Categories
мэдээ эдийн-засаг

Геологийн төв лабораторийн захирал О.Даваасамбуу үе үеийн удирдлагууд болон шинэхэн гавьяатуудаа хүлээн авч уулзлаа DNN.mn

Уул уурхайн салбар дахь Монгол төрийн “нүд, чих” гэгддэг Геологийн төв лабораторийн 65 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн өдрийг угтаж лабораторийн захирал О.Даваасамбуу үе үеийн удирдлага болон гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Лабораторийн захирлын өрөөний голд байрлах модон бор ширээг тойрч суугаад хуучны дурсамж, салбарынхаа талаар хөөрөлдөх тэд энэ жил дөрвөн Аж үйлдвэрийн гавьяаттай болсон талаараа олзуурхан ярьж байлаа.
Геологийн төв лабораторийн захирал О.Даваасамбуу: “Монгол Улсын газрын хэвлийн мэдээллийг бий болгох, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдол бүхий түүхий эд, эрдэс баялгийг нээн илрүүлэх, түүний нөөцийг тогтоох, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон улсын түвшинд гурван стандартаар магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, шинжилгээний үр дүнгээр бид хангаж ирсэн. Бидний амжилтын үр дүнд манай салбар Монгол Улсын хөгжлийн чиг баримжаанд өөрчлөлт оруулж, өнөөдөр улсын төсвийн орлогын 30 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлэгч эдийн засгийн тулгуур салбарын хэмжээнд хүрсэн.
Мөн олон улсын лабораториудтай өрсөлдөхүйц хэмжээний дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн лаборатори болж чадлаа. Энэхүү түүхэн хөгжлийн хуудсыг бүтээхэд өөрийн мэдлэг чадвар, ажил үйлс, сэтгэл зүрхээрээ хувь нэмрээ оруулсан үе үеийн инженерүүд, ажилтнууд, удирдлагууд болон аж үйлдвэрийн ууган гавьяат болох Ө.Доржханд болон шинэхэн дөрвөн гавьяатуудаараа бахархаж байна. Манай лабораториос энэ жил нэг дор дөрвөн гавьяат төрсөнд бидний хувьд ихээхэн баяртай үйл явдал боллоо” хэмээв.
Геологийн төв лабораторийнхны магнайг тэнийлгэж нэг жил нэг байгууллагаас төрсөн дөрвөн гавьяат бол О.Доржренчин, Б.Батжаргал, М.Пүрэв-Очир, Г.Бат-Эрдэнэ нар юм. Аж үйлдвэрийн шинэхэн гавьяат О.Доржренчин гуай бол энэ л лабораторид амьдралаа зориулсан нэгэн. Тэрбээр 1967 онд Эрхүүгийн Их сургуулийн химийн ангийг төгсөж ирээд Геологийн төв лабораториос ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өдгөө тэтгэвэртээ суусан ч шинэ залуу мэргэжилтнүүд зөвлөгөө, туслалцаа хүсвэл лаборатори дээрээ хэдийд ч гүйгээд ирэхэд бэлэн хэмээн уулзалтын үеэр хэлж байв. Тэрбээр мэргэжлийнхээ талаар “Мэс заслын үр дүн ямар болсноос тухайн өвчтөний алтан амь яригддаг. Тэгвэл геологичийн судалсан газар тухайн илэрц байгаа эсэх, тэр нь орд болох эсэх, хэрвээ орд бол чухам ямар найрлага агуулгатай вэ гэдгийг бидний хийсэн шинжилгээ тодорхойлдог. Эрдэнэт, Оюу толгой шиг том ордоор жишээлж яривал, 0.1 хувиар алдаа гаргахад л нөөц бодоход маш том нөлөө үзүүлдэг. 0.1 хувиар багасгачихвал том ордын нөөцийг бууруулах асуудалд хүргэнэ. Харин өсгөчихвөл дэндүү их нөөцтэй орд гэдэг хоосон төсөөлөл өгнө. Тиймээс бидний мэргэжил бол улс орны эдийн засагт зөв мэдээлэл өгөхийн тулд алдах эрхгүй мэргэжил. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, тэр дундаа гадаад руу экспортолж байгаа бүтээгдэхүүний ихэнх хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Бидний ажлын үр дүн, геологич нөхдийн олсон ордын дээж гадныхны сонирхож байгаа элемент нь хэдэн хувийн агуулгатай, ямар найрлагатай байгааг манай лабораторийн инженер техникийн ажилчид гаргаж өгдөг. Тиймээс бид эрдэс баялгийн салбарыг чухам үнэн зөв үр дүнгээр хангах үүргийг хүлээж ирсэн лабораторийн түүхийн 65 жилийн турш бид энэ л үүргээ хангалттай биелүүлж ирлээ” хэмээн ярив.
Харин Г.Бат-Эрдэнэ гавьяат хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн дээр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг цолоор шагнагдсандаа туйлын баяртай байгаа. Төр засгаас геологийн салбарт ажилласан ажлыг минь үнэлж энэ том шагналыг хүртээлээ гэж ойлгож байна. Миний ажиллаж байсан он жилүүдэд Геологийн төв лаборатори маань олон улсын түвшинд итгэмжлэгдсэн төдийгүй нөхдийнхөө хамт хамтарч ажиллаж одоогийн орчин үеийн лабораторийн түвшинд хүргэсэнд бахархдаг аа. Ер нь Геологийн төв лаборатори гэдэг бол улс орны хэмжээнд геологийн судалгаа шинжилгээний хувьд маш их чухал объект юм. Монгол Улсын нутаг дэвсгэр геологийн 1:50.000 зураглалын ажил нь одоогийн байдлаар дөнгөж 40 гаруйхан хувьтай явагдаж байна. Үүний зэрэгцээ 60 хувь нь нарийн судлагдаагүй байгаа энэ үед Геологийн төв лабораторийн үүрэг маш их” гэв.
1975 онд Геологийн төв лабораторид дагалдангаас эхлээд инженер, инженерээс тасгийн дарга, орлогч дарга, орлогч даргаас лабораторийн захирал болж, 22 жил энэ айлын бодлогыг зангидаж явсан хүн бол Б.Батжаргал захирал. Тэрбээр “Геологийн төв лаборатори бол өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил, эдийн засагт асар их хувь нэмэр оруулж ашигт малтмалын ордыг нээж илрүүлэх, түүний нөөцийг тогтооход үнэмлэхүй амжилт гаргасан байгууллага. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологийн тандан судалгаа 1:200.000, 1:50.000 зураглал, эрэл хайгуулын гээд энэ бүх ажилд манай лаборатори 65 жилийн турш зүтгэж ирсэн. Үүний хүчинд Монголд олон арван орд газар нээгдэж, уул уурхай өндөр хөгжиж, дэлхийн тэргүүлэх уул уурхайн салбарыг бий болгож чадсан. Цаашид ч эрч хүч нь буурахгүй.
Монголын геологи уул уурхайн салбар дэлхийд ноёлох цаг маш ойрхон байгаа. Монгол бол маш их байгалийн баялагтай улс. Энэ баялгийг судлахад төр өөрийнхөө нүдээр харж, чихээр сонсох ёстой. Төрийн тэр “нүд, чих” нь Геологийн төв лаборатори. Тиймээс энэ лабораторийн үйл ажиллагааг зогсоох биш өргөжүүлэх ёстой. Бие даасан байдал гэдэг бол дэлхийн хэмжээний маш чухал асуудал. Бие даасан хараат бус байдлыг дэлхий эрхэмлэдэг. Бие даасан хараат бус лабораторийн гаргасан үр дүнг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Түүнээс хэн нэгэн, ямар нэгэн байгууллагын харьяа лабораторийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй. Бид төрийн нэрийн өмнөөс шинжилгээ хийдэг. Бид олон жил Оюу толгойд хяналтын шинжилгээ хийж байна. Оюу толгойн баяжмалаас АМНАТ тооцож байгаа. Энэ үр дүнг Геологийн төв лаборатори гаргаж өгдөг. Геологийн төв лабораторийн үр дүнг дэлхий хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид үр дүнгээ бие даасан хараат бус гаргах ёстой. Хэрвээ нэг байгууллагын харьяанд байвал үүнийг дагаад нөлөөнд орох эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Геологийн төв лабораторийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үе үеийн төлөөллүүд олон арван жил хөдөлмөрлөсөн. Үүнийхээ үр дүнг гаргачихсан. Гэтэл өнөөдөр энэ үр дүн талаар болж байгаад харамсалтай байна. Геологийн салбар олон удирдлага, олон толгойтой болж байна. Геологийн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нэг байгууллага ажиллах ёстой. Тэр байгууллага нь ирэх 5, 10 жилд ямар судалгааны ажлыг хаана төвлөрүүлэх ёстой вэ гэдгээ шийдэж байх ёстой” хэмээн ярьж байв.
Мөн энэ үеэр Физикийн ухааны доктор, Геологийн төв лабораторийн захирал асан Н.Тэгшбаяр “Өнөөдөр уулзалтад ГТЛ-ийн төрөн гарсан 4 гавьяат маань, мөн лабораторийн үе үе удирдлагууд ирсэн байна. Геологийн төв лаборатори бол эрдмийн уурхай юм. Манай лабораториос олон эрдэмтэн төрсөн. Тэрний нэг нь би болж энэ л лабораториосоо физикийн ухааны доктор болсноороо бахархдаг. Геологийг төв лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори бөгөөд АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар стандарт загвар үйлдвэрлэгч, Ур чадварын сорилт зохион байгуулагч, олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны байгууллага юм. Би захирал байхдаа Ази Номхон далайн бүсийн хэмжил зүйн хөтөлбөрийн гишүүн болгож байсан. Ер нь бол ийм гайхамшигтай газар даа” гэсэн юм.
Р.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *