Categories
мэдээ цаг-үе

Гомбосүрэнгийн Энхтуяа: Өвлийн өвгөний хүүхдүүд гээд бидэнд Харшийн ёолкны бэлэг өгдөг байсан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэнгийн охин Энхтуяатай уулзлаа. Хүмүүс түүний аавыг өвлийн өвгөн гэдгээр нь хамгийн сайн мэднэ дээ.

-Шинэ жил дөхөж байна. Өвлийн өвгөний охин болохоор таныг цасан охин гэж төсөөлөөд байлаа. Шинэ жил таны хувьд бусдаас арай л өөр өнгөтэй байсан болов уу?

-Шинэ жил хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр. Аав маань өвлийн өвгөн болдог. Харшийн ёолкийг хоног цаг тоолон хүлээдэг байлаа. Харшийн ёолк гэдэг хамгийн дээд зэргийн баяр байлаа. Бэлэг нь их гоё. Бид аавын долоон охин. Шинэ жил дөхөөд ирэхээр манай аав байгууллагуудын шинэ жилд оролцоно.

-Та цасан охин болж байсан уу?

-Багадаа бандгардуу, махлагдуу охин байсан болохоор өөрөө ичдэг ч байсан юм уу нэг, хоёр удаа л цасан охин болсон. Би дээрээсээ тав дахь охин нь. Хамгийн том эгч жар гараад явж байна. Дэрсхэн, хоёр, гурван насны зөрүүтэй охид.

-Шинэ жил танай гэр бүлийн хувьд яаж өнгөрдөг байсан бэ. Он солигдох мөчид өвлийн өвгөн хаана байдаг байв?

-Он солигдох мөчид аав байхаасаа байхгүй нь их. Гэхдээ яахав гэр бүлийн хүрээнд сайхан тэмдэглэнэ. Ээж бүх юмаа бэлтгэнэ. Өвлийн өвгөний хүүхдүүд гээд бидэнд Харшийн ёолкны бэлэг байнга өгдөг. Бэлгээ авсан хүүхдүүд хөөрчихсөн гоё байна. Он солигдох мөчид аав заримдаа гэртээ байдаг. Аавтайгаа байхаар бүр гоё. Гэхдээ тэр нь ховорхон. Бид аав байхгүй байна гээд сэтгэл дундуур байдаггүй. Он гарахаар аав ирээд, ахиад л шинэ оноо тэмдэглэнэ.

-Аав шинэ жил хоёрын тухай сэтгэлд үлдсэн дурсамж бий байх?

-Шинэ жил болгон гоё л доо. Аав нас өндөр, ная гарсан хүн гэхэд залуу байхдаа яаж өвлийн өвгөн болдог байсан яг л тэр эрч хүчээрээ явдаг байсан. Ачаалал нь ихдээд ирэхээр настай хүн ядарна. Хичнээн өөрт нь сонирхолтой байсан ч улсын бодлого гэдэг утгаараа татгалзаж, гуниглангуй үе байсан. Хамгийн сүүлчийн удаа Харшийн ёолкны өвгөн болох тэр мөч нь л мартагддаггүй. Аав их л баярласан байж билээ. “Аав нь энэ жилдээ болоод дараа жилээс чадахгүй байх аа. Хувцас хунараа бэлтгэмээр байна” гээд маш сэтгэл нь хөдөлсөн, 85-86-тай үе нь санаанд үлджээ.

-Өвлийн өвгөн хэр их бэлтгэл хийдэг байв. Бидний үеийнхэн биднээс дээших үеийнхэнд бол өвлийн өвгөн гэдэг Г.Гомбосүрэн гуайгаар төсөөлөгдөж үлджээ. Маш гоё дуу хоолойтой хүн байсан даа?

– Манай аав дэглэм их барьдаг. Өглөө босоод гимнастик хийнэ. Залуу байхдаа тогтмол зургаан цагт босоод хоёр, гурван цаг дасгал хийдэг байсан. Нас өндөр болсон ч цаг гимнастик хийгээд усанд орж байж цай хоолоо идэж уудаг. Дуу хоолойгоо хадгалахын тулд нот уншиж, бэлтгэл сургуулилт байнга хийдэг байлаа.

-Г.Гомбосүрэн гуай жүжигчин байхаасаа өмнө жолооч байсан гэдэг билүү?

-Тийм. Анх Гал командад жолооч байгаад, дараа нь Бөмбөгөр ногоон театрт жолоочоор ороод, тэндээ туслах ганц нэг дүр бүтээсэн. Өөрөө их сонирхолтой болохоор сургуулилтыг хараад, бүх үгийг нь цээжилсэн байж. Нэг жүжигчин өвчтэй гээд ирж чадаагүй үед хамгийн анх ганц, хоёр үг хэлэх дүрд аавыг оруулсан юм билээ. Дуу хоолойг нь сонсоод, Гэндэн гуай, Чимэд-Осор гуай гээд хуучны мундаг жүжигчид жижиг дүр өгсөн байдаг. Тэр үед Урлагийн дээд сургууль байхгүй. Байгалиас заяасан авьяастай мундаг хүмүүс байсан. Чимэд-Осор гуай, Гэндэн, Цэвээнжав, Хандсүрэн, Рэнцэнноров гуай байгалиас заяасан авьяасаараа алдаршсан хүмүүс.

-Г.Гомбосүрэн гуай хүүхдүүддээ хэр их цаг гаргадаг байв?

-Цаг гаргах нь ховор. Аав их уян. Биднийг “Миний хөөрхөн охид, миний хүүхнүүд гэдэг. Ээжийг “Миний охин” гэдэг. Яаж байна, юу болж байна гээд эцэг хүний хайраар ханддаг.

-Хүүтэй болохсон гэж боддог л байсан байх даа?

-Хүүтэй болохыг хүсдэг л байсан байх. Хүүтэй болохыг хичнээн хүсдэг ч хэдэн хүүг нийлүүлсэн юм шиг хүч чадалтай, хайр халамжтай, ажилсаг охидтой болохоор миний дутууг та нар гүйцээж явдаг гэж хэлдэг байсан. Зээ хүү гарч ирэхэд тэр хүлээлт нь их бага хэмжээгээр нөхөгдөөд ирсэн.

-Ээлжит охин төрөх бүрт аав чинь яаж хүлээж авдаг байв?

-Хүлээх цаг мөч байсан. Миний дээд талын эгч бид хоёр жилийн зөрүүтэй гарсан. Одоо л хүү байх гэхээр охин гараад ирдэг. Сүүлдээ одоо хүү ч байсан, охин ч байсан яахав дээ гэсэн бодолтой байсан гэж ярьдаг. Нэг их ач холбогдол өгөөд, хүү байхгүй гэсэн гуниглал мэдрэгддэггүй байсан. Охидоо гомдоохгүй гэж тэгдэг ч байсан юм уу мэдэхгүй.

-Танай ээж жүжигчин Ц.Сэржханд гуай байх аа. Дездомонад тоглож байсан гэдэг?

-Манай аав, ээж хоёрын их гоё зураг байдаг. Дездомонад тоглоод дурлалцаад суусан гэж ярьдаг.

-Тайзан дээр Отелло, Дездомона хоёрын амьдрал яаж дууссаныг хүмүүс мэднэ. Харин бодит амьдрал дээрх Отелло, Дездомона хоёрын гэр бүлийн харилцаа, хайр дурлал хэрхэн өрнөсөн бол?

-Заяаны ханиуд байсан даа. Аав, ээжээс арав гаруй насаар ах. Тэгсэн мөртлөө аав жаахан хүүхэд шиг ээжид эрхэлнэ. Манай ээж болохоор хүүхдээ асарч байгаа ээж шиг байсан. Хувцас хунар, хоол унд, ар гэрийн бүх ажлыг ээж даадаг байсан. Ээж хоол хийж өгөхгүй бол аав өөр хоол иддэггүй. Өглөө, өдөр, оройн хоолыг нь бэлтгэнэ. Ээж жүжигчин байсан ч өөрөө жүжигчнээсээ татгалзаад, ар гэрийнхээ ажил амьдралыг даасан. Аавыг урлагийн замд төгс оруулах суурийг манай ээж л тавьсан. Аав ээжийг “Миний ээж” гэдэг ээж “Миний өвгөн”, “Миний хүү” гэдэг. Салж хагацаж чаддаггүй улсууд байсан. Аавыг өнгөрөхөд хоёр жилийн дараа ээж 72-той өнгөрсөн. Санаж мөрөөдөж гунигладаг. Аавыг өнгөрсний дараа хүүхдээ алдсан ээж шиг байсаар явсан.

-Г.Гомбосүрэн гуай ямар хоолонд дуртай байв?

-Манай аав гурилтай шөлөнд дуртай байсан. Надаас дээш үеийн олон хүүхэд манай ааваас бэлэг авч байсан дурсамж ярьдаг. Г.Гомбосүрэн гуайгаар өвлийн өвгөнийг төсөөлдөг гэдэг. Одоогийн өвлийн өвгөн Б.Жаргалсайхан манай ээжид ирж, ёсолж, хүндэтгэж “Багшийн хувцсыг авч өвлийн өвгөн болмоор байна” гэсэн юм билээ. Ээж дараа дараагийн хүмүүс хэрэглэг гэсэн. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс өмсөөд явна гэдэг миний аавын хүсэл мөрөөдөл биелж байгаа хэрэг. Аав өвлийн өвгөний хувцсаа их нандигнаж хадгалдаг, нямбай хүн байсан.

-Та аавдаа хэр их магтуулдаг байв?

-Ер нь бол би их магтуулдаг байсан. Ажилсаг байсан юм уу даа. Аав охиддоо урам хайрладаг. Миний дээд талын дээд талын эгч бид нар дотроос характер онцгой. Сэтгэдэг, хөдөлгөөнтэй. Тэр эгч их загнуулдаг байсан. Надад гар хүрч байгаагүй. Манай сэргэлэн эгч найруулах, зохицуулахдаа идэвхтэй. Багадаа бид жүжиг тоглодог. Хүүхдүүд болсон хойно өөрсдөө өрнүүлээд л. Манай эгч удирдаж, зохион байгуулаад бид “Алтан загасны үлгэр”, “Манжингийн үлгэр” гээд жүжиг найруулна. Аав, ээж хоёрыг орон дээрээ суулгачихаад, хөшиг нээгээд тоглоно. Янз бүрийн юмаар сахал, үс хийнэ. Намайг аав “Миний охин жүжигчин болох авьяастай. Тэр дундаа эрэгтэй хүний дүрд тоглох боломжтой. Жүжигчин болоход болно шүү” гэдэг байсан. Бид аав, ээж хоёртоо концерт тоглож үзүүлдэг. Заримдаа бүгдээрээ хөгжим тавиад бүжиглэнэ. Аав их гоё дуулна. “Цэнхэрлэн харагдах уул” гээд их гоё дуулна. Тэр үеийг бодохоор гоё. Би жүжигчин болно гэж боддог л байсан. Хань ижилтэй болоод хажуудах хүнийхээ аяыг дагасан. Яг намайг сургууль төгсч байхад Жаргалсайхан, Сарантуяа эд нар Москвад Кино урлагийн дээд сургуульд суралцахаар явж байлаа. Би тэр сургуульд явъя гэж бодож байсан ч хүүхэдтэй болоод чадаагүй.

-Та эрт хүнтэй суужээ?

-Дунд сургуульдаа найзалж байгаад 19-20-той суусан. Тэгээд нөхрийнхөө аяыг дагахаас аргагүй.

-Хүнтэй суусан, хүүхэд гаргасан эмэгтэй хүний хувьд мэргэжлээ сонгохдоо нэлээд буурь суурьтай ханджээ?

-Би барилгын инженер. Одоо Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга хийж байгаа. Нийслэлийн хэмжээний төлөвлөлт хийдэг. Манайх орон сууцны чанар шалгах ажил хийдэг. Би айхавтар хөдөлгөөнтэй биш ч миний зан төлөв ерөнхийдөө аавынхтай төстэй. Сэтгүүлч, орчуулагч, жүжигчин, урлагийн хүн гэх мэт олонтой харьцдаг мэргэжил зохих байсан даа. Гэхдээ түүнээсээ шал өөр мэргэжил сонгоод ажилласан. Хүний мэргэжил амьдралын баталгаа, хоол, гэр орон бүх юм даа.

-Танай эгч дүү нараас жүжигчин төрсөн үү?

-Жүжигчин бол байхгүй. Манай нэг дүү бүжигчин. Нэг дүү төгөлдөр хуурын багш, Хөгжим бүжигт багшилдаг. Хамгийн том эгч балетчин байсан. Тэтгэвэрт гарчихсан л даа. Том эгчийн хүүхдүүд харин урлагаар дагнасан. Нөхөр нь Ц.Баатаржав гэж ҮДБЧ-ын удирдаач байсан. Тэдний хүү Б.Энхбаатар Свердловскт Уралын филармонийн ерөнхий удирдаач хийдэг. Удирдаачдын олон улсын шагналтай залуу бий. Бас нэг хүүхэд нь хөгжимчин. Том эгчийн хүүхдүүд бүгд урлагийнх.

-Одоо бол та шинэ жилийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Гэр бүл үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөнө.

-Хүүхдүүдийн чинь хувьд өвлийн өвгөн өөрөөр төсөөлөгддөг болов уу ?

-Бид нарын санаанаас өвлийн өвгөн хэзээ ч гарахгүй. Гэхдээ манай хүүхдүүд өвлийн өвгөн гэхээр өвөөгөө үргэлж дурсдаг. Шинэ жил болохоор “Өвөө минь байсан бол” гээд ярина.

-Өвлийн өвгөний хувиар зээ хүүхдүүддээ бэлэг өгч байсан уу?

-Хоёр том эгчийн хүүхдүүдэд өгч байсан. Гэртээ өвлийн өвгөний хувцсаа өмсөөд хүүхдүүддээ бэлэг өгөхөөр нөгөөдүүл нь онгирч баярладаг байсан.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *