шүү дээ. Өөр ямар нэгэн хуулийн шаардлага огт тавихгүй байгаа гэж ойлгож байна. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага бол Үндэсний бодлогын хороо. Тэр утгаараа энэхүү хороо хуралдаж, намын даргаа тодруулах ёстой. Энэ зарчмаар сая И х хурлаа зарлаж, намын даргаа сонгосон. Ингэхдээ бас л хоёр талдаа адилхан зарчмаар намын даргаа тодруулчихлаа. Хоёр даргатай, хоёр баримт бичиг Дээд шүүхэд дахиад л очсон. Дээд шүүх ажлын 14 хоногт хариу тайлбар өгөх ёстой. Мэдээж тайлбар нь адилхан байж таарна шүү дээ. Танай намаас хоёр бичиг ирлээ, тиймээс бүртгэх боломжгүй байна. Нэг бичигтэй болоод нэг даргын нэр өг л гэнэ. Ингээд нөгөө хуваагдал, маргаан нь алга болохгүй дахиад л үргэлжилнэ. Асуудал Дээд шүүхэд байгаа юм биш. Хаана байна вэ гэхээр Ардчилсан намд тэр дундаа эрх баригчдын нөлөөлөлд автсан тэр талдаа байгаа. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын асуудалд дээд шүүх буруугүй юм. Харин эрх баригчдын нөлөөлөлд автсан тал нь л буруутай гэсэн үг.

-Тамганы асуудал яригддаг. С.Эрдэнэ даргатай намд хууль ёсны тамга, гэрчилгээ нь байгаа. Тэр утгаараа Дээд шүүхэд Ардчилсан намыг төлөөлж харилцах эрх зүйн боломжтой гэж ойлгох уу?

-Тамга бол албан газрын л нэг хэрэгсэл. Тухайн баримт бичгийг баталгаажуулан өгч байгаа л зүйл. Ардчилсан намын эв нэгдэл, дарга, удирдлагатай болох асуудлыг ярьж байхад нэг хэсэг нь тамга, гэрчилгээ гээд байгууллагын асуудлыг ярьдаг. Тамгатай, гэрчилгээтэй л бол Ардчилсан намыг өмчилж болно гэж ойлгодог хүмүүс ч байна. Угтаа Ардчилсан нам гэдэг бол тамга, гэрчилгээ дээр оршиж байгаа зүйл биш шүү дээ. Ардчилсан нам бол түрүү нь хэлсэнчлэн 220 мянган гишүүний үзэл бодол дээр оршиж байгаа. Тэр утгаараа тамга барьсан ганцхан хүн энэ намын хувь заяаг шийднэ гэвэл арай л шударга бус байгаа биз дээ. Тиймээс Их хурлаараа хувь заяагаа шийддэг. Их хурлаас нь гарсан шийдвэр бүхэн хүчинтөгөлдөр байна. Үүнд тамга огт хэрэгггүй. Гэрчилгээ хэрэггүй. Тамга, гэрчилгээ банкнаас зээл авахад л хэрэг болох байх.

-Дээд шүүх Ардчилсан намын даргыг бүртгэхээс татгалзлаа гэж бодъё. Тэгвэл дараа нь нэг бичиг бүрдүүлж, нэг дарга бүртгүүлэх асуудлыг яаж хийх ёстой гэж та үзэж байна?

-Энэ асуудал л хамгийн чухал. Үүнийг л Ардчилсан намынхан тал талдаа маш сайн бодох ёстой. Ер нь та бүхэн ч гэсэн анзаарч байгаа биз дээ. Яагаад нэг тал нь Их хурал зарлаад даргаа сонгоод, Дээд шүүхэд бүртгүүлж байхад нөгөө тал нь яг адилхан зарчмаар ажиллаад яваад байна вэ. Тухайлбал, С.Эрдэнэ даргатай АН-ынхан Д.Ганбатыгаа хэдэн сарын өмнө тодруулчихгүй яасан юм. Яагаад саяны үйл явцтай давхцуулаад тодруулчихаж байгаа нь сонин. Үүнийг ажигллахаар аль нэг тал нь эрх баригч намын нөлөөлөлд орчихсон, зориуд иймэрхүү үйлдэл гаргаад байна уу гэж хардахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл зориудаар Ардчилсан намыг нэгтгэхгүй, даргаа бүртгүүлэхгүй ажлыг хийгээд байна гэж ойлгогдож байна.

-Тэгвэл яаж эвлэрүүлэх вэ. Яаж Дээд шүүхэд бүртгүүлэх вэ. Судлаач хүний хувьд асуудлыг энэ талаас нь бас харсан байлгүй?

-Дээр хэлсэн. Хамгийн түрүүнд намын гишүүд, дэмжигчид нь эрх баригч намын талд үйлчлээд байгаа урвагчдаа олон нийтэд зарлах хэрэгтэй. Хоёрдугаарт, тамга, гэрчилгээ гэхгүйгээр олонх байгаа талдаа улам олон болох шаардлагатай. Гуравдугаарт, Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа буюу Дээд шүүхээс намын даргыг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн бол тэр дор нь дахиад Их хурлаа зарлаад намын даргаа тодруулчих. Ингэснээр нөгөө талтайгаа зөрж, Их хурлаа хийж, намын даргаа бүртгүүлэх гээд байна шүү дээ. Энэ бол арга ядсан хүний л ухаан. Гэхдээ Ардчилсан нам унаж болох хамгийн доод цэгтээ унасан гэдгээ одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ уналт чинь МАН-аас илүү гуравдагч хүчин гэх ХҮН намд ашигтай ч байж мэднэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *