Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн DNN.mn

Гуйж авсан гурилыг хуй салхи дайрч хийсгэдэг юм гэнэлээ. Өөртөө гурилгүй учир хүнээс жаахан гурил гуйж аваад явж байхад нь ингэж дайсагнадаг гэх эртний үг. Их учир шалтгаантай үг ч гэгддэг. Энэ үгийг сануулмаар үйл явц өнөөдөр Монгол Улсад болж байна. Монголын төр засгаас дотооддоо үйлдвэрлэдэг гурилыг хэт үнэтэй байна гээд Оросоос хямд гурил оруулж ирэхээр хэлэлцэж эхлэв. Үндэсний үйлдвэрлэл гэвэл Монголд гурил… за тэгсхийгээд гарын таван хуруунд багтах бусад хэдэн салбарыг хэлнэ. Тэгсэн үндэсний жаахан үйлдвэрлэлийнхээ оргилд нь яваа гурилд ийнхүү халдах нь бололтой. Монгол Улс нь ерөөсөө юу ч үйлдвэрлэхгүйгээр Орос-Хятад хоёроос зөөгөөд амьдарцгаая гэсэн үзэл санааны тод илрэл гэх үү.

ОХУ-аас хямд гурил оруулж ирлээ гэж бодъё. Оросын нефть, эрчим хүч хоёрт монголчууд мөнхөд дөнгөлүүлж, энэ хоёр салбараар дамжуулан хойд хөрш биднийг дарамталж, данайж байдгийн тоог нэгээр нэмсэн үйл хэрэг болох нь. Оросоос Нефть-Цахилгаан-Гурилаар хараат болох нь. Эхний хоёрыг нь бид дотооддоо зуун хувь үйлдвэрлэдэг болох гэж 100 жил зүтгээд барсангүй. Горыг нь бид алхам тутамдаа амсан амьдарцгааж байгаа. Дээр нь одоо гурилыг нэмэхээр эрх баригчид шийджээ. Энэ бол байж боломгүй гутамшиг. Эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл мөн.

Үнэндээ гурилын үйлдвэрлэл эхний хоёр шиг яавч биш. Бид дотооддоо хэдэн том үйлдвэртэй болж чадсан. Үр тариагаа дотооддоо тарьж ургуулж үйлдвэрүүддээ нийлүүлж байна. Ийм амжилтад хүрэхийн тулд басчиг монголчууд хөдөлмөрлөсөн. Бодлого гаргаж амжилттай хэрэгжүүлсэн. Атрын-1, 2, 3, 4 дүгээр аянууд амжилттай хэрэгжсэн. Нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө орсон. Одоо бол Атрын-5 дугаар аянаа хэрэгжүүлж дотооддоо боломжит үнийн дүнг тогтоох бодлого л гаргах ёстой. Гэтэл шууд Оросоос хямд гурил оруулж ирж дотоодын хэдэн үйлдвэрээ сөнөөнө гэх. Наад захын, хэнд ч харагдаж буй ийм зөв гарц гаргалгаа байсаар атал шүү. Үндэсний үйлдвэрлэгчид, салбарын том мэргэжилтнүүд, эрдэмтэн мэргэд, бодлого боловсруулагчид үүнээс ч илүү сайн бодлогыг дотооддоо хэрэгжүүлж чадна. Ийм тодорхой

асуудал, бэлэн шахуу шийдэл дээр ажиллахыг хүсэхгүй шууд Оросуудаас авна гэдэг нь ямар учиртай юм бэ. Жишээ нь, Оросууд гурил бидэнд өгч байгаад гэнэт хилээ хаавал яах вэ. Тэр үед хэдэн үйлдвэр нь

хэдийнэ дампуурчихсан байх биз. Хариуцлагыг хэн хүлээх юм. Монголчууд гурилгүй амьдрах уу. Чадахгүй шүү дээ. Гурилгүй болчихсон ард түмэн босно, тэмцэнэ. Байгаа жаахан гурилан дээр нийгмийн дайн явагдана. Үндэсний аюулгүй байдлын асуудал шууд яригдана. Тийм л учраас гурилыг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд оруулдаг юм.

Ийм л аюулын эхлэл өнөөдөр төрийн хэмжээнд яригдаж, шийдвэр болж гарах тухай хэлэлцэгдэж байна. Ийм байдалд орж байгаагийн зорилго өнөөдөр тодорхой шүү дээ. МАН сонгуульд ялах гэж гурил, махны үнэд оролцож эхэллээ. Нэмээд юуны үнэд оролцохыг хэлж мэдэхгүй. Энэ бүгдийн эцэст Монгол Улс л дампуурна.

Гурил, махны үнийг ард түмэн дийлэхгүй байгаа юм бол, тэгтлээ ядарсан ард түмэн та нарт саналаа өгөх үү. Эрх баригч МАН ингэтэл нь ард түмний амьдралыг дордуулсан байна шүү дээ. Америкт анх бол зөвхөн татвар төлөгчид сонгуульд саналаа өгдөг тогтолцоотой байлаа. Яагаад гэвэл тэр давхаргынхан нь жинхэнэ хөдөлмөрлөж, баялаг бүтээж, ажлын байрыг олноор бий болгож, татвар төлж, улсын төсвөө бүрдүүлж байсан учраас тэр юм. Тэр хэрээрээ хариуцлагатайгаар санал өгдөг. Нэг талаас тэр нь бараг зөв байсан юм шиг санагдах. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ цаг үед бол бүдүүлэг байх. Гэхдээ шударга ёс үнэртээд байдаг юм.

Үүний яг эсрэгээр өнөөдөр Монголын эрх баригчид ард түмнээ мах, гурил хоёрынхоо үнийг дийлж авч чадахгүй болтол нь ядууруулчихаад, тэдний саналыг авч дахин сонгогдохын тулд “Хямд мах, гурилаар та нарыгаа хангана” хэмээн шийдвэр гаргах гэж байгаа нь доромжлол. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Харж дүгнэж л байгаа. Тийм болохоор мах, гурилаа дийлэхгүй байгаа ард түмэн МАН-д саналаа өгнө гэж байх уу. Хаа хаанаа бодох асуудал энэ шүү. Эцсийн үр дагавар нь эх орноо сүйрүүлэх алхмыг нэмсэн хэрэг болсоор дуусна. Ердөө ийм л хар зураг харагдаж байна. Үүнийг эртний сургаал үгсийн нэг болох “Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн” хэмээх зүйрлэлээр товчлон хүргэлээ. Ердөө л энэ шүү…

Б.Нямаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *