Categories
мэдээ нийгэм

ГХЯ-аас Олон улсын гэрээ, гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв DNN.mn


Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдэд Монгол Улсын олон талт олон улсын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд мэдээлэл хийлээ.

Монгол Улс нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан бөгөөд 2021 оны эцсийн байдлаар 1325 хоёр талт олон улсын гэрээг байгуулсан. Үүнээс хүний эрхтэй холбоотой 48 чиглэлийн гэрээ конвенцод нэгдэн орсон байна. Монгол Улс 30 хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг хүргүүлж ажилладаг. Хүний эрхийн хорооноос эдгээр тайланд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын үр дүнтэй, төрийн байгууллагууд уялдаа холбоотой зохион байгуулах, зөвлөмжийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, хянах тогтолцоог бүрдүүлэх, хүний эрхийг хангахад тодорхой ахиц дэвшил гаргахад анхаарах шаардлагатайг онцоллоо.

IMG_9301.JPGIMG_9301.JPG

Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 2017 онд Монгол Улсын Засгийн газарт дараах зөвлөмжүүдийг өгсөн бөгөөд шийдэл шаардлагатай хэвээр байна. Үүнд:

Ø Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаагаа хараат бус, ил тод, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлж, хангалттай санхүүгийн болон хүний нөөцөөр хангах,

Ø унаач хүүхдүүд буюу хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийг устгах, хүчээр буюу албадан хөдөлмөрийн ойлголт, тодорхойлолтыг олон улсын стандарттай нийцүүлэх,

Ø удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээ авах, ялгаварлан гадуурхахын эсрэг дэлгэрэнгүй зохицуулалт бүхий хууль батлах,

Ø хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийтийн тээвэр болон барилга байгууламжид саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх,

Ø бүх төрлийн орчинд хүүхдэд бие махбодийн шийтгэл үзүүлэхийг хориглох,

Ø хүүхдийн эсрэг хүчирхийллийн үйлдлийг шуурхай, үр дүнтэй мөрдөн шалгах, ял шийтгэл оногдуулах,

Ø хохирогчийг хамгаалах арга хэрэгслийг бий болгох, хохирлыг барагдуулах арга хэмжээ авах,

Ø эрүүгийн хуулийн эрүүдэн шүүх гэмт хэргийн тодорхойлолтыг олон улсын стандартад бүрэн нийцүүлэх, шийтгэлийн хэмжээг гэмт хэргийн шинж байдалд дүйцүүлж хүндрүүлэх,

Ø хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулан эрүү шүүлтийн үйлдлийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй явуулах талаар сургалт явуулах зэрэг олон ажлуудыг хийхийг үүрэг болгосон байна.

Тэрбээр мэдээллийн төгсгөлд олон улсын аливаа гэрээ, хэлэлцээрт нэгдэн орохын өмнө үүсч болох хууль зүй, нийгэм эдийн засаг, санхүүгийн үр нөлөө, хүний эрхийн үр нөлөө, хүлээх үүрэг, хариуцлага,тэдгээрийг хэрэгжүүлэх боломж нөхцлийн талаарх судалгаа, үнэлгээг цогцоор гүйцэтгэж байх нь чухал бөгөөд нэгдэн орсон олон улсын гэрээний нэр томьёо, зохицуулалт, агуулгад үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнчлэн холбогдох төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, шүүхээс нэгдмэлээр хэрэглэж хэвших хэрэгцээтэй байгааг ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд тэмдэглэв гэж ХЭҮК-оос мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *