Үзэсгэлэнт далайн эрэг дээр амьдарсныхаа төлөө сар бүр 565 долларын тэтгэмж авна гэвэл та итгэх үү. Тэгвэл Грекийн Антикитера арал дээр оршин суух хүсэлтэй иргэдийг ийнхүү урамшуулахаар болсон байна. Үүгээр ч зогсохгүй амьдрах байшин, газраар хангана гэж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөр нь зөвхөн Грекийн иргэншилтэй хүмүүст л хамааралтай аж.
Хэдийгээр цэв цэнхэр тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт тогтоцтой, зөөлөн дулаан уур амьсгалтай боловч энэхүү арлын оршин суугчид сүүлийн жилүүдэд 300-гаас 24 болтлоо цөөрчээ. Тиймээс арлын удирдлагууд хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү арга хэмжээ авахаар болжээ. “Lonely planet” хэмээх сайтын мэдэгдсэнээр уг зардлыг Грекийн Ортодокс сүмээс гаргах гэнэ.
Оршин суугчид нэмэгдсэнээр хүмүүс загас агнаж, барилга барьж, талх нарийн боов хийж борлуулснаар арлын эдийн засагт хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа арлын удирдлага хэлсэн байна.
Энэхүү өвөрмөц арал нь Крета, Киттира хоёрын хооронд оршдог бөгөөд Афинаас 45 минутын зайд нисэж хүрдэг. Хэдий үзэсгэлэнтэй байгальтай боловч ийшээ очиход нэлээд бэрхшээлтэй, усан завь тогтмол явдаггүй. Гэхдээ өөрийн гэсэн цахилгааны эх үүсгэвэр, цэвэр усны нөөцтэй бөгөөд утасны шугам, интернетэд холбогдсон нь уг арал дээр амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Зам харилцаа муу учраас жуулчид Антикитера арал руу очих нь ховор боловч геологичид болон цаг уурын эрдэмтэд судалгаа шинжилгээ хийхээр тус арлыг зорих нь элбэг байдаг аж.
Арлын удирдагчийн ээж дурсахдаа “Хуучин цагт энд 70 орчим хүүхэд сургуульд явдаг, 800 гаад оршин суугчтай байлаа. Одоо бараг хүүхэд алга даа” хэмээжээ. Мөн Антикитерагийн оршин суугчдыг гурав болон түүнээс дээш хүүхэдтэй болохыг удирдлагын зүгээс ихээхэн дэмжиж, уриалдаг гэнэ. Ямартай ч ийм шийдвэр гарснаас хойш 15 гэр бүл уг арал дээр амьдрах хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна. Арал руу нүүх шийдвэр гаргахаасаа өмнө очиж танилцахыг хүссэн хүн бүрийг арлын оршин суугчид тун найрсгаар хүлээж авч гэртээ байрлуулдаг гэсэн.
А.МӨНХЗУЛ