Улс төрийн намууд шат шатандаа багаа удирдан зохион байгуулж, оролцох хүмүүсээ тодруулсаар байна. Намуудын сонгуульд оролцоход хамгийн гол ажлыг нугалах хүн бол генсек. Өнөөгийн эрх баригч МАН-ын генсекээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажиллаж байгаа. Түүний хувьд Засгийн газрын гал тогоог бариад гурван жил болж байна. Анх засагт орж ирэхэд нь л түүнээс намын гал тогоог шилжүүлэх асуудлыг МАН дотроо цөөнгүй удаа ярилцсан. Учир нь МАН-ын дүрмээр тэрбээр давхар улс төрийн албан тушаал хаших эрхгүй юм. Гэвч өдий болтол энэхүү дүрмээ зөрчин генсекийн ажлаа хийсээр байна гэсэн яриа мэр сэр гараад дарагддаг. Яг энэ шуугианыг ашиглаад генсекээ түлхэх сонирхолтой бүлэг байдаг бололтой. Юутай ч сонгуулиас өмнө МАН-ынхан шинэ генсектэй болно гэдгээ зарим нэг нь ил тод хэлж байна. Харин генсек солигдвол хэн болох уу гэдэг нь сонирхолтой. Өмнө генсекийн асуудал яригдаж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын нэр хүчтэй яригдаж байсан. Тиймээс МАН-ын генсек солигдох нь тодорхой бол Я.Содбаатар болох магадал өндөр гэсэн үг. Гэхдээ улс төрийн хүрээнд саяхан Үндэсний аюулгүй байдлын ажлаа өгсөн Ж.Энхбаярыг генсек болгох тухай ярьцгааж байна. Юутай ч МАН сонгуулиас өмнө генсекээ солино. Тэр нь Я.Содбаатар уу, Ж.Энхбаяр уу гэж ярих хүн олон байна. Гэхдээ улс төр гадарладаг хүмүүс бол үүнийг худал яриа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сонгуульд нэр дэвших хүмүүсийг голлон мэддэг албан тушаал бол генсек юм. Төдийгөөс өдий хүртэл намын гал тогоог барьж байсан хүнээ сольж шинэ хүн тавина гэдэг бол нэр дэвшилтийг шал өөрөөр хийнэ гэсэн үг юм. Хэдийгээр шинэ хүмүүс нэр дэвшинэ гэсэн яриа намуудад байгаа ч зуун хувь солигдохдоо тулаагүй гэцгээж байна. Тиймээс энэ яриа горьдогсдын мөрөөдөл л гэж таамаглаж байна. Харин сөрөг хүчний хувьд генсекийн асуудал шуугиантай байгаа. Угтаа олон жилийн маргааныг цэглэж Лу.Гантөмөр дарга болсон. Түүнийг дарга болсноос нь хойш ямар хүнээр намынхаа гал тогоог бариулах бол гэсэн асуудал олны анхаарлын төвд байсан. Чамгүй цаг хугацаа өнгөрсний дараа тэрбээр Э.Одбаяр гэх залууг томилохоор болсон. Э.Одбаяр гэж хэн бэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Түүнийг том улстөрчийн нөлөөллөөс гардаггүй нэг талыг барьдаг гэцгээдэг. Тиймээс АН-ынхан түүнд итгэж намын гал тогоогоо хариуцуулаад энэ сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй гэж гаднаас нь дүгнэцгээж байгаа. Гэвч саяны ажилласан хугацаандаа бүлэг фракцуудын эв эеийг олох гэж чамгүй хөөрхөн ажилласан гэх хүмүүс ч байна. Хэрэв солигдвол сонгууль хүртэл намынхаа эв эеийг олж нэр дэвшигчдийг гаргаж ирэх хүн энүүхэн хугацаанд бий болох уу гэдэг нь асуудал дагуулж байна. Тэртэй тэргүй хэрүүл шуугиан бүлэг фракцаараа хуваагдаж бужигнадаг энэ намын генсек хийх бол амаргүй ажил. Ажилдаа дөнгөж дөр сууж байгаа хүнээ явуулчихаад шинэ хүн гаргаж ирээд сонгуульд оролцож ялалт байгуулна гэх бол арай л хөнгөн бодож байгаа мэт харагдаж байна.
Э.МӨНХТҮВШИН