Categories
мэдээ цаг-үе

И.Энхболд: Солонгосын хойгийн асуудлын гол зангилаа нь шинэ ерөнхийлөгч Мүн Жэ Ин байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин сонгогдсон билээ. Түүнийг ямар бодлого баримтлах талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Солонгос судлалын секторын эрхлэгч И.Энхболдтой ярилцлаа.


-Мүн Жэ ин ерөнхий-лөгчөөр сонгогдсон даруйдаа ажлаа эхлүүллээ. Тэрбээр Хөх ордонд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Өмнөх ерөнхийлөгч нарт ийм уламжлал байв уу?

-Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд АНаас нэр дэвшигч Мүн Жэ Ин бусад өрсөлдөгчдөөсөө илт давуу 41.1 хувь буюу 13 сая хүний саналаар ялалт байгуулсан. Сонгогчдынх нь дийлэнх 20-40 насныхан байгаа юм. Урьд нь ерөнхийлөгчийн сонгууль арванхоёрдугаар сард явагддаг байв. Харин төрийн тэргүүн нь хоёрдугаар сарын 25нд ажлаа хүлээж авдаг. Энэ хоёр сарын хугацаанд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, өмнөх Засгийн газрынхаа ажлыг үргэлжлүүлж, өөрийнхөө багийг бүрдүүлдэг л дээ. Харин энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд тийм цаг байхгүй учраас тавдугаар сарын 9нд сонгуулиа явуулаад шууд маргааш нь ажлаа эхлүүлсэн. Мүн Жэ Иний хувьд Хөх ордонд суухгүй гэдгээ мэдэгдлээ. Урьд нь Пак Гын Хэ ерөнхийлөгч Хөх ордонд бүгсэн, ард түмнээс хол байсан. Тэрбээр хэдхэн удаа гарч ирж хэвлэлийн бага хурал хийж байсныг эс тооцвол Хөх ордондоо амарч байсан гэх шүүмжлэлийг хүртсэн. Иймд мань хүн тэр шүүмжлэлийг эвдэхийн тулд УИХ, Засгийн газар гээд улс төрийн байгууллагуудын төв болсон газарт шинэ оффис байгуулаад ажлаа явуулахаар болсон. Тэндээ ард түмэнтэйгээ ойрхон байх үүднээс ийм шинэчлэлийг хийж байгаа юм.

-Тэрбээр байлдааны бэлэн байдлыг хангана гэж мэдэгдсэн байна лээ. Хойд Солонгос, Америк, Хятадтай ямар бодлого баримтлах бол?

-Мүн Жэ Ин ерөнхийлөгч болохоосоо өмнө THAAD системийн эсрэг байр суурьтай байсан хүн. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанаас нь харахад “Америк, Солонгосын харилцааг өндөр түвшинд аваачна, улам гүнзгийрүүлнэ” гэсэн амлалтыг өгч байсан. Энэ амлалтаас нь харахад өмнө илэрхийлж байсан THAAD-ийг эсэргүүцсэн байр суурин дээрээ байвал харин ч Америк, Солонгосын харилцаа таарамжгүй болно. Умард Солонгос мэдээж пуужин эсэргүүцэх системийг хүлээн зөвшөөрөгүй байгаа. Хэрэв хойдууд зургаа дахь цөмийн туршилтаа явуулбол THAAD систем зайлшгүй байх ёстой гэж Мүн Жэ Ин мэдэгдсэн байгаа. Энэ систем нь Хятадын газар нутгийн ихэнхийг нь хяналтдаа авах юм. Үүнийг эсэргүүцэж Хятад өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй Солонгосын “Лотте” корпорацийн 99 салбарын 74-ийг нь галын аюулгүй байдал хангаагүй гэдэг шалтгаанаар хаасан. Үүнээс болж Солонгосын тал 300 тэрбум орчим воны алдагдал хүлээгээд байгаа юм. Мөн Солонгос руу явах хятад жуулчдын урсгалыг нь хаалаа. Чежү арал бараг хүнгүй болчихсон байна. Онгоцны авиа компаниуд алдагдалд ороод байгаа.

-Үүнд Солонгос яагаад хариу арга хэмжээ авахгүй байна вэ?

-Өмнөд Солонгос гадаад худалдааны хамгийн их буюу 25 хувийг Хятадтай хийж байна. Хэрэв Хятад үүнийг зогсоовол бүр ч их алдагдалд орно. Тэгэхээр аясыг нь харж байна. Солонгос АНУ-тай болохоор 16 хувийн экспорт хийж байгаа. Америктай чөлөөт худалдааны хэлэлцээрээр жилдээ 27 тэрбум орчим ам.долларын ашиг олдог. Өмнөд Солонгос энэ хоёр орноос хоёулангаас нь ашиг хүртэж байгаа. Тэр утгаар хариу арга хэмжээ аваад байх сонирхолгүй байх шиг. THAAD системтэй холбоотойгоор алдагдлыг тооцож үзэхэд Солонгосын ДНБ-ий таван хувийг эзэлж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, найман тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж байна гэсэн үг.

-Шинэ ерөнхийлөгч энэ тал дээр яаж ажиллах юм бэ?

-Ямартай ч Мүн Жэ Ин Хятад, Америктай хэлэлцээр хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Д.Трамп болохоор NAFTA-тай чөлөөт худалдааны хэлэлцээрийг дахин байгуулна гэж мэдэгдсэн. Үүний дараа Солонгостой чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэж харна гэсэн. Хэрэв ингэх юм бол чөлөөт худалдааны шинэ хэлэлцээр 2021 он гэхэд сэргэх боломжтой. Солонгосын хувьд ашиг нь хумигдахаас гадна том алдагдал хүлээх гээд байгаа юм. Энэ хүртэл Солонгос нь 17 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж, 150 мянган ажлын байр байхгүй болно гэсэн судалгааг эрдэмтэд гаргаад байна л даа. Тэгвэл Мүн Жэ Ин ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүнд 810 мянган ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ гэж тусгаад байсан. Үүнийхээ 500 мянгыг хувийн хэвшлээс, үлдсэнийг нь төрийн албанд бүрдүүлнэ гэсэн. Америктай хийх чөлөөт худалдааны хэлэлцээрийг зогсоосноор Солонгосын талын хүлээх алдагдал тус улсын нийгэмд том нөлөө үзүүлэхүйц ноцтой зүйл.

-Мүн Жэ Ин улс орноо амаргүй үед нь хүлээж авч байх шиг байна. Түүнийг Солонгосыг яаж удирдана гэж судлаачийн хувьд харж байна вэ?

-Солонгосын өсөлттэй байсан үйлдвэрүүд нь унаад, том гэрээнүүд цуцлагдаж эхлээд байна. Тухайлбал, Арабын орнуудтай том гэрээтэй усан онгоц, машин нийлүүлдэг байсан нь хумигдаад ирэхээр тэр том үйлдвэрүүдийг дагасан жижиг үйлдвэрүүд хаалгаа барих маягтай боллоо. Тэр хэмжээгээрээ ажлын байр байхгүй болж, эдийн засаг нь доошоо болох хандлагатай байна. Энэ мэт том хүндрэл, сорилтууд тулгарч байна. Дээрээс нь хуучин ерөнхийлөгч нь авлигын хэрэгт холбогдсон. Ард түмний итгэл алдарсан байгаа. Мүн Жэ Ин улс орноо дотоод болон гадаад харилцаа нь амаргүй үед хүлээж авлаа. Тэгэхээр түүний яг ямар бодлого баримтлах нь одоогоор таашгүй байна. Яамдаа ч байгуулаагүй байна. Ямартай ч мань эр “Хүчирхэг Солонгос орныг бий болгоно” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрөө боловсруулж, сонгуульд ялалт байгуулсан. Энэ хүний Засгийн газар, баг нь ямар үйл ажиллагаа явуулж, хэрхэн ажиллах нь судлаачдын анхаарлыг татаж байгаа.

-Солонгосын хойгийн асуудал нэг хэсэг шуугиан тарилаа. Тэнд байгаа гадаадын Элчин сайдын яам, консулынхан нутаг буцах гэж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Ер нь Мүн Жэ Ин ерөнхийлөгч Солонгосын хойгийн асуудалд ямар оролцоотой байх вэ?

-Солонгосын хойгийн асуудлаас болж хоёр янзын мэдээлэл гарсан л даа. Нэг хэсэг нь өнөө маргаашгүй дайн болох нь гэсэн бол нөгөө талд энэ мэдээллийг үгүйсгэж байв. Америкчууд THAAD системийг байгууллаа. Дайн боллоо гэхэд Солонгосын хойгийн асуудлын гол оролцогч нь өмнөд Солонгос гэдгийг тэд мэдэгдсэн. Улмаар “Бидний саналгүйгээр Америк, Хятад дангаараа шийдэх боломжгүй. Хэрэв дайн боллоо гэхэд манай улс хамгийн их хохирол амсана. Тиймээс бидний оролцоо чухал” гэж байр сууриа илэрхийлээд байгаа. Үүнээс болоод ч тэр үү, асуудал намжлаа. Энэ бол нэгдүгээрт, Солонгосын хойгийн асуудал. Хоёрдугаарт, бүс нутгийн асуудал. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн асуудал учраас үүнийг хамтдаа шийдэх нь чухал юм.

Хятад, Америк, Умард Солонгосын удирдагчийн байр суурь тодорхой. Харин Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн байр суурь тодорхой бус байна. Тэрбээр энэ том асуудлын гол зангилаа нь. Гэхдээ Мүн Жэ Ин ерөнхийлөгч “Америктай харилцаагаа сайжруулна. Умард Солонгостой ямар нэг нөхцөл тавихгүйгээр ширээний ард суухад бэлэн байна” гэдгээ мэдэгдсэн. Солонгосын үе үеийн ерөнхийлөгч хойд Солонгостай хэлэлцээ хийхдээ хатуу байр суурьтай ханддаг байсан.

-Мүн Жэ Ин ерөнхийлөгч болсноор Монгол Солонгосын харилцаа цаашид ямар байх вэ?

-Мүн Жэ Ин бол тун зөөлөн хүн. Солонгосын ерөнхийлөгч байсан Но Му Хентэй хамт хуулийн фирм ажиллуулж байсан гэдэг. Ингээд ерөнхийлөгч болоход Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан, хамгийн ойрынх нь зөвлөх байжээ. Харин одоо “Но Му Хен” сангийн тэргүүн. Тэгэхээр Но Му Хен ерөнхийлөгчийн бодлогыг үргэлжлүүлэх болов уу. Но Му Хений үед БНСУ манай улстай тун зөөлөн бодлого баримталж, сайхан харилцаатай байсан. Тэгэхээр Мүн Жэ Инийг ерөнхийлөгч байх хугацаанд манай хоёр орны харилцаа эрс харилцаа муудаад ч юм уу, тэнд байгаа иргэдэд хатуу шаардлага тавихгүй байх. Пак Гын Хэ ерөнхийлөгч байхдаа 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монголд өгнө гэж байсан. Өмнө ямар ч ерөнхийлөгч ийм өндөр дүнтэй зээл өгч байгаагүй. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газар 500 сая ам.долларын зээлийг Солонгосоос 0.2 хувийн хүүтэй авах хүсэлтэй байгаагаа шийдвэрлэсэн байна лээ. Үүнийг Мүн Жэ Ин ерөнхийлөгч үргэлжлүүлж, Монгол, Солонгосын харилцааг улам гүнзгий болгох байх гэсэн хүлээлт байна. Ер нь Солонгосын үе үеийн ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчуулдаг болгох талаар ярьж байсан ч үр дүнд хүрээгүй. Хэрэв Мүн Жэ Ин энэ асуудлыг шийдэж чадвал Монголын түүхэнд тодоор бичигдэж үлдэнэ. Түүнийг өмгөөлөгч байсан болохоор их зөөлөн талдаа хүн гэх юм билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *