Categories
мэдээ нийгэм

Гомбын ДАШРЭНЦЭН /1953-2014/

Бидний эрхэм дотнын нөхөр, Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Дашрэнцэн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгслөө.

Г.Дашрэнцэн нь 1953 онд Төв аймгийн Баян сумын нутаг Бэлхийн цагаан хөтөл гэдэг газар төржээ. Тэрбээр Сүхбаатарын нэрэмжит цэргийн сургуулийг дүүргэж, Худалдааны техникумын бараа судлалын ангийг 1971 онд төгссөн байна. МУИС-ийн сэтгүүлчийн болон Удирдлагын академийн улс төр судлаачийн ангийг дүүргэжээ.

Төв аймгийн сонинд 1978 оноос эхлэн сурвалжлагч, нарийн бичгийн дарга, аймгийн захиргааны хэвлэл мэдээллийн албаны даргаар тус тус ажилласан байна. 1990-1996 онд Төв аймгийн Ардчилсан намын даргаар, 1996-2000 онд Төв аймгийн Засаг даргын орлогчоор ажиллажээ. Г.Дашрэнцэн нь Монголын ардчиллын төлөөх тэмцлийг орон нутагт өрнүүлж байсан анхдагчдын нэг юм. Тэрээр Төв аймгийн бүх сумдад хүрч ажиллан, Монголын Ардчилсан холбоо, Монголын Ардчилсан нам, Шинэ дэвшилт холбоо, МҮАН-ыг үүсгэн байгуулалцсан билээ. 2000 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы тоймч, “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байв.

Г.Дашрэнцэн нь 2000-2004 онд ардчиллын мухардлын үед Ардчилсан хувьсгалыг үзэгнийхээ үзүүрээр үргэлжлүүлж, Монголын ардчилалд үнэлж баршгүй гавьяа байгуулсан “Өдрийн сонин”-ы топ сэтгүүлчдийн нэгэн байлаа. Түүний туурвисан “Манай сумын намууд”, “Тэнэг төр тэмдгэнд дуртай”, “Хамуудаа Энхбаярдъя”, “Баячуудын зэрлэг цэнгэл, хар тамхиар тарьсан адгуусны хөлөөс хүүхдээ салгаж авах цаг”, “Ленин ба Сото”, “Муу ч гэсэн парламент маань, муухай ч гэсэн Монгол минь”, “Кремльдэх Кремльдүүлэх” зэрэг улс төрийн даацтай олон нийтлэлүүд нь Монголын сэтгүүл зүйд шинэлэг зүйлийг авчирсан юм.

Нэрт нийтлэлч Г.Дашрэнцэнгийн авьяас зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Тусгаар тогтнолын одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр тус тус шагнажээ. Түүнчлэн сэтгүүл зүйн салбарын дээд шагнал болох “Өдрийн сонин”-ы тэргүүн бичлэгийн шилдэг шагнал, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 2002 оны шилдэг сэтгүүлч, 2003 оны “Алтан үзэг” шагнал хүртэж, 2014 онд Нийслэлийн хүндэт иргэнээр шалгарч байсан юм.

Талийгаачийн ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар, нөхөрсөг мэргэн зөвлөмж нь сэтгүүл зүйн салбарт үеийн үед дурсагдах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *