Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайн аймагт өвөлжилт хүндэрчээ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ өгөх Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллажээ.

Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаан суманд өвөлжилт хүндэрчээ. Энэ өвөл 6479 өрхөд 2.9 сая толгой мал өвөлжиж байна. Нийт малын 94.3 хувь нь дундаас дээш тарга хүч авсан, өөр аймгийн нутагт 20 өрхийн 11785 толгой мал өвөлжиж байгаа юм. Өнгөрсөн зун тус аймгийн 80 гаруй хувьд нь зуншлага сайн, 10 хувьд нь гандуу, 10 хувьд нь гантай байснаас Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см байна. Бэлчээрийн даацын хувьд 45 хувь нь хүрэлцээтэй, 55 хувь нь хүрэлцээгүй мэдээ гарчээ.

Өвс, тэжээлийн хувьд аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, харин аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл бэлтгэжээ.

Аймгийн хэмжээнд 332967 толгой малыг зах зээлд борлуулах тооцоо судалгаатай байна. Малчид мал борлуулах хүсэлтэй байгаа ч одоогоор нэгдсэн борлуулалт хийгдээгүй. Сүүлийн саруудад Говь-Алтай аймагт махны үнэ нэлээд буурч, өнөөдрийн байдлаар хонины мах 1 кг нь 2800, үхрийн мах 3500, ямааны мах 1800 төгрөгийн үнэтэй байна. Мөн малчдын гар дээрх мөнгө хомс, ихэнх нь малаа банкны барьцаанд тавьсан, зээлтэй, зээлийн хүүгийн мөнгөө төлж чадахгүй болоод байна.

Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваанууд хаагдсаныг нээжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг аймгийн хэмжээнд хэд хэдэн сум хүндрээд байгаа учраас тодорхой хэмжээний хөрөнгийн дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Улсын онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, хурандаа М.Энх-Амар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тулгамдаад буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өгсөн байна. Мөн Онцгой комиссынхонтой зөвлөлдөж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин олгохоор шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *