Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Гуравхан хуушуурын үнээр Таван толгойгоо татаж унагах уу

Таван толгойн ногдол ашгийг ард түмэнд тараах тухай яригдаж байна. “Эрднэс-Таван толгой” компани өнгөрсөн гуравдугаар сард 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр иргэд ногдол ашиг хүртэх боломж нээгдсэн. Гэвч энэ нь шууд бэлэн мөнгө гар дээр ирнэ гэсэн үг биш. Зөвхөн хувьцаа эзэмшигч гэдгээ баталгаажуулсан хэлбэр юм. Тэгвэл иргэдэд ногдол ашиг тараах асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурал юм уу, Засгийн газрын шийдвэрийг дагах учиртай. Уг нь “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцаа эзэмшигчид хуралдаад ногдол ашиг тараахгүй байхаар тогтсон юм билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийг ард түмэнд ногдол ашиг тараа гэж нэлээд шахаж байна. Энэ компани сая “ТОП-100” аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Тэд өнгөрсөн онд татвараас гадна 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ лээ.

Өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцааныхаа 12 тэрбумыг нь гаргасан байна. Үүний 85 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй хувьцаа иргэдийнх гэсэн. Хэрэв иргэн бүрт ногдол ашиг хүртээвэл нэг өдрийн ч өл залгуулах хэмжээний мөнгө авахгүй. Тооцооллоос харахад нэг хүнд гуравхан мянган төгрөг ногдох юм байна. Энэ бол ердөө гуравхан хуушуурын л мөнгө. Ерөнхийлөгчийн хувьд ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж “Эрдэнэс-Таван толгой”-н удирдлагуудтай уулзахдаа хэлж байсан. Сонгуулийн үеэр ард түмний өрийг тэглэнэ гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд Таван толгойгоос иргэдэд ногдол ашиг тараах өөрийн хувилбараа ч танилцуулна лээ. Тэрбээр иргэдийн хувьцааг 100 хувь болгож өсгөх хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барина гэдгээ дуулгасан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийн ТУЗ-д өөрийнхөө хувилбарыг цаасан дээр буулгаж ирэхийг тулгав.

“Эрдэнэс-Таван толгойн”-н ногдол ашгийг одоо иргэн бүрт тараавал аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдгийг бүгд мэднэ дээ. Эдийн засагчид, бизнесийнхний гаргасан тооцооллыг энгийн хүн ч уншаад ойлгочихно. Тэр гуравхан мянган төгрөг бидний амьдралд ямар ч баялаг бүтээж чадахгүй. Захын рестораны аяга кофены ч үнэ хүрэхгүй шүү дээ. Ард түмэн өнөөдөр ийм мөнгө авсан ч яалаа, байсан ч ялаа. Авахгүй байлаа гээд амьдрал нь доройтчихгүй нь лав. Харин хүн бүрт өгөх гурван мянган төгрөг нийт дүнгээрээ компанидаа бол асар их мөнгө. Гурван сая иргэнд тэгш хүртээлээ гэхэд арваад тэрбум төгрөг болно. Ийм хэмжээний мөнгийг нэг дор зарлагадвал бизнесийн чадамж нь суларч, үйл ажиллагаанд нь мэдээж нөлөөлнө.

Харин энэ мөнгө компанидаа байвал том утгаараа эргээд Монголын эдийн засагт дэмтэй. Бизнес нь тогворжиж, үйл ажиллагаагаа тэлж, ашиг орлогоо нэмэгдүүлбэл манай улсад орж ирэх валютын урсгал тэр хэрээр нэмэгдэнэ. Ядаж л нүүрсээ угаах үйлдвэр барих, компаниа бэхжүүлэх, хуримтлал үүсгэхэд нь нэмэртэй юм биш үү. Харин тэр мөнгийг луйвардуулчихгүйхэн шиг компанидаа ашигтай хувилбараар авч үлдье гэвэл хяналтаа л чангатгах хэрэгтэй.

Ард түмэн Таван толгойгоосоо гурван хуушуурын мөнгө авахгүйгээр нэг, хоёр жил тэснэ. Өргүй, дээр нь өнөө жил ашигтай ажилласан гэж байгаа “Эрдэнэс-Таван толгой” компанийн чадавхыг харин ч бэхжүүлэх ёстой. Хэрэндээ л зүтгэж явахад нь гуравхан мянган төгрөг нэхээд татаж унагаагаад яахав. Тэрний оронд энэ эрчээр нь гурван жил ажиллуулсны дараа зургаан хуушуурын мөнгөтэй болсон дээргүй юу. Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа тунхагласан монголчуудын хувьд угаасаа Таван толгойгоос ногдол ашиг хүртэх нь зүй ёсны асуудал. Энэ боломжоо зөв цагт нь ашиглаж чадвал улсдаа ч, ард түмэндээ ч хэрэгтэй.

Гадны улс орнуудын жишгийг харахад иргэд нь уул уурхайгаасаа наад зах нь жилдээ 1000 ам.долларын ногдол ашиг хүртдэг. Ийм улс гэвэл АНУ-ын Аляска байна. Бид тэдэн шиг ногдол ашиг хүртдэг болъё гэвэл эхлээд Таван толгойгоо томруулах хэрэгтэй. Мянгуужингийн үлгэр мэт яригдсаар ирсэн төмөр замын асуудлыг нь юун түрүүнд шийдээд өгчихвөл дараа нь ногдол ашгийн тухай яриахад арай өөр дүн сонсогдоно доо.

Улс төрийн очкоов авахын тулд Таван толгойн ногдол ашгийг ард түмэнд тараана гэж байгаа үйлдэл бол Монгол Улсын эдийн засагт үнэхээр хохиролтой. Ийм хорлонтой байж болохгүй ээ. Сонгуулиар ард түмэнд өгсөн амлалтаа гүйцэлдүүлэхдээ улстөрчид эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх дайны шийдвэр гаргах нь олон. Бас хүүхдийн мөнгөний асуудал дээр энэ байдал тод харагдаад байх юм. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр 100 хувь олгох саналыг Ерөнхийлөгч дэвшүүлж, Их хуралд өргөн барьсан. Харин Засгийн газраас 80 хувьд нь олгох ёстой гэсэн шийдвэр гаргасан. Үнэн хэрэгтээ 20 мянгыг нийт хүүхдэд олгож байх үед 90 хувь нь авдаг байсан гэсэн судалгааг МАН-ын бүлэг танилцуулсан шүү дээ. Нэгэнт тэр арван хувь нь мөнгөө авахгүй гэж байхад нь заавал өгөх гэж намууд талцах хэрэг байгаа юм уу. Эдийн засгийн үзүүлэлтийг харахаар хүүхдүүдийн 80 хувьд нь энэ мөнгийг олговол нэмээд 41 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ бол 60 хувьд олгож байсан мөнгө хорин хувиар өсөхөд нэмэгдэж байгаа дүн. Тэгвэл бүх хүүхдэд ялгаварлалгүйгээр 20 мянгыг нь олгох юм бол 82 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Энэ мэтчилэн хүүхдийн мөнгө, Таван толгойн ногдол ашиг зэрэг нийгэм рүү чиглэсэн асуудлууд руу улстөрчид санаа тавин орж, дуугардаг нь ердөө л оноо цуглуулах гэсэн арга. Сонгуулийн амлалт болсон тэр их мөнгө иргэдийн гар дээр очоод дэмий жорлон дүүргээд байна. Үүний оронд төсөвтөө, компанидаа байвал олон баялгийг бүтээхэд зориулагдана.

Ер нь парламентад суудалтай намууд нэгийгээ муухай харагдуулах гэж хоорондоо талцаж, эдийн засагт хорлонтой шийдвэрүүд гаргадгаа болих хэрэгтэй. Эдгээр үйлдэл чинь та нарын хэлдгээр “Жоомоо устгах гээд байшингаа шатаав” гэгч болоод байна. Үүнээс болж Монгол орон тамирдаж дууслаа. Энэ улстөржилт ард түмэнд ашиггүй, улсад ч хохиролтой. Сонгогчид тэнэг биш. Та бүхний юу хийж байгааг нэвт мэднэ. Аль ч нам гарсан ард түмэнд ээлтэй гэхээс илүү ашигтай нь харж сонголтоо өгдөг болсон. Учраа олохгүй, өөрсдөд нь сайн хандаж, хэлсэн болгоныг нь биелүүлнэ гэсэн амлалтад шуурдаг цаг өнгөрсөн шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *