Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гурван настай гунан Улаан баатар бол манай нийслэлийн нэр юм шүү дээ DNN.mn

Ийм баатарлаг тууль байдгийг мэдэх үү, хүмүүс ээ,

Наран сая мандаж байхад, Навч цэцэг дэлгэрч байхад, Захын модыг зулзага байхад, Загал бугыг янзага байхад, Самуун цагийг шувтарч байхад, Сайхан жаргалыг эхэлж байхад, Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг гүвээ байхад… Төв халхынхны баатарлаг тууль. Үүнийг аав маань аялгуулан хэлж хэдэн баньд нараа томоотойхон суулгаж байгаад цагаан сарын буузаа хийдэгсэн.

…Айлын хүүхэд нураана гэж, Албин савдгаар тойруулсан, Адуу мал шөргөөнө гэж, Араатан чоноор мануулсан, Салхи шуурганд ойчино гэж, Савдаг лусаар түшүүлсэн, Дэлхий газраас өөрцгүй, Далай цагаан өргөөтэй гэнэ…гээл цаашаа явж өгнө шүү дээ.

Өвгөд нь хэлдэг байсан юм уу, өөрөө ч тэгж итгэдэг байсан юм уу “Улаанбаатар гэдэг чинь энэ гурван настай гунан Улаан баатарын нэр юм шүү дээ. Үргэлж залуу, үргэлж хүч чадалтай, хэнд ч дийлдэхгүй баатар юм байгаа юм, манай хот” гэж ирээд л хуучилдагсан. Яагаад ийн дурсах болов оо гэвэл “Улаанбаатар” нэрийг сүүлийн үед гадаадууд өгсөн доромж нэр гээд л мэдэмхийрэх хүмүүс байдаг болоод л үүнийг бичлээ. Монголчуудын сэтгэлд улаан баатар гэдэг бол дээрх туульсаар л буудаг байсан юм болов уу. Бид юмыг сайнаар буулган бодож явдаг хүмүүс л дээ. Тийм дээ ч “монгол хүн сүжгээр” гэдэг байх. Баатарлаг туульсын нэр яагаад ч бидний сэтгэлд сэв суулгахгүйгээр бууна л даа. Ёр билгээн бодсон ч, тухайн цаг үеэ бодсон ч яг л оносон нэр байж таараа биз. Өвгөд дээдэс үүнийг тунгаан бодсон л байж таараа. Юу ч мэдэхгүй малнууд байгаагүй юм шүү дээ бидний дээдэс.

Ж.Сандагдорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *