Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Оюу толгойн авч байгаа монгол толгой нарыг харахаар “ээ хөөрхийдөө” гэсэн бодол төрөх юм DNN.mn

Оюу толгой руу байсхийгээд л дайрах юм. Уурхай дээр нь очиж жагсаад л, Монголын баялгийг дээрэмдэж тонож байгаагаар нь дуудаад л… Энэ нь нэг хэсэг хүний ажлын хэмнэл болчихлоо, бүр монголын нийгмийн нэг хэсгийнхний хүлээж байдаг сэдэв болчихлоо. Сонгууль ойртох тусам Оюу толгой руу дайралт чиглэдэг. Өвлийн эхэн, хаврын эхэн сард Өмнийн говь, Оюу толгойн уурхайг чиглэн очиж жагсаж тэмцдэг ТББ, хэсэг бүлэг хүмүүс бий болоод удлаа. Тэдний энэ үйлдлийг “Өдрийн сонин” л лав дэмждэггүй. Оюу толгой бол Монгол дахь гурав дахь хөршийн байр суурь, тусгаар тогтнолын баталгаа, эдийн засгийн том урсгал, гадаадын хөрөнгө оруулалтын гайхамшигтай жишээ гэж үздэг учраас тэр. Тэгж л эх орны төлөө тэмцэх гээд байгаа юм бол Оросын мэдэлд байсан, тэдэнд хамаг ашиг орлогоо өгч, үе үеийн луйварчид ханаж цадахгүй цусалж ирсэн Эрдэнэт үйлдвэр дээр очиж жагсаж цуглаж, бузар булайг нь уудалдаггүй юм бэ. Тийм тэмцэл жагсаал ер нь болж байсан уу.

Шулуухан хэлье, Эрдэнэт үйлдвэр нь эртнээсээ өөрсдийгөө хамгаалах дархлаагаа, нөгөө талаас реклам сурталчилгаагаа Монголын нийгэмд гайхамшигтай хийж ирсэн газар. Наад зах нь 30 гаруй жилийн өмнө зохиогдсон “Эрдэнэтийн овоо өнгөтөй байна аа…” гэсэн дууг нь үе үеийнхэн бүгд мэддэг, дагаж дуулсаар өнөөдрийг хүрсэн байх юм. Үйл ажиллагаагаа, нийгмийн хариуцлагаа нийгэмд, ард түмэнд ойлгуулах сурталчлах ажилд тус үйлдвэр нь Монголын өдөр тумын сонин хэвлэл, мэдээллийн сувгуудыг гайхалтай ашигладаг, хамтарч ажилладаг. Энэ дэд бүтэц нь Эрдэнэт үйлдвэр халдашгүй дархан байх боломжийг бүрдүүлдэг. Тэгвэл яагаад Оюу толгойн үйлдвэр тийм биш байгаа юм. Ийм эмзэг, мөнхөд нийгмийн дайралтад өртөж, овоо хараанд нь байна. Анзаарч хар л даа. Оюу толгойн уурхайг эхэлсэн цагаас нь өнөөдрийг хүртэл дэмжиж яваа бидний бодлоор бол өнгөрсөн хугацаанд Оюу толгой нь монголчуудын хайрыг татсан уурхай, гадаадын хөрөнгө оруулагч болчих байлаа. Гэтэл тэгсэнгүй. Харинчиг зүхүүлэх нь улам их боллоо. Үүний шалтгааныг хэвлэл мэдээллийнхэн үзэхдээ, ерөөсөө Оюу толгойд ажиллаж байгаа монгол хүмүүсийн бэртэгчин зангийн үр дагавар гэж дүгнэж байна.

Оюу толгойн ТУЗ гэж бий. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас эхлээд Канадад Элчин сайд байсан Батсүх, за тэгээд цөөнгүй хүний нэрс тодорхой дурдагдана. Багабандийг сайн хэлдэг монгол бий бил үү. Алтан бүсийг нь хараад л зүхээд унадаг биз дээ. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Сүүлд нэг монгол охин ТУЗ-д нь орсон. Тэр охин лав монголоор зөв бичдэг гэдэгт итгэхгүй байна. Энэ охины жишгээр бол баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс л тус компанийн ТУЗ-д орох ёстой юм шиг байна. Хэвлэл мэдээллийнхэн бол тэгж бодохгүй байна. Харинчиг Монголын амьдралаа онцгой сайн мэддэг, энэ нийгмээс гарч ирсэн боловсрол мэдлэгтэй монгол хүмүүсийг Оюу толгойн ТУЗ-д оруулдаг болмоор байна. Аав ээж нь гадаадад Элчин сайд байсан, тэнд төрсөн, тэнд сургууль соёлоо дүүргэсэн, монголын тухай аав ээжийнхээ амнаас сонссон төдий мэдлэгтэй, англи хэлтэй, ази царайтай, монгол нэр овогтой “гадаад хүмүүс”-ийг Монгол дахь

гадаадын ганц том хөрөнгө оруулалт болох Оюу толгойн компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгомооргүй байна. Тэд Монголын талаар юу ч мэдэхгүй, харин Монголын нэрийн өмнөөс жилдээ доод тал нь 300 сая төгрөгийн цалин аваад сууж байна. Эндээс харахад Оюу толгой компанид ажиллаж байгаа, удирдлагын багт болон шийдвэрт нөлөөлөх түвшний бүх монгол

төрхтнүүд муу ажиллаж байна. Тэд Монгол Улсын төлөө өчүүхэн ч сэтгэлгүй байна. Тэдний туйлын хүсэл бол Оюу толгой компаниас авч байгаа 15-20 сая төгрөгийн цалингаа л бүтэн авч байх. Тэгэхийн тулд тэднийг хуурч ажиллах зарчимтай. Монголын тухай ойлгуулахдаа “Бүх асуудал ОКЕЙ байна. Болж байна, бүтэж байна” гэсэн ойлголтыг гадныханд өгдөг. Ер нь бол монголчуудтай ийм л түвшний харилцаатай байхад болно. Реклам сурталчилгаа, компанийн үйл ажиллагааг монголчуудад ойлгуулах шаардлага байхгүй гэсэн хандлагатай явж ирцгээлээ. Ийм эх оронч бус, бэртэгчин, амин хувиа бодсон байдалтайгаар Оюу толгойд ажиллаж, иймэрхүү монгол толгойнуудыг

Оюу толгойнхон ашиглаж байгаагийн үр дагавар нь энэ бүх эсэргүүцэл, жагсаал цуглаан юм. Сая та бүхэн тэр Оюу толгой компаниас гаргасан мэдэгдлийн утга агуулга, үзэл санааг харсан байх. Мөн ч өчүүхэн утгатай, үг үсэг найруулга харагдаж байгаа биз. Тэрхүү мэдэгдлийг мэдээж Оюу толгойн зүгээс авч ажиллуулж байгаа монгол толгой нар л бэлдсэн байх.

Мэдэгдэлд ингэж бичсэн байгаа юм “…олон жилийн дунджаар оны төгсгөлд осол, гэмтэл өсдөг тул ажилтнуудынхаа эрүүл мэнд аюулгүй ажиллагааг хангах зорилгоор уурхайн цогцолборт байрладаггүй ажилтнууд болон зочдын… гээд монголоор хэлэх юм бол уурхайд орох хөдөлгөөнийг хаасан юм шиг байна.

Ажилтнууд гэдэг бол уурхайн дарга нар юм. Ажиллагсад гэвэл огт өөр ойлголт. Шууд утгаараа бид захирлуудаа буюу дарга нараа хамгаалж байна гэсэн утга. Хандлага бол жижигдэхгүйгээр мэдрэгддэг зүйл. Ийм хандлагыг Оюу толгой компанид өндөр цалин авч, боломжийн албан хаагч хийж байгаа монгол хүмүүс л зохион байгуулж байна. Ийм монголчууд Оюу толгойн уурхайг Монголын нийгэмд зөвөөр ойлгуулах ажлыг завхруулдаг. Мэдээж тус компаниас мэдээлэл сурталчилгаанд зориулсан төсөв мөнгийг гаргаж байгаа. Түүнийг нь яаж зарцуулж байна гэхээр хэдэн сэтгүүлч цуглуулж мэдээлэл хийгээд, хоолны мөнгө тараачихдаг. Бусдыг нь өөрсдөө угаачихдаг. Угтаа бол редакциудад нь албан ёсны гэрээтэйгээр сурталчилгааны мөнгөө өгөөд явбал Монголын нийгмийн сэтгэл зүйд Оюу толгой аль хэдүйн зөвөөр ойлгогдчих байлаа.

Оюу толгой хамгийн том эдийн засаг, ийм л уурхайнуудыг олноор байгуулж, ийм л хөрөнгө оруулагчдыг хэдэн зуугаар нь Монголд оруулж ирмээр байна гэсэн үзэл санаа төлөвшчих байлаа. Монголын ард түмэн нийтээрээ алга ташаад сууцгааж байх байлаа. Гэвч тийм реклам сурталчилгааны эрүүл бүтцийг тус компанийн хэвлэл мэдээллийн алба хийж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд үсрээд л шинэ жилийн баярын хоолны рекламны дундуур цухасхан, наадмын бөх, морины уралдааны дундуур хальтхан “Оюу толгой” гэсэн бичиг үзэгдэх төдий сурталчилгаатайгаар явж ирлээ. Үүнд Монголын ард түмэн буруугүй. Харин Оюу толгойн авч ажиллуулж байгаа монгол толгой нар, Оюу толгой компанийн хэвлэл мэдээллийн албаны хүмүүсийн амин хувиа бодсон сэтгэхүй л буруутай. Шулуухан хэлэхэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шударгаар, зарчмын дагуу хамтарч ажиллахад хагас жилийн дараа Оюу толгой бол Монголын эдийн засгийн аврал юм гэдгийг монголчууд ойлгох болно. Монголчуудын хамгийн сайн найз нөхөр нь Оюу толгой компани болно.

Б.Нямаа

One reply on “Оюу толгойн авч байгаа монгол толгой нарыг харахаар “ээ хөөрхийдөө” гэсэн бодол төрөх юм DNN.mn”

ОТ бол Рио Тинтогийн зууны луйвар шүү. Яаж ч тайлбарлаад нэмэргүй ээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *