Ирэх сарын 9-нд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо өнгөрсөн долоо хоногийн эхээр эгчийнхээ хамт сураггүй алга болсон юм. Тэгвэл цагдаагийнхан Мариа болон эгчийнх нь цогцсыг өчигдөр 20.00 цагийн үед олсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоёр бүсгүйн цогцсыг Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олжээ. Цагдаа нар энэ хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Энэхүү хэрэгт мисс Мариагийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залууг холбоотой хэмээн таамаглаж, эрэн сурвалжиж эхэлсэн байна. Дэлхийн миссийн холбооны удирдлагууд амиа алдсан Гондурас улсын мисс Мариа Хосе Алварадогийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт хэрэгтэнг тэмцээнээс өмнө барихыг тус улсын цагдаа нараас хүсчээ. Тус холбооны орлогч захирал Сесилиа Песк твиттертээ “Гоо бүсгүйн үхэл дэлхийг цочирдууллаа” хэмээн жиргэжээ.