Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтооол баталсан.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд гялгар уут, тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар өнөөдөр /2019.01.22/ орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, гялгар /нийлэг/ уутыг ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчныг бохирдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо хэлэлцээд 05 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолоор Засгийн газарт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, ахуйн хэрэглээний хуванцар савыг олон улсын ангиллын дагуу кодлох, зориулалтаар ялган бүртгэх, химийн бодис, түүний сав, баглаа боодлын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох, холбогдох хяналтыг сайжруулах, хүнсний сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах лабораториудын чадавхийг сайжруулах, хорт бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж туршин нэвтрүүлэх, ундны ус, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шингэн хүнс савлах савны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалттай хуванцар савны үндэсний стандартыг боловсруулах, хавдар, өвчлөл үүсгэгч бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж, савнаас хүнсэнд шилжих шилжилтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг боловсруулж мөрдүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг тодорхой болгох Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулах, химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлийг өгсний дагуу Засгийн газраас 189 дүгээр тогтоол баталсан. Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар Засгийн газраас баталсан189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглож байгаа юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох яам, газрын дарга, удирдлагууд эхлээд даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд очив. Төвийн захирал З.Болдсайхан танилцуулгадаа “Гол захиалга төрийн байгууллагуудаас ирүүлдэг бичиг хэргийн дугтуй байдаг. Сард 100 мянган ширхэг дугтуйг ажилчид гар аргаар хийж байна. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, үйлдвэрлэлийг автомат үйл ажиллагаанд шилжүүлж хүчин чадлаа сайжруулахын тулд төсөл, зээлд хамрагдахаар жил бүр хөөцөлддөг ч санхүүжилт авч чаддаггүй. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр сургалт үйлдвэрлэлийн төвийн хэмжээнд 200 хүнийг ажлын байраар хангах боломж байна. Одоогоор 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг” гэв. Харин оёдолчин Б.Нансалмаа “Манай оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна. 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг” гэлээ.
Дараа нь цаасан тор, хайрцаг үйлдвэрлэдэг “Эко Пак Монгол” ХХК болон гялгар тор, уут, сав баглаа боодол үйлдвэрлэдэг “ОБ пластик” ХХК –д очлоо. “ОБ пластик” ХХК хүнсний зориулалттай буюу боов боорцог, талхны гялгар уут, супер маркет, зах, дэлгүүрээр 100 төгрөгөөр худалддаг бариултай гялгар тор зэргийг үйлдвэрлэж байна.
Үйлдвэрийн захирал Ж.Отгонбаяр “Төр засгийн шийдвэрийг дэмжиж 0,035 мм-ээс дээш зузаантай нийлэг уут, сав баглаа боодол үйлдвэрлэх технологийн боломж бидэнд байна. Гагцхүү энэ тохиолдолд үнэ нэмэгдэнэ” гэж байлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 05 дугаар тогтоолд заасны дагуу дахин ашиглах зориулалттай хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэлийг дэмжих зорилготой Эко төлбөрийн тухай хууль боловсруулж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ ганц удаа ашигладаг гялгар уут сонгох уу, угааж цэвэрлээд дахин ашигладаг даавуун тор авах уу гэдэг сонголтыг ард иргэдэд үлдээж, байгаль орчин, эрүүл мэнддээ анхаарал тавих зохицуулалтыг төр хийх зайлшгүй шаардлагатай болсон хэмээв. Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашигладаг нийлэг уутыг эцсийн дамжлагад нь шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтэд оруулдаг эсэх, хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэдэг эсэхэд тандалт, судалгааг эрчимжүүлэх талаар хэллээ.
Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолд химийн хорт бодисыг үлдэгдэлгүй устгах, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалттай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар тусгасан. Энэ ажлын хэрэгжилт ямар байгаа талаар Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар гурван байршилд уг байгууламжийг барих санал оруулсан. Хурлаас Налайх дүүрэг, Төв аймаг, Багануур дүүрэг, Улаанбаатар хотын Цагаан давааны хогийн цэг зэрэг байршлуудыг суурьшлын бүс болон ундны усны эх үүсвэр, салхин дээр байрласан зэрэг үндэслэлээр боломжгүй гэж үзсэн. Тиймээс эцсийн байдлаар дахин байршил судалж, тэргүүлэгчдийн хурлаар оруулан ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Байнгын хорооны 05 дугаар тогтоол болон уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Засгийн газрын 189 дүгээр тогтоол, дээрх тогтоолуудын хэрэгжилттэй холбогдуулан үйлдвэрлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.