Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гремикс” буюу М.Ганбаяр: Контент бүтээхэд хамгийн эхэнд санаагаа олох нь чухал || DNN.mn

Контент бүтээгч “Гремикс” буюу М.Ганбаяртай ярилцлаа.


-Ямар учраас, Youtube-д контент бүтээх болсон бэ?

-Бага наснаасаа вэб сайт хөтлөх, блог, видео эдитлэх хоббитой байсан. Оюутан болоод хоёрдугаар курсээсээ үүнийг яаж өргөжүүлж, гоёор хийж болох вэ гэж бодож байгаад you­tube дээр видео хийдэг хүн болъё гэж шийдсэн. Эхлээд юу хийхээ сайн мэдэхгүй you­tube үзэж байгаад тоглоом тоглож, видео хийдэг гурван суваг олсон. Тухайн үедээ мянга гаруй хүн үзэж байхаар нь монголчууд бас тоглоомын видео үздэг юм байна гэж бодсон. гадаадын контент бүтээгчид видео яаж хийдгийг харах гээд “PewDiePie” бичлэгийг үзээд хөгжилтэй санагдан ингэж хийж болох юм байна гэж урам зориг авснаар хийж эхэлсэн.

-Та видео тоглоомуудыг ашиглан төрөл бүрийн контент хийдэг. Хэзээнээс эхэлж хийж эхлэв?

-Youtube сувгаа 2014 онд нээж хоёр видео хийгээд орхичихсон байсан. 2016 оны зунаас эхлэн одоо бичлэгүүдээ хийж эхлье гэж огцом шийдсэн. Одоогоор видео, контент хийгээд зургаан жил болж байна.

-Нэг контент бүтээхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Тухайн контентын хийц загвараас л хамаарна. Контентдоо хэр их эдит хийх зэрэг болон ямар агуулгатай бичлэг хийхээс хамаардаг. Эхний үед энгийн тоглолтын gameplay видеоны дундаж хугацаа 1-2 хонодог байсан. Видеогоо сайжруулах гээд хийх аргачлал нь өөрчлөгдөхөд хэцүү болоод хичээлийнхээ завсраар 2-3 хоног эвлүүлдэг байсан. Хийж эхэлснээсээ 2-3 сарын дараа яаж хийх аргаа олсны дараа өдөрт л хийдэг болсон. Нэг юмыг олон дахин давтаж хийж, заримдаа хичээлээ тарж ирсэн даруйдаа эдитлэн youtube сувагтаа оруулдаг байсан. Хийц өндөртэй эдит их видеог одоо ч гэсэн олон хоног сууж эдитэлдэг дээ.

-Гремикс “Орк” кино болон “Мөнх тунх” анимэйшнд тоглож байсан шүү дээ. Одоо кино, рекламд тоглох санал ирж байна уу?

-Хааяа ирдэг. Тоглох бодол нэг их төрөхөө больсон. Өмнө нь кино гэхэд их дуртай тоглодог байсан бол одоо бага зэрэг цааргалдаг болсон. Манай оронд кино хийхэд цаг наргүй их шахуу цагийн хуваарьтай ажилладаг. Хүмүүсийн төсөөлснөөс хэцүү ажил болохоор тэр. Реклам, сурталчилгаа бол харж байгаад ямар байгууллагын, ямар бүтээгдэхүүн рекламдах гэдгээс хамааран улиралдаа нэг ордог.

-“Хүйтэн байна”, “Сангимсаал” зэрэг дуу дуулж байсан шүү дээ. гэдгийг Ер нь яагаад дуу бүтээх болсон бэ?

-“Хүйтэн байна” дуун дээр хөгжилтэй, дуутай контент гаргана гэж бодоод хийсэн. Хүмүүс дуу гэдгээр нь ойлгож хүлээж авсан. Тэгээд дараагийнх дээр нь жинхнээсээ дуу хийх гэж оролдсон.

Ойрын хугацаанд бол дуу хийх бодол байхгүй. Гэхдээ ер нь жилдээ нэгээс хоёр удаа дуу хийх байх.

-Youtube сувагт видео хийж эхэлснээсээ хойш 732 мянган дагагчтай боллоо. Ар гэрийхэн нь анх бичлэг хийхэд хэрхэн хүлээж авдаг байв?

-Анх гэрийхэн өрөөндөө ганцаараа яриад суухаар гайхдаг байсан. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан болохоор ээжийг ажилдаа явсан хойгуур хийдэг байсан. Жилийн дараа хийж байгаа зүйлийг маань ээж мэдээд эхэлсэн. Анх хүндрэл тулгарах нь гайгүй байсан.

-Youtube дээр контент бүтээхэд юу хамгийн хэцүү байдаг вэ?

-Үнэхээр Youtube хийх нь дуртай хүнд бол нэг их хэцүү зүйл байхгүй, бүх асуудлуудыг шийдэж болохоор санагддаг. Гэхдээ заримдаа онцгүй коммент, хүмүүсийн хандлага зэргийг хараад сэтгэлээр унах үе гардаг ч эргээд хэвийн болчихдог.

-Ямар Youtube суваг үзэж, туршлага хуримтлуулдаг вэ?

-Монголоос ихэнх контент бүтээгчдийг үздэг. Гадаад контент бүтээгчээс “Mrbeast”, “PewDiePie”, “Sinzar” зэрэг сувгуудыг их үздэг. Youtube дээр үзэхийг санал болгосон видеонуудыг л их үздэг болсон.

-Youtuber болсноос хойш амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Youtuber болсноос хойш гарсан өөрчлөлт гэвэл хүмүүс гадуур явж байхад их таньдаг болсон. Харин олон жил өнгөрөх тусам намайг танихаас илүү дотноор хүлээж авч буй юм шиг санагддаг болсонд баяртай байдаг.

-Бичлэг хийж эхэлж байхдаа өөрийн нэрийн бараагаа гаргана гэж боддог байсан гэсэн. Одоо бараануудаа гаргасан уу?

-Анх видео хийж эхэлж байхдаа нэрийн барааг гаргая гэж боддог байсан. Ганцаараа бие дааж хийхэд хэцүү асуудал байна лээ. Өнгөрсөн жил анхны бараагаа гаргасан. Тухайн үед хүмүүс сонирхож тодорхой хэмжээнд авсан. Үйлдвэрлэгч их цөөхөн, ихэнх зүйлээ импортоор оруулж ирдэг болохоор хэцүү юм байна лээ. Сүүлд шинэ жилээр аягатай жижиг бэлгийн багц гаргасан.

-Хүмүүс өөрөөр тань дамжуулж хайртай дотны хүмүүстээ төрсөн өдрийн мэндчилгээ видеогоор хүргүүлдэг гэсэн үү?

-Тийм “Fomi” гэдэг Монгол аппликэйшн байдаг. Энэ нь видеогоор хүмүүст мэндчилгээ зэргийг хүргэдэг. Энэ аппликэйшнээр дамжуулан сүүлийн үед хүмүүс хүүхдүүддээ, дүү нартаа мэндчилгээ хүргүүлж авч байгаа.

-Нэг бичлэг хийх үйл явцаас хуваалцвал?

-Хамгийн эхэнд ямар видео хийх санаагаа олох нь чухал. Иймэрхүү видео хийвэл сонирхолтой байх гэж санаагаа олно. Хэрвээ санаа байхгүй бол видеогоо хийж чадахгүй. Санаагаа олчихвол видеогоо төсөөлөөд, иймэрхүү видео хийж болох юм байна гээд компьютер, камераа асаагаад рекордоо хийж эхэлнэ. Рекорд хйиж байхдаа төсөөлсөн зүйлээ бодож хийнэ. Дараа нь рекорд хийсэн видеогоо эдит хийнэ. Аль болох сонирхолтой байдлаар эдит хийх гэж үздэг. Эдитэлж байхдаа видеогоо хэр зэрэг болж байгааг харж сайн болвол гаргадаг. Видео муу болчихвол гаргахгүй устгадаг.

-Та бичлэгтээ ямар тоглоом ихэвчлэн тоглодог вэ?

-Бүх тоглоомнуудыг судалж байгаад бичлэг хийвэл аль нь илүү хөгжилтэй, сонирхолтой болох бол гэж бодож байгаад нэгийг нь сонгоод тоглодог доо.

-Таны бодлоор Монголын хамгийн сайн Youtuber хэн бэ?

-Одоогоор бүгд л нэгэн жигд байх шиг санагддаг. Яг мундаг гэж боддог хүн гарч ирээгүй л байна.

-Одоогоор ямар ажилд төвлөрч ажиллаж байна?

-Би одоогоор видео хийхийн зэрэгцээ хүмүүстэй хамтран төсөл дээр ажиллаж байна. Төсөл маань хүмүүст ил болоогүй байгаа. Төсөл дээрээ их цаг зарцуулж буй учраас видеоны давтамж нь бага зэрэг буурчихсан байгаа. Хийж байгаа ажлаа жигдрүүлчихвэл буцаагаад видеогоо сайн хийж эхэлнэ дээ.

-Youtube сувагт видео контент бүтээх хүсэлтэй залууст юуг зөвлөх вэ?

-Хийгээд л үз гэж хэлнэ. Шантралгүй хийгээд бай. Гэхдээ дургүй байвал заавал хүчээр хийх гээд байх хэрэггүй, гол нь хийх гэж буй зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Урам зориг авдаг хүнээ үзэж байгаад видеогоо хийгээд л үз гэж хэлнэ.

-Цаашид юуг хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоогоор олон жилээр төлөвлөсөн зүйл алга. Одоо хийж байгаа хоёр зүйлүүдээ ойрын хугацаанд сайн хийнэ л гэж бодож байна даа.

Ц.УЯНГА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *