Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Доржнамжил: Монгол үндэстний оюун санааны эв нэгдлийг хангахад Х Богдын нөлөөлөл асар чухал DNN.mn

Нийгмийн шинжлэх ухааны магистр, олон улс судлаач И.Доржнамжилтай Х Богдын талаар ярилцлаа.


-Хэдэн жилийн өмнө дээрхийн гэгээнтэн Далай лам Монголоос Х Богдыг тодруулсан. Өнөө жил Богдыг дахин баталгаажуулан дэлхий дахинд зарлалаа. Энэхүү үйл явцын талаарх мэдээллийг юуны өмнө та өгөхгүй юу?

-Х дүрийн Богдыг ярихын тулд өмнөх Богдуудын түүхийг цухас дурдах шаардлагатай болов уу гэж бодож байна. Хиагт Боржигин овогт алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн Хутагт 1634 онд таалал төгссөнийг бид бүхэн мэдэж байгаа. Үүнээс хойш удалгүй 1636 онд манжууд хүчирхэгжиж эхэлсэн. Тухайн үед Монголын улс төрийн болоод нийгмийн байдал туйлын тархай бутархай, эв нэгдэлгүй байсан цаг шүү дээ. Харин энэ үед Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатнаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөнзүйл гэдэг газарт Ишдорж нэртэй төрсөн Өндөр гэгээн Занабазарыг 1939-1940 онд анхдугаар Богдоор өргөмжилсөн байдаг. 1640 онд Далай лам, Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг таван настай байхад нь анхдугаар Богд Жавзундамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилсөн түүхтэй. Энэ хүнийг яагаад Богдод өргөмжилсөн нь маш энгийн. Хамгийн гол зорилго нь монголчуудыг шарын шашнаар дамжуулан нэгтгэх үзэл явагдаж байсан юм билээ.

-Хоёрдугаар Богдын тухайд товчхон дурдахгүй юу?

-Анхдугаар Богдтой адилхан л агуулгатай. Хоёрдугаар дүрийн Богд Жавзундамба хутагт Лувсандамбийдонмэ 1724 оны луу жил Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газарт эцэг Эфү чин ван Дондовдоржийн хүү болж мэндэлсэн байдаг. Түүнийг дөрвөн сүүдэртэйд нь Банчин Богд Лувсан-Иш Халхын хоёрдугаар Богдоор тодруулж зургаан сүүдэртэйд нь ширээнд залсан шүү дээ. Тэрээр 1739 онд их амгалан нууц тарнийн Жүд дацан, 1756 онд хоёрдугаар Гоман хэмээгдэх гүн ухааны Дашчойнпэл дацанг тус тус байгуулсан үйлстэй. Богд 32 сүүдэр зооглож, улаагчин үхэр жил буюу 1757 оны өвлийн сүүл сарын 27-ны өдөр Их хүрээнд жанч халсан байдаг. Хоёрдугаар дүрийн Богдын нас барсан түүх өөрөө их сонин. Манжийн хаан хоёрдугаар дүрийн Богдыг гэрийн хорионд оруулсны улмаас удалгүй учир битүүлгээр нас барсан байдаг. Тиймээс хоёрдугаар дүрийн Богдын дараагаас өдийг хүртэл дандаа Төвөдөөс тодруулж ирсэн түүхтэй.

-Наймдугаар дүрийн Богд Жавзундамба хутагт өөрөө Төвөдөөс тодорсон хүн. Гэвч манай улсын тусгаар тогтносон түүхтэй салшгүй холбоотой байдаг. Энэ талаар та судлаач хүний хувьд товчхон ярихгүй юу?

-Хэдий төвөд хүн ч наймдугаар дүрийн Богд Жавзундамба хутагт Монголын тусгаар тогтнолын төлөө ямар чухал үүрэг гүйцэтгэсэн бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ биз дээ, манай ард түмэн. Ер нь Богд тодорно гэдэг бол асар ач холбогдолтой зүйл юм аа.

-Асар ач холбогдолтой зүйл гэлээ. Тэгвэл аравдугаар дүрийн Богдын хувьд ямар ач холбогдол гарч ирж байна вэ. Үүнд та судлаач хүний хувьд геополитик, шашны талаас нь тодорхой тайлбарлахгүй юу?

-Хамгийн түрүүнд Х дүрийн Богд Монголоос тодорсон нь чухал үйл явдал болоод байна. Хоёрдугаар дүрийн Богдын дараа буюу 260 гаруй жилийн дараа дахиад Монголоос Богд тодорч байна шүү дээ. Тэр утгаараа түүхэн талаасаа маш өндөр ач холбогдолтой цаг үед бид амьдарч байгаа хэрэг. Геополитикийн хувьд ямар ач холбогдолтой вэ гэхээр маш тодорхой хэдэн зүйл харагдаж байгаа юм.

-Тухайлбал…?

-Аравдугаар дүрийн Богд Монголоос тодорсон нь геополитикийн хувьд гурван зүйлийг тодорхой хэлж болох юм. Буддын шашны гурван том суудал байдаг. Нэг нь Далай лам, хоёр дахь нь Ванчин богд, гурав дахь нь Богд гэсэн ийм том гурван суудал байдаг. Ванчин Богд геополитик талаасаа ч тэр, шашин номын талаасаа ч тэр бүрэн Хятадын талд орчихсон. Жинхэнэ Богд гэгдэх Ванчин Богд одоо амьд уу эсвэл жанч болсон уу, хэн ч мэдэхгүй. Хятадууд өөрсдөө Ванчин Богдыг амьд байгаа, харин олны өмнө ил гарах дургүй хэмээн тайлбарладаг. Гэхдээ үүнийг миний хувьд тэр талаас нь буюу амьд ахуй оршин байдаг гэдэгт итгэл муутай байдаг, судлаач хүнийхээ хувьд шүү дээ. Нөгөөтэйгүүр Далай ламын асуудал байна. Хүний хорвоогийн жам л учраас хэзээ нэгэн цагт Далай лам жанч хална. Харин Далай ламыг жанч халсны дараа яах вэ гэхээр нэг зүйл түүний санааг маш их чилээлгэж байгаа юм. Учир нь Далай ламыг жанч болсны дараа дараагийн Далай ламын асуудал сөхөгдөж эхэлнэ. Түүний гол эмээгээд байгаа зүйл бол дараагийн Далай ламыг хятадууд өөрсдөө дотроосоо тодруулчих вий дээ гэсэн асуудал юм. Тэр утгаараа амьд ахуйдаа Х Богдын асуудлыг тэрбээр нухацтай шийдэж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл дараагийн Далай ламыг Х Богд тодруулна гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа Далай лам Х Богдод маш их ач холбогдол өгч байгаа.

-Далай ламыг Хятадаас тодруулах нь ямар сөрөг нөлөөтэй гэж…?

-Далай лам өөрөө төвөд хүн. Шарын шашны тэргүүн. Дан ганц шашны тэргүүн гэхээс илүү тухайн улсын ард түмний оюун санааны эв нэгдлийг зангиддаг хүн шүү дээ. Тэр утгаараа дэлхий дахинд үзэл, оюун санааны маш том тоглолт хийдэг хүн. Нөгөөтэйгүүр Төвөд улс Далай лам байгаа учраас л өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолоо алдчихгүйхэн шиг явж ирсэн. Харин дараагийн Далай ламыг Хятадаас тодруулчихвал асуудал маш эвгүй зүйл рүү явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Төвөд тусгаар тогтнолоо бараг алдана гэж ойлгож болно. Хятадуудын хувьд Далай ламыг Бээжингээс тусгаарлагч, аюул заналт дайсан мэтээр үздэг. Тэр утгаараа Богд, Далай ламын хойд дүр хаанаас тодрох нь маш ач холбогдолтой зүйл шүү дээ. Далай ламын Х Богдыг Монголоос тодруулж байгаа нь ч хүртэл асар том геополитикийн тоглолтыг явуулж байна гэсэн үг. Үүнийг манай улс мөн ашиглах ёстой. Гэхдээ маш болгоомжтойгоор энэхүү тоглолтод оролцохгүй бол бас эвгүй шүү. Нөгөөтэйгүүр дараагийн Далай ламын асуудлыг Хятад улсаас тодруулбал үүнийг Америк бүрэн эсэргүүцнэ хэмээн АНУ-ын Конгресс мэдэгдэл хийчихсэн байгаа. Тэр утгаараа аливаа шашин номын тэргүүний хойд дүрийг тодруулах, сэнтийд нь суулгах процесс дэлхий дахинд асар ач холбогдолтой байдаг.

-Өөр ач холбогдол нь юу байна вэ. Та гурван ач холбогдол байна гэсэн шүү дээ…?

-Манай улсын хувьд шашин, сүмийн асуудал маш хурцадмал байдалд хүрсэн. Эв түнжин муутай, хагаралтай, нэгнийхээ бодлого, үзэл, оюун санаатай байнга тэрсэлдэж байдаг. Үүнээс нь болоод сүсэгтэн олон мөн эв түнжин муутай явж ирлээ. Нэг үгээр хэлбэл Монголд сүүлийн жилүүдэд лам, шашны нэр хүнд асар ихээр муудлаа шүү дээ. Тиймээс уг асуудлыг ном журамд нь оруулах, эргээд буддын шашныг дэлгэрүүлэх, сүсэгтэн олны итгэл үнэмшлийг дахин сэргээж чадах ганц хүн бол Х дүрийн Богд. Тэр утгаараа Х дүрийн Богд Монголоос тодорч байна гэдэг бол эдгээр асуудлыг зангидаж чадна гэсэн үг.

-Эдийн засаг талаасаа бидэнд ямар нэгэн ач холбогдол бий болов уу. Та нийгэм эдийн засгийг судалдаг хүний хувьд энэ асуудлыг ямар өнцгөөр харж байна вэ?

-Эдийн засаг талаасаа мэдээж томоохон ач холбогдлыг бид өөрсдөө сайн хийж чадвал олж авч чадна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл Х Богд Монголоос тодорсон учраас манай улс руу чиглэх аялал жуулчлал тодорхой хувиар бодитой нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг бид хэрсүү ашиглах ёстой. Тухайлбал, Х Богдоор дамжуулан Монгол Улс бурхны шашны томоохон төв юм гэдэг пиарыг гадаад руу байнга цацах ёстой. Ингэснээрээ манай улс руу чиглэх аялал жуулчлал маш эрчимтэй хөгжинө. Дэлхий дээр буддын шашинтай хүн хэдэн тэрбумаар тоологдоно. Түүнээс хэдэн сая нь бидэн рүү зорчин ирэх боломж үүд хаалгыг Х Богдоор дамжуулан нээх бүрэн зураглал эдийн засаг талаасаа маш тодорхой харагдаж байгаа юм аа. Гол нь манай улс төрийн болоод шашин, номын зүтгэлтнүүд үүнд маш анхааралтай ажиллах ёстой. Анхааралтай гэхээс илүү идэвхтэй ажиллах шаардлагатай шүү.

-Танаас дахиад асуухад Х Богд Монголоос тодорч байгаа нь бидэнд улс төрийн хувьд, гадаад бодлогын хувьд ямар ач холбогдолтой вэ. Үүнд та тодорхой хариулт хэлэхгүй юу?

-Монгол Улсын гадаад бодлого тодорхой байгаа. Олон тулгуурт, найрсаг хамтын ажиллагаатай гадаад бодлого явуулдаг. Нөгөөтэйгүүр бид урд болон хойд хөрштэйгөө ямар нэгэн хилийн маргаан байхгүй. Урд хөршийнхөө “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэн үзнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэр утгаараа улс төрийн болоод ямар нэгэн гуравдагч хөршийн бодлогоор геополитикийн тоглолт явагдахгүй болов уу. Зөвхөн шашин номын болоод эдийн засаг, аялал жуулчлал, Монгол Улсын байр суурь, нэр хүнд гэсэн зүйлүүдэд томоохон тоглолт явуулах бүрэн боломжтой. Түүнээс биш шууд улс төрийн тоглолт хийнэ гэсэн ойлголт байхгүй. АНУ-ын хувьд Далай лам гэдэг Хятадтай тоглох гол хөзрийн нэг шүү дээ. Тэр утгаараа барууны орнууд Х Богдын асуудалд анхаарлаа хандуулж л байгаа байх. Бүр Х Богд, Далай ламын оролцоотойгоор улс төрийн тоглолтууд ч хийгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс манай гадаад бодлого зангиддаг хүмүүс дээр нь улстөрчид, шашин номын зүтгэлтнүүд энэхүү асуудалд маш болгоомжтой хандаж, ухаан зарахгүй бол болохгүй.

-Х дүрийн Богдоор дамжуулан бид Монгол үндэстнийг нэгтгэх тэр дундаа оюун санааны эв нэгдлийг бүрдүүлэх боломжтой юу?

-Боломжтойгоор зогсохгүй асуудал. Буддын шашинтай Өмнөд Монгол, Буриад, Халимаг, Тува гээд Монгол үндэстэн дэлхийд олон бий. Тиймээс шашин номоор дамжуулан монгол ахан дүүсээ уриалан дуудах, эв нэгдлийг хангах, хамгийн чухал нь оюун санааны хувьд нэгдмэл болгох боломжтой. Нөгөөтэйгүүр Х дүрийн Богд Монголоос тодорсноор эхлээд бид дотоодынхоо шашин сүмийн маргаанаа шийдвэрлэчихнэ. Дараа нь дэлхийгээр тархсан монголчууд, монгол үндэстнүүдийн оюун санааны нэгдлийг бүрдүүлэх бүрэн боломжтой шүү. Өөрөөр хэлбэл Монгол үндэстний оюун санааны эв нэгдлийг хангахад Х дүрийн Богдын нөлөөлөл асар чухал. Үндэстэн хүчирхэг байхын хамгийн амин сүнс болсон ойлголт бол тухайн үндэстний оюун санааны нэгдэл юм шүү дээ. Тэр утгаараа бид дэлхийд хөгжих, “Нэг Хятад” гэдэг шиг “Нэг Монгол” бодлого явуулах боломжтой. Хамаг Монгол хэмээх төсөл бий. Үүн шиг, үүнээс ч илүү хүчтэй нэгдэх боломжийг Х дүрийн Богд бидэнд олгох болно гэж харж байгаа. Магадгүй бид Чингисийн үеийн эв нэгдлийг энэ эрин цагт Х Богдоор дамжуулан олж авах боломжтой гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Үндэстний оюун санааны эв нэгдэл гэдэг улс орны хөгжилд юу юунаас илүү хөшүүрэг, зөв хөрс суурь болдог зүйл. Тэр утгаараа улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүд богино хугацаанд хэрэгжих үндсэн суурь боломж зөвөөр бүрдэнэ гэсэн үг.

-Х Богдыг монголоос тодруулахад Хятадууд дургүй байна гэдэг шүү дээ. Өөр ямар улс, үндэстэн дургүй байх шиг байна. Та судлаач хүний хувьд үүнийг тодорхой харж л байгаа байх?

-Дургүй улс орнууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дургүйцлээ шууд илэрхийлдэг нэг ч орон байхгүй шүү. Хятад улс эсэргүүцлээ л гэдэг. Гэхдээ улс төрийн хэмжээнд бүр албан ёсны харилцаанд нөлөөлтлөө эсэргүүцсэн зүйл төдийгөөс өдийг хүртэл гарч байгаагүй. Энэ бол тухайн улсын иргэдийнх нь л хандлага болохоос биш бүтэн улсын байр суурь гэхэд хэцүү. Тухайлбал, манай хойд хөрш Орос энэхүү асуудалд тийм ч таатай хандаад байдаггүй. Оросууд ч бас Богд тодруулах асуудалд оролцох сонирхолтой байдаг. Дахиад хэлэхэд Богдыг тодруулах, Далай лам аливаа улс оронд айлчлах асуудалд ямар нэгэн улс орон албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн төрийн бодлого, шийдвэр гаргаж байсан удаа байхгүй болов уу. Харин тухайн улсын ард түмэн болоод сүсэгтэн олны эсэргүүцэл явагдахыг үгүйсгэхгүй. Манайд ч Х Богдыг тодруулсныг эсэргүүцэх цөөнгүй иргэд байна. Гэхдээ энэ бол Монгол Улсын байр суурь огт биш гэдгийг бид ч тэр, бусад орнууд ч тэр ойлгоно. Тиймээс Хятад эсэргүүцээд хилээ хаах гэж байна, янз бүрийн эдийн засгийн хориг арга хэмжээ авах гэж байна гэдэг мэдээлэл ор үндэсгүй худлаа зүйл шүү. Тэр утгаараа Хятад эсэргүүцэх хандлагатай байна гэдгээс айж, эмээх зүйл байхгүй болов уу. Харин Х Богд Монголоос дахиад тодорсонд бид баярлаж, үүнийг улс төрийн болоод эдийн засгийн ач холбогдол, үндэстний оюун санааны нэгдлийг шашин номын аргаар нэгтгэх асуудалд санаа сэтгэлээ чилээх шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *