Categories
мэдээ нийгэм

Голд машинаа угаасан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Ирлээ-Явлаа-Цэвэр” аян хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр (2020.08.04) Баянзүрх дүүргийн 23-р хороонд Улиастай голын эрэг дагуу шалгалт явуулав. Шалгалтаар иргэд голын эрэг дээр автомашин, техник хэрэгслээ угаах зөрчил, мөн хог хаях зөрчил илэрснийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж буйг баримтжуулан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ. Тодруулбал, голын усанд автомашинаа угааж байсан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон байна.

Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (100,000 мянган төгрөг), хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй (1 сая төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *